| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/02 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/02
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгч Ц.Түвшинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Ц.Түвшинбатад холбогдох эрүүгийн 2331000000173 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Болд Төмөр Ерөө гол” ХХК-д ахлах тогооч ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Гарден рсиденс 76 дугаар байрны 169 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Боржигон Цагаан ургийн овогт Цагаан-Өвгөний Түвшинбат, РД: /КЮ86081977/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Түвшинбат нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ий гал тогооны байранд угаагч ажилтай Х.Цэвээндарийг “Эртхэн орж ирж хоол хийхэд тусалсангүй” гэж уурлан харилцан маргалдаж байх явцдаа нүүрэн тус газарт нь төмөр хавчаар шидэж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Түвшинбат мэдүүлэхдээ: ...2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн хоолны үеэр ширхэгийн хоолтой байсан ба угаагч нар орж ирж тусалдаг юм. Гэтэл Цэвээндарь хоцорч орж ирчихээд ажлаа хийхгүй яваад байхаар нь би ажлаа хийгээч гэхэд урдаас хэрэлдэж намайг хэл амаар доромжлохоор нь, нүүр лүү нь цохисон, хуушуур харьдаг төмөр гараас хальтираад цохигдчихсон юмаа. Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг төлнө. Одоогоор ажилгүй байгаа тул хохирлыг төлж чадахгүй байна... гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Цэвээндарийн 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн: "... 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би ээлжийн дагуу өглөө 07-14 цагийн хооронд ажил дээрээ ажилтай байсан. Ингээд 15 цагийн орчимд амралтын цагаараа ажлын газрын доод талд байдаг "Голомт банк"- руу ажил хөөцөлдөхөөр очоод жаахан удаад 17 цаг өнгөрөөд ажил дээрээ очиход манай ажлын газрын Одко, Төвшөө, Эрдэнэтуяа, Жагаа гэх хүмүүс нэг шил архи гаргацан уугаад сууж байсан. Намайг ороход надад тухайн архинаас хийж өгөхөөр нь би гурван удаа уусан. Ингээд би орой ажилтай учраас амралтын өрөөндөө орж амарч байгаад орой 22 цагт ажилдаа ороход гал тогооны өрөөнд ахлах тогооч Түвшинбат хуушуур хайраад, тогооч Шүрэнцэцэг, Бооёо нар нь хуушуур элдээд байж байсан. Би гал тогоо руу ороод нэг аяга цай уугаад 5 орчим минут болж байхад ахлах тогооч Түвшинбат нь надад хандаж ахын дүү хэлэх ярих юм байвал хэлээрэй гэхээр нь та одоо юу яриад байгаа юм бэ, ууж идсэн юм бол эрүүлдээ хэлээрэй, уусан юм аа зөв шингээгээрэй гэсэн чинь миний урдаас “та нар их том болжээ, дуугай бай, давраад байгаарай, бацаанууд урдаас юм ярьдаг болчиж” гэж хэлээд хуушуурны хавчаар төмрийг над руу шидчихсэн. Тухайн шидсэн хавчаар нь миний нүүр рүү оноход манас хийгээд, нүүрнээс цус гоожоод эхэлсэн. Тэгсэн чинь ахлах тогооч Түвшинбат ирээд намайг түлхээд унагаасан. Ингээд миний нүүрнээс цус гарахад манай ажилчид намайг миний амралтын өрөө рүү оруулсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Эрдэнэтуяагийн 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн: "... Орой 22 цагийн үед амарч байхад Шүрэнцэцэг гэх хүн амралтын байранд орж ирээд сэрээгээд ахлах барьж байсан юм аа шидээд Цэвээндарийн нүүрийг оночихлоо, нүүрийг нь гэмтээчихлээ гэж хэлсэн. Ингээд доошоо гал тогооруу буухад Цэвээндарь газарт хоёр хөлөө жийгээд сууцан уйлаад байж байсан. Тухайн үед нүүрний баруун талаас нь цус гарсан гараараа дарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.Одгэрэлийн 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн: "... Би энэ талаар мэдэхгүй байна. Орой 22 цагийн орчимд амарч байхад манайхны нэг нь хаалга тогшоод нөгөө Түвшөө чинь юм авч шидээд Цэвээндарийг оночихлоо, болохоо байлаа манайхаан доошоо буугаарай гээд доошоо буусан чинь Цэвээндарь шалан дээр сууцан уйлаад, нүүрнээс нь цус гараад сууж байсан. Харин Түвшинбат тогооны хажууд зогсож байгаа харагдсан. Тухайн үед би сандраад өрөөнөөсөө орж утсаа аваад эмчийн дугаарыг хайсан. Ингээд хайгаад олж чадахгүй удаад төв деспичер рүү залгаад болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд удалгүй эмч болон хүний нөөц бусад хүмүүс ирсэн. Улмаар эмнэлэгт очиж нүүрэндээ косметик оёдол тавиулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Шүрэнцэцэгийн 2023 оны 07 дугаар сарын 25-нд өгсөн: "... Түвшинбат нь Цэвээндарьд хандаж “эрт орж ирээд хуушуур хийлцэхгүй, эд нартаа туслахгүй” гэж хэлэхэд Цэвээндарь “миний орж ирэх цаг 22 цаг, хийдэг юм аа хийгээд цагтаа орж ирж байна аа” гэсэн. Тухайн үед би хоол халаадаг сав авахаар хойд өрөө рүү орсон болохоор яг юу гэж хоорондоо ярьсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг эргээд орж ирэхэд Түвшинбат руу Цэвээндарь “та яагаад над руу дайраад байгаа юм бэ” гэж байсан. Гэтэл Түвшинбат Цэвээндарь руу хуушуур хайрч байсан хавчаараа аваад шидчихсэн. Тэгээд Түвшинбат Цэвээндарь руу очоод цохисон уу, түлхсэн үү сайн мэдэхгүй байна, Цэвээндарь хойшоогоо унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-05 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 96-97, 178 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Түвшинбат нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн гал тогооны байранд угаагч ажилтай Х.Цэвээндарийг “Эртхэн орж ирж хоол хийхэд тусалсангүй” гэж уурлан харилцан маргалдаж байх явцдаа нүүрэн тус газарт нь төмөр хавчаар шидэж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Ц.Түвшинбатын өгсөн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Цэвээндарийн өгсөн мэдүүлэг, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Эрдэнэтуяагийн 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.Одгэрэлийн 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Шүрэнцэцэгийн 2023 оны 07 дугаар сарын 25-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1065 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: 1. Х.Цэвээндарийн биед баруун хоншоорын хөндийн өмнөд хананд хамар, ясны баруун хажуу ханыг хамарсан нийлмэл цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн, зүүн хажуу хананд сэлтэрсэн хугарал, баруун зовхинд шарх, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн шуу, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зулгаралт, хоёр зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 163-177 дугаар хуудас/, зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд,
Мөн шүүгдэгч Ц.Түвшинбат нь би хохирогч Х.Цэвээндарийг нүүр лүү нь цохисон, хуушуур хайрдаг төмөр гараас халитарч цохигдсон гэж мэдүүлж байгаа боловч шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдаж,улмаар шүүгдэгч Ц.Түвшинбат нь эхлээд хуушуур хайрдаг төмрийг шидэж, араас нь очиж цохиж байгаа үйлдэл зэргээр шүүгдэгч Ц.Түвшибат үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Түвшинбатын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Түвшинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогчийн өмгөөлөгчөөс ... Шүүгдэгч Ц.Түвшинбатын үйлдсэн хэргийн зүйчлэлийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа, учир нь шүүгдэгчийн нүүр лүү хуушуур хавчдаг төмөр шийдээд, хохирогчийг нүүрээ дараад суух тэр үед буюу бие хамгаалах чадваргүй болсон үед дахин зодож байгаа үйлдлээс харахад энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Ц.Түвшинбатын үйлдэл хэргийн нотлох баримт болох камерын буюу сиди бичлэгээс үзэхэд хохирогч руу төмөр шидээд л шууд араас нь очиж цохиж байгаа үйлдэл нь харагдаж байгаа ба биеэ хамгаалж чадахгүй нүүрээ дараад сууж байхад нь дахин очиж цохиж зодсон үйлдэл нь нотлогдохгүй байна. Иймд хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Түвшинбат нь гэм буруугийн хувьд улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Х.Цэвээндарь болон түүний өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Түвшинбатаас “Синдерелла клиник” ХХК эмнэлэгт сорви арилгах бүрэн эмчилгээ хийлгэх 3,259,000 төгрөг, мөн “Төгс ялгуун” эмнэлэгт 380,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэх, зодуулсны улмаас хийлгэсэн эмчилгээний зардал 1093.000 төгрөг, замын зардал 244.500 төгрөг, хүнээс зээлсэн 2,000.000 төгрөг, бүгд 6,976.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Түвшинбатаас эмчилгээний зардал 1,093.000 төгрөг, мөн “Төгс ялгуун” эмнэлэгт эмчилгээ хийлгэх 380.000 төгрөг, замын зардал 244.500 төгрөгийг бүгд 1,717.500 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Цэвээндарьд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Х.Цэвээндарь нь “Синдерелла клиник” ХХК эмнэлэгт сорви арилгах бүрэн эмчилгээ хийлгэх 3,259.000 төгрөг, мөн бусдаас зээлсэн гэх 2,000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтыг бүрдүүлж, эмчилгээ хийлгэсэн баримтаа хавсаргаж нэхэмжлэхээр хэлэлцэхгүй орхиж, энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдвэл холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ц.Түвшинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ц.Түвшинбат гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Түвшинбатад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас... Шүүгдэгч Ц.Түвшинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эмэгтэй хүний бие эрхтэн, гоо сайханд хүндэвтэр хохирол учруулсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш эмчилгээний зардал, хохирол төлөөгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Түвшинбатад оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Ц.Түвшинбат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ц.Түвшинбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон Цагаан ургийн овогт Цагаан-Өвгөний Түвшинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаан-Өвгөний Түвшинбатыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Түвшинбатад оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Түвшинбат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Түвшинбатаас 1,717.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Цэвээндарьд олгосугай.
6.Хохирогч Х.Цэвээндарийн нэхэмжлэлээс 5,259.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, цаашид эмчлэгдэх зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ц.Түвшинбатын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ