| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/04010/И |
| Дугаар | 101/ШШ2020/03563 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/03563
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Ш Г” ХХК холбогдох
27,138,703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г******* овогтой О******* миний бие эхнэр Г,ын Х*******ын хамт өөрсдийн 2 жилийн хугацаанд цуглуулсан 14,000,000 төгрөг, мөн “Худалдаа Хөгжлийн Банк”-иас 30 сарын хугацаатай авсан цалингийн зээл болох 10,000,000 төгрөгийн нэмэн /зээлийн гэрээг хавсаргасан болно/ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Ш Г” ХХК-д “Ш******* г*******” хотхоны Б блокийн 42,1м.кв-т байрны м.кв-ийг нь 1,150,000 төгрөгөөр тооцож нийт 5.000 төгрөгний урьдчилгаа 24,035,000 төгрөгийг ”Ш Г” ХХК-ийн
Хаан банкны данс болох ******* дансанд шилжүүлэн /банкны хуулгыг хавсаргасан болно/, маркетингийн менежер М.Б*******, захирал Б.Б******* нартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” хийсэн болно. Үлдэгдэл төлбөр болох 24,038,000 төгрөгийг сар бүр 1,000,000 төгрөг өгөхөөр “Орон сууцны үлдэгдэл төлбөрийн график” гарган хавсралт 1-ээр баталгаажуулсан болно. 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэсэн гэрээнд заасан Хавсралт 1-ийн дагуу төлбөрүүдийг доорх графикаар төлж байсан. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг /банкны хуулгыг хавсаргасан болно/
2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр очиж уулзахад барилгын ажил эхлээгүй байсны үндсэн дээр М.Б*******тай уулзаж сар бүрийн төлөлтийг барилгын ажил эхэлсэн сарын 21-нээс эхэлж төлөх болж, өмнөх Хавсралт 1-ийн төлөлтийг түр хугацаагаар зогсоож, Хавсралт 2-оор баталгаажуулсан.
2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр очиж уулзахад барилгын явц эхлээгүй байсан бөгөөд энэ нь “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” нь огт биелэх боломжгүй болсон бөгөөд байр ашиглалтад орох хугацаа нь тодорхой биш байсны үндсэн дээр “Ш Г” ХХК-ийн захирал М.Б*******тай уулзаж гэрээг цуцлах хүсэлт тавьсан.
“Ш Г” ХХК нь гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч гэрээ цуцлагдсан ба үндсэн мөнгийг хувааж өгөхөөр “Орон сууц захиалгын гэрээ цуцлах” актыг үйлдсэн.Энэ актандаа 28,035,ОООТ-ийг “Захиалагч талын төлбөрийг буцаан олгох график” гарган 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 9,345,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 9,345,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 9,345,000 төгрөгийг төлж дуусгахаар хавсралт 1-ээр баталгаажуулсан. Ингэж “Орон сууц захиалгын гэрээ цуцлах” акт үйлдэхдээ анх байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний эх хувийг менежер М Б******* авсан бөгөөд үндсэн гэрээний зургийг дарж өөртөө авч үлдсэн /авсан зургаа угаалгасан/ болно.
Энэ графикийн дагуу дахин ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд 2020 оны 6 дугаар сард уулзаж дахин шаардлага тавихад захирал Б.Б******* нь явах газраараа яваад аваа одоо бэлэн өгч чадахгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд миний бие сэтгэл байсан бол бага багаар өгөөд байж болох байсан гэж хэлээд гарсан. Тэр өдрөөс хойш 20 хоногийн хугацаатай 4,000,000 төгрөгийг 4 хуваан өгсөн. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус миний ХХБ-ийн тоот дансанд шилжүүлсэн. /банкны хуулгыг хавсаргасан болно/. Энэ өдрөөс хойш одоог хүртэл мөнгө орж ирээгүй байна. Миний бие Г.О- нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн “Ш Г” ХХК-д “Ш******* г*******" хотхоны Б блокын 42,1мкв-т орно гэсэн бат итгэлтэйгээр өөрт байгаа бүх мөнгөө, цалингийн зээлийн төлбөрийг /сар бүр 428,000Т-ийг төлдөг/ одоог хүртэл хүүг нь төлж байсан боловч тухайн орон сууц нь ашиглалтад оролгүй 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл эдийн засгийн болон сэтгэл санааны хохиролд гэрийн бүлийн хамт өдийг хүртэл хохирч байна.
Иймд миний бие 2019 оны 01-р сарын 25-нд авсан “Худалдаа Хөгжлийн Банк”-наас авсан цалингийн зээлийн хүү болох 2,405,958Т /хоёр сая дөрвөн зуун таван мянга есөн зуун тавин найман төгрөг/ хий дэмий банканд өгч хохирол учирсан ба үүн дээр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 5.4-ийг үндэслэн алданги тооцож 697.745Т /зургаан зуун ерэн долоон мянга долоон зуун дөчин таван төгрөг/ -ийг, үндсэн мөнгө болох 24,035,000Т Хорин дөрвөн сая гучин таван мянган төгрөг/-тэй нийлүүлэн, нийт 27,138,703Т /хорин доолон сая нэг зуун гучин найман мянга долоон зуун гурван төгрөг/-ийг “Ш Г” ХХК-иас гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү. гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Чадраабал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.О-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Бид нэхэмжлэлийн дүнг шууд нэг дор төлөх боломж муутай байна. Нэхэмжлэлийн дүнг хувааж төлөх талаар тохиролцох боломж байна. Алдангийн хувьд төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч “Ш Г” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын төлбөрт төлсөн 24,035,000 төгрөг, алданги 697,745 төгрөг, цалингийн зээлийн хүү 2,405,958 төгрөг нийт 27,138,703 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч “Ш Г” ХХК нь нэхэмжлэлийн дүнг хувааж төлөх талаар тохиролцох боломжтой, алданги төлөх боломжгүй гэж маргажээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 9 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцаж баримт №4, №5-д гарын үсэг зурсан байна./хх-ийн 36-39 дүгээр тал/
Шүүхээс иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13.30 цагт зарлагдсан товыг хариуцагчийн төлөөлөгч Л.Чадраабалд мэдэгдэж, тэрээр 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны товтой танилцан баримт №6, №9-д гарын үсэг зуржээ. Хариуцагчийн төлөөлөгч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүгчийн туслахад 88108122 дугаарын утсаар шүүгчийн туслахад мэдэгдсэн нь баримт №13-т тэмдэглэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр эзгүйд хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв.
2. 27,138,703 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчдын хооронд ажил гүйцэтгэгч “Ш Г” ХХК нь Баянзүрх дүүрэг, 0дугаар хороонд байрлах В байр 0дугаар орц, 0давхар L тоотод байрлалтай, 42.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч Г.О- сууцны үнэд 48,415,000 төгрөгийг тус төлөх үүргийг хүлээж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан дээрх “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч Ш******* гарц ХХК нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч Г.О- уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Г.О- дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үүргийн дагуу Худалдаа Хөгжлийн банкны 460003603 данснаас нь хариуцагч “Ш Г” ХХК-ийн Хаан банкны ******* тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны 50% урьдчилгаа төлбөрт 24,035,000 төгрөгийг, эхнэр Г.Х*******ын Голомт банкны 1605148989 данснаас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 3 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 28,035,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “ажил гүйцэтгэгч ажлыг б******* гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.6-д хариуцагч орон сууцыг барьж 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн атал гэрээний үүргээ зөрчиж барилга баригдаагүй тул нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах хүсэлтийг хариуцагчид гаргаснаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр талууд “захиалагчийн хүсэлтээр орон сууц захиалгын гэрээ цуцлах акт”-ыг үйлдэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагджээ.
Хариуцагч нь захиалгын гэрээ цуцлах актад нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаанд хүлээн авсан 28,035,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 9,345,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 9,345,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 9,345,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон боловч нэхэмжлэгчид 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж үлдэгдэл 24.035000 төгрөгийг төлөөгүй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөр төлөхөд зориулж Худалдаа хөгжлийн банкнаас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №2019/000376/0015 дугаартай, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлөх зориулалттай, 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 1.7 %-ийн, жилийн 20 %-ийн хүүтэй 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатайгаар цалингийн зээл авч, зээлийн хүүд төлсөн 2,323,992 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.4-т “Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө” гэж тохиролцсон тул нэхэмжлэгчид гэрээний үнийн дүнгийн 0.02 хувийн алданги нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз, торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний үүрэгт хариуцагчаас 697,745 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.
Нэхэмжлэгч Г.О- Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах В байр 2 дугаар орц, 5 давхар L тоотод байрлалтай, 42.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээг хариуцагч ”Ш Г” ХХК-тай байгуулсан атал хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахгүйгээр гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөр, хохирол, алданги нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.”, энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 24,035,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн төлбөр 2,323,992 төгрөг, алданги 697,745 төгрөг нийт 27,056,737 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, зээлийн хүүд илүү нэхэмжилсэн 81,966 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш Г” ХХК/рд: /-иас 27,056,737 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 81,966 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2797,419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 293,234 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ