Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 4

 

                                                                                                                                 

2018 оны 4 сарын 03 өдөр

        Дугаар226/МА2018/00004                          

                    Хэрлэн сум

Б.А-н нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн

Н  э-т холбогдох

 иргэний хэргийн талаар

226/2018/00005/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Д.Байгалмаа, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Нэхэмжлэгч Б.А,

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Г.Б,

Хариуцагч Нэгдсэн эмнэлгийн дарга Л.М нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2017/00595 дугаар шийдвэртэй,  Б.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох “ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.Мэндбаярын давж заалдах гомдлоор 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б.А   нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 01 дүгээр сарын 03-нд Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэгт шилжин ажилд орсон. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн Б/176 дугаартай даргын тушаалаар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллаж байх хугацаандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил удаа дараа гаргаж байгаагүй. Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглээгүй. Ажлын бус цагаар гэртээ найзуудтайгаа баяр тэмдэглэж байсан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ баяраа тэмдэглээд байж байхад орлогч дарга Кульжан жолооч Билэгтбаатарын хамт манай гэрт орж ирсэн. Түүнээс ажлын байранд архи уусан зүйл байхгүй. Би 7  дугаар сарын 12-ны өдөр ээлжинд гарч маргааш нь эмнэлгийн тусгай хог хаягдал хаяхаар Цогт-Өндөрт шатаахаар явсан. Би 7 дугаар сарын 14-ны өдөр амраад 15-ныхаа өдөр ээлжинд гарч 16-ны өдөр мөн ээлжинд гарах байснаа 2 өдөр дараалаад хол замд явсан чинь миний цагаан мах эргээд ядраад гарч чадаагүй. Жолооч нар хот руу хүн авч явсан бол 2 өдөр амардаг. Нэг гарахдаа хоёр өдөр амрах ёстой байснаа амраагүй ээлжинд гарсан тэрнийхээ амралтыг амарсан. Нэг жолооч 7 хоногт 64 цаг ажилласан байх ёстой байтал 120 цаг ажиллаж илүү цагаар ажилласан. Би нэг ч удаа ажил дээр согтуу ирж үзээгүй. Ажлын байранд архи уусан тохиолдол байхгүй. Гэтэл намайг ийм үндэслэлээр ажлаас халсанд гомдол байна. Иймд Нэгдсэн эмнэлэгийн дарга Л.М  2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/176 дугаартай ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О   нь шүүхэд гаргасан тайлбартаа: Жолооч Б.А   нь ажлын хариуцлага алдаж, архи согтууруулах ундаа хэрэглэж алдаа зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2017  оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/176 дугаартай тушаалаар дуусгавар болгосон. Миний бие энэ хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс итгэмжлэлээр оролцож байгаа. Болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. Нэгдсэн эмнэлгийн орлогч Кульжан даргаас сонссон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/176 дугаартай тушаал нь үндэслэлтэй юм. Амгаланбаатар нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ээлжинд гарах ёстой байсан. Эрээнээ гэх жолооч нь А  ажилд гарна гээд хөдөө явчихсан байсан. Дуудлага ирэхэд Амгаланбаатар нь ажлын байрандаа байхгүй, гэртээ архи уугаад байж байсан гэсэн. Тэгэхээр нь Кульжан дарга Амгаланбаатарын гэрт нь очоод ажлын машинаа Б жолоочоор бариулж авчирсан. Ажлаас халсан үндэслэл нь  ажилдаа гарах ёстой байтал гэртээ архи уугаад сууж байсанд нь ажлын цагаар архи уулаа гэж зөрчил гаргасан гэж үзсэн гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10  дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2017/00535 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.М  /хариуцагч/-ын Нэгдсэн эмнэлгийн 103-ийн жолооч Б.Амгаланбаатарыг ажлаас халах тухай 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн б/176 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А  урьд нь ажиллаж байсан албан тушаал болох Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.А   2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.М   үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А   улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.М  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор, эсвэл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргавал  ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан байна. Амгаланбаатартай байгуулсан 234 дугаар хөдөлмөрийн гэрээний 2.2-т ажилтны эрх үүргийн 2.2.1-д “Хөдөлмөрийн дотоод журам” болон эмнэлгийн мэргэжилтний, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журам, зааврыг чанд сахин биелүүлнэ” гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн хөдөлмөрийн сахилга хариуцлага, 10.1.1.3-т “ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авах буюу 10.1.3.а дахьажлын болон ажлын бус цагаар ажлын байранд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажилдаа согтуугаар ирснийг ноцтой зөрчил гэж үзнэ” гэсэн заалт нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-д багтсан ойлголт гэж үзэж байна. Мөн А   автогражийн механик Л.Хөхөө нь “Амгаланбаатар нь ямар ч шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан, механикчид мэдэгдэлгүй ээлж сольсон” гэсэн мэдүүлэг хэрэгт байгаа. Дээрх байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч Ц. А мгаланбаатар нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Ц.А   ажлаас халсан Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/176 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэжээ.

            Ц.А  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийнг сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үйлд баримт хавтаст хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-д заасантай нийцжээ.

            Ажил олгогчоос ажилтан Ц.А   “ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх” зөрчлийг тогтоогоогүй хирнээ гэрчийн мэдүүлгээр нотлоно гэж маргасан нь хангалтгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

             Ажил олгогчийн ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байсан.

 

            Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосны улмаас 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрч нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Ц.А   нь анхан шатны шүүхэд гаргаагүй “замын хуудас, фото зураг” зэрэг нотлох баримтуудыг давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа хавсаргаж ирүүлсэн байх тул  давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар үнэлэхгүй болно.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг байтал хариуцагч улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлснийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 156/ШШ2017/00595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А -г Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж шийдвэрийн 2 дахь заалтын нэхэмжлэгчийн өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн  хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

            5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                 ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                                                       Х.БАЙГАЛМАА