| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 159/2025/0085/З |
| Дугаар | 221/МА2026/0541 |
| Огноо | 2026-07-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0541
| Дугаар 221/МА2026/0541 | Улаанбаатар хот |
Ө.Пын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,
Нэхэмжлэгч: Ө.П,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Соёлын төв
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 159/ШШ2026/0009 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц,
Хэргийн индекс: 159/2025/0085/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 159/ШШ2026/0009 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1 ... Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газарт хамаарахгүй талаар Улсын дээд шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор тайлбарласан. Нэхэмжлэгч тухайн газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар авсан, уг газарт баригдсан хуучны барилгыг нураасан, шинээр хашаа барьсан, манаач ажиллуулсан зэргээр ашигласан байхад анхан шатны шүүх энэ талаарх хэрэгт авагдсан баримтууд, Улсын дээд шүүхийн дээр дурдсан тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн газрыг ашиглаж байсан болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байхад энэ талаар хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээгүй, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.2 Хариуцагчаас сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй. Шүүхийн шийдвэрт дурдсан Ц.Ш нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцөл байдал үүссэн буюу Ө.Пын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад уг нөхцөл байдлыг үл харгалзан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3.3 Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Шүүх хуралдааны үеэр маргаан бүхий Засаг даргын 2024 оны А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд давхар гуравдагч этгээдэд эрх олгосон захирамж хүчингүй болгох шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Гэтэл анхан шатны шүүх уг шаардлагыг хүлээн авах эсэх талаар ямар нэгэн процессын шийдвэр гаргаагүй, шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гаргахгүйгээр шууд хэргийг шийдвэрлэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй.
3.3 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээд талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг эсэргүүцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбар гаргасан болно.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, түүний үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
3.1 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ө.Пын мөн сумын Булгийн гудамжинд байрлах 170101852 нэгж талбарын дугаартай, 21791.2 м.в талбай бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон.
3.2 Улмаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Бүргэдэй 1 дүгээр баг, Булаг 6*** тоот хаягт байрлах 42*** нэгж талбарын дугаартай 21964 м.кв газрыг Алтанбулаг сумын Соёлын төвд 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
3.3 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газарт хамаарахгүй, мөн Газрын тухай хуулийн 40.1.1 болон 40.1.6 дахь заалтыг нэгэн зэрэг хэрэглэсэн нь Дээд шүүхийн тайлбарт нийцэхгүй байна. Мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй...” гэж,
хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нь газар эзэмших хугацаандаа тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд газар эзэмших гэрээний үүргээ биелүүлэх, газрыг зориулалтын дагуу ашиглах талаар 2022-2024 онуудад удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/149 дүгээр албан мэдэгдлийг цахимаар хүргүүлэн тайлбар гаргах боломж олгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акттай танилцаж гарын үсэг зурсан тул нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй...” гэж,
гуравдагч этгээдээс “...Тус хаягт байршилтай 21964 м.кв газрыг соёлын байгууллагын зориулалттай сумын Засаг даргын А/98 дугаар захирамжаар 60 жилийн хугацаатай манай Соёлын төвд олгосон. Газар эзэмшсэн цагаас хойш газар дээр шинэ соёлын төв барих барилгын зураг төсвийг эхлүүлээд зураг төсөв 70 хувьтай явж байгаа...” хэмээн тус тус тайлбарлан маргасан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах зэргээр өөрчлөн тодорхойлох эрхтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
5. Тухайн тохиолдолд, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь маргаан бүхий газрыг “Урлаг, соёлын байгууллагын” зориулалтаар сумын Соёлын төвд сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/98 дугаар захирамжаар эзэмшүүлсэн болохоо шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/496 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дурдаж холбогдох баримтыг гаргаж өгсөн.
Улмаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан... Захирамжийг хүчингүй болгохоор газар эзэмших эрхийг сэргээхийг даалгахгүй бол болохгүй байна...” зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодорхойлсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Анхан шатны шүүх тус нэмэгдүүлж тодорхойлсон шаардлагыг тодруулах, хүлээн авахаас татгалзсан талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүй хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь шүүх шаардлагыг шүүх хүлээн авсан гэж үзэхээр байх хэдий ч тухайн нэмэгдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй.
Зөвхөн нэхэмжлэгчээс анх шүүхэд бичгээр гаргасан “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй.
Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргаан бүхий Засаг даргын 2024 оны А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд давхар гуравдагч этгээдэд эрх олгосон захирамж хүчингүй болгох шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Гэтэл анхан шатны шүүх уг шаардлагыг хүлээн авах эсэх талаар ямар нэгэн процессын шийдвэр гаргаагүй, шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гаргахгүйгээр шууд хэргийг шийдвэрлэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
6. Иймд, анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулаагүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэх үндэслэлүүдэд тус тус хамаарах бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 159/ШШ2026/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА