| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/02760/И |
| Дугаар | 101/ШШ2020/03548 |
| Огноо | 2020-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2020/03548
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А.Ү,
Хариуцагч: Х. нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 28,215,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагч А.Ү-, Х.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А- 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 4 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд А.Ү-, Х.С- нарт 56,647,000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар хүү нь 8,568,000 төгрөг болсныг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Дээрх баримтыг үйлдэхэд Б.А- нь өөрийн дансны хуулгыг тулгаж тооцоо нийлээгүй сүүлд өөрийн дансны хуулгаа авч үзэхэд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Х.С-д 2,800,000 төгрөгийг, А.Ү-ад 5 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг, 6 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 6 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөгийг 6 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг А.Ү-ад, 7 дугаар сарын 19-ний өдөр 170,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Талууд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад дурдагдсан 52,945,900 төгрөг дээр дээрх дансаар шилжүүлсэн мөнгийг нэмж тооцож үзэхэд нийт зээлдүүлсэн мөнгөний дүн 65,215,900 төгрөг байгаа үүнээс 37,000,000 төгрөгийг төлсөн. Хүү яагаад нэхэмжлээд байна вэ гэхээр Б.А- мөнгө асуух тоолонд өөр хүмүүсээс хүүтэй мөнгө авч зээлдүүлж байсан. Тэгэхээр хүү авах эрхтэй гэж үзсэн. Одоо үлдэгдэл 28,215,900 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд А.Ү-, Х.С- нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Ү- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.А-ын нэхэмжилсэн 28,215,900 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Учир нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн актан дээр миний бие гарын үсэг зураагүй болно. Нотлох баримт болж чадахгүй. Б.А- хамтран ажиллах яриа хэлцэлтэй ажиллах хугацаандаа 44,337,900 төгрөгийг өгч байсан ч буцаагаад биднээс 2018 оны 3 дугаар сарын 20-нд өөрийн Хаан банкны ******* дансаар хонь авчирч өгөөд ашгаа хувааж өгнө гэсэн хэлцэл хийж Б.А--ийн дансаар 30,000,000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр А.Ү- миний Хаан банкны ******* тоот данснаас 7,000,000 төгрөгийг тус тус аваад буцааж хонио ч өгөөгүй мөнгийг Б.А-ад өр төлбөртөө шингээж суутгаж авсан. Б.А- өнөөдрийг хүртэл бидэнтэй уулзаж ярилцаагүй явсаар баахан зээлийн хүү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.корномирус гарсан энэ хүнд хэцүү цагт ажил бизнес зогсож хүндэвтэр байгааг минь ойлгож Б.А-ын нэхэмжилж байгаа 20 орчим сая төгрөгийн хүүг шүүх байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Ямар нэгэн хэлцэл зээлийн гэрээ байгуулаагүй атлаа хүү, алданги гэж хаана ч байхгүй хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Х.С- шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.А- нь А.Ү-ыг байхгүй үед Х.С- эгчээ тооцоогоо дуусгая гээд манай оффис дээр ирсэн. Хамтран ажиллах жил хагасын хугацаанд утасны мөнгө, хөдөө явсан бүх зардлуудыг тооцоод, 44,377,900 төгрөг авсан байна гэж хүлээн зөвшөөрөөд, хүүний асуудлаа А.Ү-ыг байлгаж байгаад яръя гэсэн. Би гурван 7 хоногийн өмнө компанийн данснаас 30,000,000 төгрөгийг өгсөн байсан. Тэр 30,000,000 төгрөгийг тооцоо нийлсэн актаас хасаагүй талаар шүүхэд ирсэн баримтуудаас нь харж мэдсэн. Би А.Ү-ыг байхгүйд түүнээс итгэмжлэл аваад, энэ мөнгийг төлөх л ёстой юм байх гээд, эвлэрэх санал тавьж байсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь эвлэрээгүй. Би нягтлантайгаа хамт хуулгаа эргэж хараагүй. Гэтэл А.Ү- нь шүүх хуралдаанд ирж, шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжилж байгаа 28,215,900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн тайлбарыг хэлсэн. Бид хонь нь ирээд, эргэлтэд ороод мөнгө нь орж ирсэн бол мөнгөө төлөөд, ашгийг Б.А-ад өгнө гэсэн аман хэлцэл байсан. Б.А- нь амлалтаасаа ухраад, 37,000,000 төгрөгийг дансаар аваад, өрөө буцааж авч байгаа мэтээр тухайн бизнесийг таслан зогсоосон учраас ямар ч ашиг олоогүй. Хүү бодох үндэслэл байхгүй. Зээлийн гэрээг бидэнтэй байгуулж, хуулийн өмнө хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсээгүй гэж бодож байна гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Х.С-, А.Ү- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,215,900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч А.Ү- бид хамтран ажиллах гэрээний хэлцэл дээр хонь нийлүүлэхээр мөнгө авч байсан, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад хүү алданги нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлнө гэж,
Хариуцагч Х.С- бид мөнгө авч өгч байсан нийт 44,000,000 төгрөгөөс 37,000,000 төгрөгийг төлсөн. Бид хамтран ажиллах гэрээтэй байсан ч Б.А- гэрээнээс ухраад ажил ааш үргэлжлээгүй.Бидэнд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, хүү тооцох үндэслэл байхгүй гэж тус тус маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “тооцоо нийлсэн акт”-ыг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 65,215,900 төгрөг төлөхөөс 370,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 28,215,900 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгчээс хариуцагч нарт 44,377,900 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар мөнгийг хүлээн авсан талаар хэн аль нь маргаагүй.
Зохигчид тооцоо нийлсэн актад дурдагдсан мөнгийг хэдийгээр зээл гэж олгоогүй боловч хариуцагч нарт мөнгийг шилжүүлсэн, түүнчлэн өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн байдал зэрэг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “...гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр...” гэж зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байна.
Хариуцагч нар шүүхийн хэлэлцүүлэгт “бид Иран улсад хонь гаргахаар хэлцэл хийж хамтран ажилласан” гэж тайлбарлах боловч энэ талаар баримтаар нотолоогүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.А-аас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Х.С-ийн дансанд 2,800,000 төгрөг, хариуцагч А.Ү-ын Хаан банкны 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 6 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 6 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 999,000 төгрөг, 7 дугаар сарын 19-ний өдөр 170,000 төгрөг, нийт 12,270,000 төгрөгийг тус тус шилжүүлж байжээ. /хх-ийн 5-10 дугаар тал/
Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Тооцоо нийлсэн хуудас” –т хариуцагч нарт 44,377,900 төгрөг, хүү 8,568,000 төгрөг, үлдэгдэл 52,945, 900 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлж нэхэмжлэгч Б.А-, хариуцагч Х.С- нар гарын үсэг зурж, хариуцагч А.Ү- гарын үсэг зураагүй байна./хх-ийн 11 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Б.А- хариуцагч нарт мөнгө өгөхдөө өөр хүнээс хүүтэй зээлж өгч байсан, тооцоо нийлсэн актаар хариуцагч нар хүлээн зөвшөөрч байсан тул зээлийн хүү нэхэмжлэх эрхтэй” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан.
Нэхэмжлэгч хуульд зааснаар хариуцагч нартай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, өөр этгээдээс хүүтэй мөнгө авсан тул хүү тооцсон гэж тайлбарласан хэдий ч хуульд заасан шаардлага хангаагүй тул 8,568,000 төгрөгийн хүүг шаардсан нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь “Альфа инженеринг инвести” ХХК-ийн Хаан банкны ******* данснаас 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 30,000,000 төгрөг, хариуцагч А.Ү-аас 7,000,000 төгрөг нийт 37,000,000 төгрөгийг хариуцагч нараас авсныг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хариуцагч Х.С-д 2,800,000 төгрөг, хариуцагч А.Ү-ад 9,470,000 төгрөгийг шилжүүлсэн гэж нэхэмжилсэн. Зохигчдын тооцоо нийлсэн актад хариуцагч А.Ү-ын дансанд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 999,000 төгрөг, 7 дугаар сарын 19-ний өдөр 170,000 төгрөг нийт 4,639,000 төгрөгийг шилжүүлсэн тооцоо давхардсан байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар зохигчдын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн “Тооцоо нийлэх хуудас”-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 12,270,0000 төгрөгийн тооцоо дурдагдаагүй, 4,639,000 төгрөгийн тооцоо давхардсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 7,631,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Х.С-, А.Ү- нар нэхэмжлэгч Б.А-аас шилжүүлсэн 44,377,900 төгрөгөөс 37,000,000 төгрөгийг төлж үлдэх 7,377,900 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч нараас 7,377,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Олгонууд овогт А.Ү /рд: /, Сарлагтан овогт Х.С /рд: / нараас зээлийн гэрээний үүрэгт 7,377,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,838,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан улсын тэмдэгтийн хураамжид 132,996.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-ад олгосугай.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ