Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 205

 

Б.От-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мө-, түүний өмгөөлөгч М.Эн-, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 578 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181 дүгээр магадлалтай 201626023148 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.От-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мө- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Б.От- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д заасан “Онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.От-т 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 болгон өөрчилж, Б.От-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.От-ын цагдан хоригдсон 359 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт  зааснаар Б.От-аас 9.359.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мө-т олгож, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мө-, шүүгдэгч Б.От-, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн, Ж.Ганболд нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.От- гаргасан гомдолдоо “...Би хэрэг болох үед хэсэг зүүрмэглэж байгаад их дуу гарахаар нь эргээд харсан. Тэгээд охиноо дуудсан. Би талийгаачийг газар хэвтүүлээд хутгатай гарыг нь сугалсан. Охин орж ирэхэд араас нь Эн- гуай цуг орж ирсэн. Би цусыг тогтоох гээд чадаагүй. Удалгүй эмч, цагдаа нар ирсэн. Надад холбогдуулан шалгасан хэргийг шийдвэрлэхдээ бүрэн гүйцэд шалгаагүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад зөвхөн хохирогчийн талыг онцлон авч миний нотлох баримтыг үгүйсгэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг дахин хянаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мө- гаргасан гомдолдоо “Хүн амины хэрэг нь 8 жилээс дээш хорих ялтай хүнд гэмт хэрэг бөгөөд хөнгөрүүлж үзэх тодорхой нөхцөл шалтгаангүй тохиолдолд ялыг хөнгөрүүлэхгүй хаалттай дэглэмтэй хорих ангид ял эдлүүлдэг. Шүүгдэгч Б.От- нь биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, мөн хохирлыг төлж барагдуулаагүй байхад шүүх ялыг хөнгөрүүлээд зогсохгүй, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд Б.От-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эн- хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогчийн ар гэрээс уучлалт гуйгаагүй байхад шүүх нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж байгаад гомдолтой байгаа учраас хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсаны улмаас шүүгдэгч Б.От- нь амь хохирогчийн цээжин тус газар нь хутгалж амь насыг нь санаатайгаар хохироосон болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж маргадаг боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээр дээрх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна. Прокурорын зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээч дүгнэлтдээ амь хохирогч нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн учраас биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалтай байсан гэж дүгнэсэн. Гэтэл хэрэг гарах үед шүүгдэгч болон хохирогч нь архи, согтууруулах ундааг ижил түвшинд хэрэглэсэн байсан зэргээс харахад хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдалтай байсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Б.От-ын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.От-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мө- нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.От- нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1730 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 110 тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий Ц.Са-тай маргалдаж хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжинд нь хутгалж алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Б.От-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.От-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.От-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мө- нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 578 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.От-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мө- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН