Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга         Б.Номин

Хохирогч                               С. Анударь

Шүүгдэгч                                  Г.Чанцалдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Г.Чанцалдуламд холбогдох эрүүгийн 2331003790311 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1999 оны 06 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй,Сүхбаатар сумын  "Хас банк”-нд эдийн засагч ажилтай, 24 настай, эмэгтэй, ам бүл 4, эцэг эх, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 04 дүгээр баг 02 дугаар хэсэг 1300 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл ,ухан бүрэн, Боржигон овгийн Гансүхийн Чанцалдулам,

Регистрийн дугаар: MB99062504,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Чанцалдулам нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 05 дугаар багт байрлах аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талын машины зогсоол дээр С.Анударьтай үл ялих зүйлээр маргалдан түүний биед баруун хөмсөг, шанаа, хацар, уруул, хүзүү, эрүү цээж, хэвлий, бүсэлхий нуруу, зүүн хөх, баруун шилбэ, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, хөх, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Чанцалдулам мэдүүлэхдээ: ...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан, би гэрээсээ гарч яваад найз Анударьтай таарч уулзаад Мөнхжаргалынд очих гэж байна, чи хамт очих уу гэж асуусан. Анударь зөвшөөрч бид гурав Мөнхжаргалынд очоод 3-лаа хамт салхинд гарахаар болж, экс архи авч Сод монгол колонкийн ард голын эрэг дээр очсон. Тэнд очиж архиа уучихаад Анударь ахаасаа мөнгө зээлж дахин архи авч дээрээс нь жаахан уугаад байж байтал Анударийн дүү ирсэн. Дүү нь удалгүй буцаад явсан. Энэ үед намайг муухай харлаа гэж Анударьд хэлсэн юм шиг байгаа юм. Анударь чи манай дүүд муухай зан гаргалаа гэж бид хоёр маргасан. Анударь ер нь уухаараа их агсан, онгироо зантай болчихдог, өөрөө эхэлж намайг зодож цохисон. Миний хувьд Анударийг эхэлж цохисон, ээж рүү нь дайрсан зүйл огт байхгүй. Архи уусан нь миний буруу, өөрийн буруугаа ойлгож байна... гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Анударь мэдүүлэхдээ: ...2023 оны 11 дүгээр сарын 11-нд би аавынхаа дүүг Сүхбаатар самбар хүргэж өгөөд ирж байхдаа Чанцалдуламтай таарсан. Мөнхүүшийнд очих гэж байна хамт очих уу гэж хэлэхээр нь би зөвшөөрч хамт очсон. Мөнхүүш буюу Мөнхаргалынд очиход архи уусан согтуу гэртээ унтаж байсан ба гэртээ шээсээ асгачихсан гэр орон нь нил шээс болчихсон байсан. Бид тэднийхээс гарч замаасаа 0.5-ын экс архи авч голын эрэг дээр очиж уусан, энэ үед Чанцалдулам манай зээлдэгч гэж нэг хүн дуудаж архи авчируулсан. Тэр хүнтэй нь манай ахын хуучин эхнэр Золоотой хамт явж байхаар нь би уурласан чи гаднаас хамаагүй хүн дуудаад Золоо эгч явж байна гэж хэлсэн. Дараа нь манай дүү ирээд би явах гээд машинаас утсаа авах гээд дүүг явуулахад Чанцалдулам дүү лүү муухай харж, хэл амаар доромжилж утсыг өгөөгүй тул дүү яваад өгсөн. Үүнээс болж бид хоёр маргасан. Чанцалдулам нь миний нүүр лүү цохиж, намайг цемент мөргүүлж газар унагаад дээр гарч суугаад нүүр лүү цохисон, олон удаа өшиглөсөн энэ үед Мөнхжаргал ирж Чанцалдууламыг салгаад энэ хоёрыг ноцолдож байхад нь би арга буюу машиныг нь унаад шууд зугтааж, цагдаа дээр ирж мэдэгдсэн. Бид олон жил найзалсан найзууд учир маргааш нь Чанцалдуламыг ирж уучлалт гуйгаад бид болох л байсан гэтэл хэл амаар доромжилж, цагдаа дээр байхад ээж рүү дайрч уурлаж уцаарлаж байсан. Миний утас тэр өдөр надад байсан. Би ах руугаа ярьж мөнгө шилжүүлж авсан. Чанцалдулам нь миний утсыг дээрэмдэж авсан. Энэ талаараа цагдаад хэлсэн боловч шалгаагүй. Миний хувьд гомдолтой байна. Утасны үнэ, ажилгүй байсан хугацааны цалингаа Чанцалдуламаас гаргуулж авмаар байна. Энэ хүнд торгуулиас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн 2023 оны 11 дүгээр сарын 13-нд  өгсөн: "... 2023 оны 11 сарын сарын 11-ний өдөр гэртээ амарч байх үедээ өөрийн нагац эгч Анударьтай фэйсбүүк чатаар холбогдож хаана байгааг нь асуухад цэнгэлдэх хүрээлэн дээр найзуудын хамт ууж байна гэсэн удалгүй манай найз Амарбат нь над дээр ирээд би найзынхаа хамт Сүхбаатар сумын 5-р багт байрлах цэнгэлдэх хүрээлэнд очих үед саарал өнгийн сонота-6 маркийн авто машин байхаар нь хажууд нь очоод зогсох үед манай эгч Анударь машинд суугаад чи эгчийгээ аваад явчих энэ 2 намайг архиар шахаад байна гэж хэлээд 2-лаа хамт бууж машинаас миний гар утас болон цэнэглэгчийг аваадхая гэж хэлсэн тул би эгчийн хамт буугаад нөгөө машины хаалгыг онгойлгох гэтэл Чанцалдулам гэгч нь надад хандаж чи юундаа над руу муухай хараад байга юм бэ гэж хэлхээр нь би зсс гэх авиа гаргатал чи миний өөдөөс цэхэлздэг хэн бэ гэж хэлээд бидний дунд хэрүүл үүсэх гээд байсан тул би Чанцалдулам болон Мөнхжаргал нараас зугтааж машиндаа суугаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Мөнхжаргалын 2023 оны 11 дүгээр сарын 13-нд  өгсөн: "... 2023 оны 11 сарын 11-ний өдөр өөрийн найз Чанцалдуламтай уулзаж Шонхор маркетаас Алтанговь нэртэй 0.5 литрийн шар айрганаас 3 ширхэгийг аваад Батзориг гэгчийн машинд нь ууж дуусгачихаад гэр рүүгээ харьсан. Үүний дараагаар орой 18:00 цагийн үед манай найзууд болох Чанцалдулам болон Анударь нар манай гэрт ирээд бид 3 хамт гарсан. Гэрээс гараад явж байхдаа цагдаагийн газрын хажууд байрлах багт байрлах мини маркет дэлгүүрээс экс нэртэй архи аваад тус сумын 1 багт байрлах нүхэн гарцаар гарч голын эрэг дээр ууж дуусгачихаад дахин миний март дэлгүүр орж 0.5 литрийн шилтэй архинаас аваад тус сумын 5 баг байрлах цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зогсоолд очоод авсан архиа тойруулаад уугаад сууж байх үед Золзаяа гэгч эмэгтэй болон Анударийн дүү болох Мөнхүүшд хандаж чи юундаа муухай хараад байгаа юм бэ, эгчийн дүү зүгээр харь гэтэл Мөнхүүш машиндаа суугаад явчихсан, үүний дараагаар Анударь болон Чанцалдулам хоёр харилцан зодолдоод байсан тул би тэднийг салгатал Анударь намайг түлхэж унагаад машинд суугаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн “ 1. С.Анударын биед баруун хөмсөг, шанаа, хацар, уруул, хүзүү, эрүү, цээж, хэвлий, бүсэлхий нуруу, зүүн хөх, баруун шилбэ, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, хөх, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 37-42 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 62-65 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 104-105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Чанцалдулам нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 05 дугаар багт байрлах аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талын машины зогсоол дээр С.Анударьтай үл ялих зүйлээр маргалдан түүний биед баруун хөмсөг, шанаа, хацар, уруул, хүзүү, эрүү цээж, хэвлий, бүсэлхий нуруу, зүүн хөх, баруун шилбэ, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, хөх, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааныд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Чанцалдулам, хохирогч С.Анударь нарын өгсөн  мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн 2023 оны 11 дүгээр сарын 13-нд  өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Мөнхжаргалын 2023 оны 11 дүгээр сарын 13-нд  өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн “ 1. С.Анударын биед баруун хөмсөг, шанаа, хацар, уруул, хүзүү, эрүү, цээж, хэвлий, бүсэлхий нуруу, зүүн хөх, баруун шилбэ, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, хөх, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.Чанцалдуламын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Чанцалдуламын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Г.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Чанцалдулам нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч С.Анударь нь шүүхийн хэлэлцүүлэгт утасны үнэ, ажилгүй байсан хугацааны цалинг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирлын нэхэмжлэлийг  шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогчийг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Г.Чанцалдулам гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Чанцалдуламд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Г.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Чанцалдуламын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Чанцалдулам нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Г.Чанцалдуламд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гансүхийн Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 Боржигон овгийн Гансүхийн Чанцалдуламыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Г.Чанцалдуламын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Г.Чанцалдулам нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч С.Анударь нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал болон бусад нэхэмжлэлээ холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Г.Чанцалдуламын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ