Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

 

     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Минжбадгар

Улсын яллагч   А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч   Б.Баатарцогт нарыг тус тус оролцуулан шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Армаг овогт Баттуяагийн Баатарцогтод холбогдох эрүүгийн 2331003890309 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар  сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч мэргэжилтэй, малчин, хөдөө мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Улаан бургас гэх газар хөдөө задгайд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Армаг овогт Баттуяагийн Баатарцогт

 

/РД: МЮ89101615/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баатарцогт нь 2023 оны 11 дүгээр сарыг 07-ны өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Улаан бургас гэх газарт хохирогч З.Цэрэндаштай адуу хөөлөө гэх шалтгааны улмаас маргаж түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баатарцогт мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  З.Цэрэндашийн ... 2023 оны  11 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед манай ерөнхий инженер Мөнхдорж гэх залуу өөрийн 99023342 дугаарын утсаар миний 99140644 дугаарын утса руу залгаад адуу замын ардаас чигээрээ урагшаа гараад айлын өвөлжөө хашаанд орчихлоо гэхээр нь Алтанбулаг сум руу GPS-нхээ байгаа газар луу Мөнхдорж, Дашзэвэг бид гурав ирсэн. Тэгээд GPS-н байрлалын дагуу нэг айлд ирсэн чинь тэр айлын хажуу хашаандаа байсан ба тус адуунд манай инженерийн GPS-тэй хар голтой хул гүү,  хул сарвай хамт хашигдсан байсан. Тэгэхээр нь бусад хаанаа байгаа бол гээд хашаагаар нь тойроод явж байтал гэрээс хүн гарч ирээд юун хулгайчууд вэ ална гээд орилсон. Тэгээд цаанаас нөгөө хүн чинь ямар нэг хашилтын файзнаас нэг ширхэгийг аваад далайгаад гүйгээд ирсэн. Тэгээд би цохиулахгүй тулд  барьж аваад бид хоёр ноцолдоод газарт унасан. Тэр залуу миний дээр гарч нүүр лүү хэд хэдэн удаа цохисон, цохилтоос болоод миний нүүр халцсан ба надтай хамт явж байсан хоёр хүн салгасан. Салаад зогсож байхдаа би тэр залууд бид энэ GPS-тэй адуу танай хашаан дотор чинь байна, хаана байна гэж асуусан. Гэтэл тэр залуу гэр оръё гэхээр нь би ганцаараа, тэр гэрийн эзнийг дагаад гэрт нь орсон чинь бас хоёр залуу гэрт нь байсан ба тэд намайг бас хэд хэдэн удаа цохисон. Энэ үед гэрийн эзний эхнэр болиулсан боловч дахин намайг цохисон. Энэ үед эхнэр цагдаа дууудаж, удалгүй цагдаа ирсэн. Гомдол санал гэх зүйл байхгүй, гэхдээ энэ залууст арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хх-н 09 дүгээр хуудас /,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Азжаргалын өгсөн...  Тэр өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал  манай гэрт гаднаас 3 залуу орж ирсэн. Тэгээд би босож нөхрөөсөө юун хүмүүс вэ гэхэд нөгөө гүүний эзэд байна гэж хэлсэн ба тэр хүмүүс ч бас гүүний эзэд байна гэж хэлсэн. Тэр гүү нь GPS-тэй юм билээ. Би тэр хүмүүст хандаж та нар гэрэлтэй байхад орж ирж адуу малаа асууж болдогүй юм уу, гадуур мал тараагаад гэж хэлсэн. Энэ үед ямар нэг хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. Харин гэрийн гадаа манай хүнтэй маргалдаж цохилцож зодолдсон юм билээ. Манай нөхөр тэр хүмүүсийг явсны дараа надад хэлсэн гэх мэдүүлэг  /хх-н 16 дугаар хуудас/

 

Сэлэнгэ          аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч С.Бүрэнжаргалын  2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 410 тоот  “...1. З.Цэрэндашийн биед  хөмсөг, хамар, уруул хэвлин хэсэгт  цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..."гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр  хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр хуудас/

Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дугаар хуудас/,

Захиргааны зөрчилт хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр  хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,

Байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 43 дүгээр хуудас/,

 зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Баатарцогт нь 2023 оны 11 дүгээр сарыг 07-ны орой  Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Улаан бургас гэх газарт хохирогч З.Цэрэндаштай адуу хөөлөө гэх шалтгааны улмаас маргаж түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Баатарцогтын  мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  З.Цэрэндашийн мэдүүлэг / хх-н 09 дүгээр хуудас /,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Азжаргал өгсөн мэдүүлэг  / хх-н 16 дугаар хуудас  /

Сэлэнгэ          аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч С.Бүрэнжаргалын  2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 410 тоот  “...1. З.Цэрэндашийн биед  хөмсөг, хамар, уруул хэвлин хэсэгт  цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. Уг гэмтэл нь шинээр үүссэн, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..."гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр  хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр хуудас/

Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баатарцогтийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Баатарцогтын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч З.Цэрэндашид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.Баатарцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Баатарцогт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Баатарцогтын үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч  З.Цэрэндаш нь гомдол саналгүй, гэхдээ энэ хүмүүст хуулийн дагуу аргах мжээ авахуулах саналтай байна гэж мэдүүлсэн ба эмчилгээ хийлгэсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч Б.Баатарцогтыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч  Б.Баатарцогтыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.Баатарцогт нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Баатарцогтын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Баатарцогтод  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч  Б.Баатарцогтыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.Баатарцогтын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Баатарцогт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.Баатарцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Армаг овогт Баттуяагийн Баатарцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Армаг овогт  Баттуяагийн Баатарцогтод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч  Б.Баатарцогтын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  Б.Баатарцогт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Баатарцогт нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНГӨНЦЭЦЭГ