Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2022/0013/З |
Дугаар | 109/ШШ2022/0017 |
Огноо | 2022-05-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 109/ШШ2022/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.А
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: Т.Ж нарын хоорондын “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П.Аыг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны 1 дүгээр сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.А нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П.Аыг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны 1 дүгээр сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч П.А нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “П.Аыг ажилд түр томилох тухай” Б/17 дугаар тушаалаар Төвшрүүлэх сумын Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаар түр томилогдож, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар жирэмсэн болон амаржсаны амралтыг 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд олгожээ.
3. 2021 онд тус аймагт Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчдын нэрс, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг гаргаж, уг жагсаалтын 7 дугаарт П.А Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзжээ. Улмаар дээрх тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож, хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж, сул орон тоог сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөх арга хэмжээ авахыг даалгажээ.
4. Ийнхүү Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Төвшрүүлэх сумын Нийгмийн даатгалын байцаагч П.Аыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
5. Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 тоот “П.Аыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа болно. Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ. Энд төрийн албаны шалгалт өгөөгүй тухай заалт байгаа. Гэхдээ эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа тул хууль зөрчсөн гэж үзэж байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 буюу энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.5, 80.1.6 дахь заалт болон аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх / ... /-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. буюу жирэмсний буюу амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг хадгалах гэсэн заалт зөрчигдсөн.
Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П.Аыг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2022 оны 1 дүгээр сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 0-3 настай эхийн ажлын байрыг хүүхэд 3 нас хүртэл хугацаанд хадгалах ёстой гэж үзсэний улмаас нэхэмжлэл гаргасан юм. Мөн төрийн албан зөвлөлийн тогтоолыг танилцуулж урьдчилсан байдлаар тайлбар хэлээгүй. Дарга над руу ярихдаа биеийн байдал асууж чиний оронд ажиллаж байгаа ажилтан төрийн албаны шалгалтандаа тэнцсэн, мөн тусгай шалгалтаа өгсөн гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Архангай аймгийн хэлтсийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 тоот тушаалаар амаржсан болон жирэмсний амралтыг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд олгох тухай шийдвэр гаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд “ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тухай” гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.
6. Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг Архангай аймагт ажиллан Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчдын томилгоонд хяналт шалгалт хийсэн. Тус хэлтсийн хяналт шалгалтаар П.Аыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төвшрүүлэх сумын байцаагчийн албан тушаалд төрийн албаны ерөнхий болон тусгай /тухайн албан тушаалд/ шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль журмыг зөрчин, хууль бусаар томилогдсон болохыг тогтоож Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 242 дугаар тогтоолыг гаргасан.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу П.Аыг хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тодруулбал, П.Аыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг тус тус зөрчин төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр тухайн албан тушаалд томидогдсон тул Төрийн албаны тухай хуулийн дагуу П.Аыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй тул Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон холбогдох хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн болно. Үүрэгт ажлаас чөлөөлөхөөс 7 хоногийн өмнө хэлтсийн дарга өөртэй нь утсаар ярьж мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй тэгвэл чөлөөл гэсэн хариу тайлбарыг хэлсэн байсан. Тушаал гараад 7 хоногийн дотор Төвшрүүлэх сумын Нийгмийн даатгалын байцаагч Т.Жд хүргүүлсэн. Тушаал гарснаас хойш сарын дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр эгч нь гэх эмэгтэй хэлтэс дээр өргөдөл авч ирж өгсөн. Өргөдлийн хариуг бичгээр болон утсаар өгч болох тул хэлтсийн дарга өөртэй нь ярьж ойлгуулахад би хүлээн зөвшөөрөхгүй ээ шүүхдэнэ, төрийн албаны зөвлөлд ч хандана гэдэг хариуг өгсөн гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.А нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч албан тушаалд томилогдохдоо ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй томилогдсон. Энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 242 тоот тогтоолоор хууль бус томилгоо гэж үзэж шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай гэсэн удирдамж, тогтоол ирсэн. Энэ дагуу П.Аыг чөлөөлсөн. Төрийн албан зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилогдсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий этгээд хүргүүлэх тухай мэдэгдэл ирсэн. Үүний дагуу нийгмийн даатгалын хэлтэс нь тогтоолын хэрэгжилтийг хангаж П.Аыг ажлаас чөлөөлсөн. П.А ажиллаж байх хугацаандаа төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтдаа тэнцэх боломжтой байсан. Манайхаас буцаан ажилд нь томилох боломжгүй. Төрийн албаны зөвлөлийн ирүүлсэн тогтоолын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байгаа гэв.
8.Гуравдагч этгээд Т.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Ж миний бие 1996 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн. Миний бие 2019 онд Мандах их сургуулийг Нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэй төгссөн. Миний хувьд төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн бүртгэлтэй байсан. Төвшрүүлэх суманд ажиллаж байсан Ж.М байцаагч өөрийн хүсэлтээр Хашаат суманд шилжин ажиллах болсныг мэдээд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргатай уулзаж анкетаа өгсөн. Ажлын байрны шаардлага хангасан тул миний бие 2021 оны 11 дүгээр сард томилогдон ажилласан. Би Архангай аймагт ажиллах хүсэлтэй байсан тул аймгийн орлого шимтгэлийн байцаагчийн сул орон тоо дээр тусгай шалгалт өгч тэнцэж аймагт ажиллах болсон ч ар гэрийн асуудлаас үүдэн Төвшрүүлэх суманд томилж өгөхийг хүсэн 2021 оны 12 дугаар сард Төвшрүүлэх сумын Нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажиллаж байна гэжээ.
9.Гуравдагч этгээд Т.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2021 онд Төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцээд нөөцөд хамрагдсан. Миний өмнө ажиллаж байсан Ж.М байцаагч Хашаат сум руу шилжин ажиллах болсон. Ингээд дээрх сул орон тоо байсан учраас ажлын байрны шаардлагыг хангасан тул ажилд түр томилогдсон. Би хувьдаа аймагт ажиллах хүсэл сонирхолтой байсан. Тэгээд аймгийн орлого зарлагын байцаагчийн тусгай шалгалт зарлагдсан байхаар нь өгч тэнцээд томилогдсон боловч аав минь нас барж ээж минь ганцаараа үлдсэн юм. Тийм учраас ээжтэйгээ ойр байхын тулд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын байцаагчаар томилж ажиллуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар хүсэлтийг хүлээн авч 2021 он 12 дугаар сараас Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажиллаж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүхэд иргэн П.Аоос Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П.Аыг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, 2022 оны 1 дүгээр сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” гэж ихэсгэсэн байна.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
Маргаан бүхий Б/59 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:
3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын хувьд, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсэг Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 10.1.2.-т “төрийн захиргааны албан тушаал” гэж заасан. Улмаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэгт Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.8.-д хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж заасан төрийн захиргааны албан тушаал байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2 дахь хэсэгт зааснаар тус албан тушаалтныг төрийн жинхэнэ албан хаагч гэж ойлгохоор байна.
4. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Б.Ныг Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, санхүү бүртгэлийн тасгийн орлого, шимтгэлийн байцаагчаар томилжээ. Улмаар П.Аыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “П.Аыг ажилд түр томилох тухай” Б/17 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төвшрүүлэх сумын байцаагчийн ТЗ-5 дэс түшмэл шатлалын албан тушаалд түр томилсон байна. /х.х-н 37, 49-52, 87/
5. Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан тушаалд “түр” нэрийн дор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөлгүйгээр тухайн албан тушаалд томилогдон ажиллах хууль зүйн үндэслэл, боломжгүй байна.
6. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн нөхцөлд л мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл буюу аль төрлийн албан тушаалын чиг үүргийг ямар албан тушаалтнаар, орлон гүйцэтгүүлэх журмыг хуульд тодорхой заасан. Маргаан бүхий энэ тохиолдол Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Н тухайн албан тушаалаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилогдсоноор Төвшрүүлэх сумын Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд сул орон тоо /2019.03 сар/ бий болсон байна. Гэтэл П.А нь Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах нөхцөл, шаардлагыг хангаагүй бөгөөд түр орлон гүйцэтгэж ажиллаагүй, харин тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тушаал, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаал, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
7. Нэхэмжлэгч П.Аын хувьд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд хэдийгээр түр томилсон талаар тушаалд заасан байх боловч төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох тохиолдолд тавигдах Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3 дахь хэсэгт заасан зохицуулалт болон төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг тус тус зөрчиж томилогдсон болох нь хавтаст хэрэг авагдсан Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг холбогдох баримтаар тогтоогдож байна. /х.х-н 45 /
8. Нэхэмжлэгч П.Аыг анх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчин хууль бусаар томилогдсон болохыг тогтоож Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар тогтоол гарсан байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар тогтоол гарч Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчдын нэрс, албан тушаал, шийдвэрийн жагсаалт /хавсралт 11/-д зааснаар чөлөөлөх үүргийг өгсөн байна. /х.х-н 41-42/
9. Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5., Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар тогтоолыг үндэслэн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагч П.Аыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Дээр дурдсан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж маргаан бүхий Б/59 дүгээр тушаалаар нэхэмжлэгч П.Аыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 4.4. дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.” гэж заасан. Иргэн төрийн жинхэнэ албаны төрийн захиргааны албан тушаалд томилохтой холбоотой тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдах үндсэн шаардлага, шалгуур, нөхцөлийг тухайлсан хууль болох Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шалгалт өгч байж төрийн жинхэнэ албанд томилогдон ажиллах талаар нарийвчлан заасан.
11. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргах болсон үндсэн шалтгаан нь тухайн албан тушаалд томилогдох үндсэн шаардлага, нөхцөлийг хангаагүй ажиллаж байсныг Төрийн албаны зөвлөлөөс шалган тогтоож, заавал биелүүлэх үр дагавар бүхий шийдвэрийг гаргасантай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж урьд гаргасан алдаагаа залруулж нэхэмжлэгчийг маргаан бүхий актаар ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимтай нийцэж байна.
12. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэж заасны дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд иргэн П.Аыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар томилохдоо Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчин хууль бусаар томилогдсон гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, төрийн албанд томилогдох харилцаанд хамаарах тухайлсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн шийдвэрээ хариуцагч захиргааны байгууллага залруулан маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 01/351 дүгээр албан бичгээр “ ... Та Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг тус тус зөрчин төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөлгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон байх тул Таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй. Цаашид Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт өгч төрийн жинхэнэ албаны нөөцөөс тухайн албан тушаалын сул орон тооны нээлттэй сонгон шалгаруулалтад /тусгай шалгалт/ оролцох боломжтой ...” гэх хариуг нэхэмжлэгч П.Ат өгч байсан болохыг дурдах нь зүйтэй. /х.х-н 14/
14. Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан тайлбартаа “ ... төрийн албаны зөвлөлийн 2021 оны 242 дугаар тогтоолыг би хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэг Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална: 60.1.3.-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй”, 135 дугаар зүйлийн 135.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. ....” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.
15. Маргаан бүхий энэ хэргийн тухайд нэхэмжлэгч П.Аыг анх тухайн албан тушаалд томилохдоо холбогдох хууль, журмын зохицуулалтыг зөрчсөн, улмаар энэхүү зөрчлийг арилгах зорилгоор Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Дээрх үйл баримтаас үзвэл төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой уг харилцаа нь Төрийн албаны тухай хууль, түүнд холбогдох журмаар зохицуулагдана. Нэхэмжлэгч П.А нь маргаан бүхий албан тушаалыг хууль заасан журмын дагуу жинхлэн болон түр орлон гүйцэтгэж ажиллаж байгаагүй тул төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан нэмэлт баталгаагаар хангагдах боломжгүй ажээ.
16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.А нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд хууль заасан журмын дагуу сонгон шалгаруулалтын зарчмаар томилогдон ажиллаж байгаагүй, түүнийг хууль зөрчиж томилсон болохыг эрх бүхий этгээд тогтоосон, нэхэмжлэгч өөрөө дээрх нөхцөлтэй маргаагүй бөгөөд тухайн албан тушаалыг эрхлэх хууль ёсны этгээд биш болох нь тогтоогдсон энэхүү нөхцөлд хуулиар олгосон бусад баталгаа /ажлын байрыг хэвээр хадгалах г.м/ -г эдлэх эрхтэй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мэдэгдэх, сонсох ажиллагааны тухайд,
17. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” 27 дугаар зүйлийн 27.4. дэх хэсэг Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.4.-т “утсаар санал авах” гэж зааснаар хариуцагч сонсох ажиллагааг явуулж, санал, тайлбарыг авсан гэж үзэх үндэстэй байна.
15. Хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч нь утсаар ярьсан тэмдэглэл үйлдээгүй байх боловч, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч иргэн П.Аыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс 7 хоногийн өмнө утсаар ярьж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэж санал, тайлбараа гаргах боломжийг олгосон болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар зэргээр тогтоогдож байна. Тодруулбал нэхэмжлэгч П.А нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан: “ ... дарга надтай утсаар ярьсан нь үнэн. Төрийн албаны зөвлөлийн тогтоол ирсэн, шалгалт өгөөгүй бол чөлөөл гэсэн байна. Чи шалгалт өгөөд тэнцээгүй юм байна шүү гэсэн зүйлийг хэлсэн ... ер нь бол би даргыг зөвлөмж өгч байна гэдэг утгаар хүлээн авсан ... ” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гарах гэж буй талаар мэдсэн бөгөөд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэж иргэнд санал, тайлбараа гаргах боломжийг олгосон гэж үзэх үндэстэй байна. /х.х-н 33, 62/
16. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч П.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэн П.Аын Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П.Аыг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны 1 дүгээр сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА