Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       Т.Нансалмаа

Нарийн бичгийн дарга         Г.Минжбадгар

Хохирогч                                 Ю.Бүрэндүүрэн

Шүүгдэгч                                  П.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан П.Батсүхэд холбогдох эрүүгийн 2331003170286 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган сумд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум Охиндий 2 дугаар баг,задгайд оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, Дашнаа ургийн овогт Пунцагцэрэнгийн Батсүх   РД: MO58052511,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Батсүх нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг "Манжийн тохой" гэх газар урьдын таарамжгүй харьцааны улмаас П Бүрэндүүрэнтэй маргалдаж баруун гар тус газар нь тээврийн хэрэгслийн түлхүүр төмрөөр цохиж, биед нь баруун сарвуунд алганы Ѵ шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Батсүх мэдүүлэхдээ: ...2023 оны 09 дүгээр сарын 13-нд намайг хадлан хадаж байхад Бүрэндүүрэн ирээд, миний хадаж байсан газрыг хадаж эхэлсэн ба чи яагаад үүнийг хадаад байгаан юм, чи нодлин энэ газрыг хадаад хүнд өгөө биз дээ гэж хэлж бид хоёр  маргасан. Энэ үед Бүрэндүүрэн өөрөө эхэлж намайг цохиж зодсон, ингэж цохиж байхдаа л өөрөө гараа гэмтээсэн байх, би тракторын түлхүүр барьж очсон нь үнэн гэхдээ Бүрэндүүрэнгийн гарт нь гэмтэл учруулаагүй. 2023 оны 10 дугаар сарын 02-нд би Бүрэндүүрэнг, Оюун-Эрдэнэ нартай байхад нь очиж тракторын дугуйгаа авъя гэж маргасан, энэ үед мөн Бүрэндүүрэн мөн над руу дайрч давшилж байхад нь хүү нь салгасан. Би Бүрэндүүрэнг цохиж зодоогүй, өөрөө л намайг цохисон, өөрөө над руу ирсэн шүүдээ. Бүрэндүүрэн нь миний дугуйг аваад өгөөгүй түүнээс болж бид маргасан. Бүрэндүүрэн нь манай эхнэрийн дүү байгаа юм, ер нь манайх хэдэн мал авч эдний ойролцоо буусан үеэс атаархаж , үг хэлээр дайрч,доромжлох болсон. Өөрөө хулгай хийдэг, худлаа ярьдаг цагдаад энэ талаар хэлэхээр эд нарыг тоодоггүй, намайг шоронд чинь хийнэ, чамайг шоронд үхүүлнэ гэдэг. Уг нь эдний эгч Нарантуяа, Бүрэндүрэн нарын хүүхдүүдийг өсгөж тусалж л явсан хүн. Яагаад ингэж байгааг ойлгохгүй байна. 2023 оны 09 дүгээр сарын 13-нд өөрсдөө намайг зодсон миний хоолойг боож би ухаан алдсан шүү дээ. Би тэр үед Ховд явсан учир цагдаад хандаагүй. Би Бүрэндүүрэнд гэмтэл учруулаагүй, хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Бүрэндүүрэн мэдүүлэхдээ: ...2023 оны 09 дүгээр сарын 13-нд манай хадлангийн талбайг Батсүх гуай хадаж байхаар нь та яагаад манай хадлангийн талбайг хадаж байгаа юм гэж хэлээд өөрийн хадлангийн талбай учир би өөрөө хадлангаа хадаж эхэлсэн энэ үед Батсүх гуай хэрүүл маргаан хийж, элдэв үгээр хэлж тракторын түлхүүрээрээ миний тракторын дугуйг тайлах гэхээр нь цамцны араас нь татахад гартаа  барьчихсан түлхүүрээрээ миний гарлуу цохисон. Тухайн үед бид маргаж барилцаж авахад тракторын хадуурт орлоо гээд Оюун-Эрдэнэ бид хоёрыг түлхэхэд 2-лаа газар унасан. Ингээд би босож трактортаа сууж хадлангаа хадах гэхэд Батсүх хадлан хадуулахгүй трактор луу дайраад байх үед манай хүү Азбаяр ирж Батсүхийг салгаж авч холдуулсан ба би орхиод явсан.

Үүний дараа 2023 оны 10 дугаар сарын 02-нд Бөндгөө, Оюун-Эрдэнэ, манай хүү Азбаяр бид нар өвсний хашаа барьж байгаад хэсэг амраад байж байтал Батсүх гуай морь унаад ирсэн. Энэ үед хамт  байсан хүмүүс Батсүх гуайг хэл ам хийдгийг мэдээд бүгд холдоод босоод явсан. Би хөдлөхгүй сууж байтал үгийн зөрөөгүй шууд миний нүүр лүү буюу эрүүнд өшиглөсөн ба би нүүрээ дараа тонгойход  дахин нуруу луу өшиглөх үед миний хүү Азбаяр ирж Батсүхийг салгаж авсан.Энэ үед дахиад миний дугуйг тайлж авна гэхээр нь би очих гэхэд хүү Азбаяр ааваа боль, алаан болж мэднэ шууд цагдаад өгье гэсэн тул би цагдаагийн байгууллагад хандсан.Батсүх нь тракторын дугуйг тайлж байхдаа ойртох юм бол ална шүү гээд байсан.

Батсүх нь миний төрсөн эгчийн нөхөр юм. Эгчийг маань бас дарамлаж , бид нарыг эгч,дүүсээр нь  хэл амаар доромжложн,дарамтлаж  олон жил болж байна Энэ асуудал 2018 оноос хойш үргэлжилж байна.Биднийг элдэв үгээр хэлнэ, намайг олон даа зодсон.Би эргүүлээд зодвол, зодно гэхдээ өөрөө буруудна гэж боддог учир зодуулаад өнгөрдөг.Өмнө нь миний хадуурыг гол руу хийж устгаж шүүхээр явж байсан, мөн намайг зодохоор нь би цагдаад өгч Батсүх гуай зөрчлийн хэргээр шүүхэд орж байсан. Миний гарыг Батсүх барьж ирсэн түлхүүр төмрөөр цохиж хугалсан.Тэнд байсан бүх хүмүүс мэдэж байгаа. Гэмтлийн улмаас 991200 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Уг нь эмчилгээ хийлгэсэн мөнгөө авмаар байвч Батсүх гуайн хэл амаас айж, үнэхээр залхаж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Азбаярын 2023 оны 10 дугаар сарын 13-нд  өгсөн: "...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн төрсөн аав Бүрэндүүрэн, Оюун-Эрдэнэ нарын хамт Шаамар сум Манжийн Тохой гэх газар хадлан хийхээр гарсан юм. Хадлангийн газар очоод Оюун-Эрдэнэ, аав нараас зайтай бухал хийгээд зогсож байтал 13 цагийн үед Оюун-Эрдэнэ намайг хурдан хүрээд ир гээд хашхираад дуудаад байхаар нь яваад очтол Батсүх ах аавын тракторын кабинд орсон аавын хөлийг татаад тракторын хаалганд хөшөөд зогсож байхаар нь Батсүх ахыг ааваас холдуулсан. Тухайн үед Батсүх бид нарыг Манжийн тохой гэх газар өвс хадуулахгүй гээд тракторын урд гараад хөндөлсөж зогсоод байхаар нь хэрүүл маргаан үүсгээд хэрэггүй гэж бодоод аав, Оюун-Эрдэнэ ах нарын хамт өвс хадах ажлаа дуусгаад яваад өгсөн. Хадлангийн талбайгаас явах үед аавын баруун гарны сарвуу хэсэг нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуутал Батсүх ах чинь 27-гын түлхүүрээр цохиод гэмтээсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Р.Амаржаргалын 2023 оны 10 дугаар сарын 16-нд  өгсөн: "....Тус өдөр 11 цагийн үед Бүрэндүүрэн, Оюун-Эрдэнэ, Азбаяр нарны хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 1 дүгээр баг 34-р точкид Бүрэндүүрэн ахын өвсний хашааг янзлаад хэсэг амраад Оюун-Эрдэнэ, Бүрэндүүрэн нарын хамт сууж байтал Батсүх ах хул морь унасан бид нар руу ирж байгаа харагдсан. Тухайн үед Оюун-Эрдэнэ бид 2 хашаагаа янзлах гээд босоод явсан. Тэгсэн Батсүх ах, Бүрэндүүрэн ах дээр явж очоод дугуй яриад хэрүүл маргаан хийгээд байсан яг юуны талаар хэрэлдэсэн талаар тодорхой мэдэхгүй байна. Тэгээд би Бүрэндүүрэн ахын сууж байсан газрын эсрэг тал руу хараад явж байтал хүмүүс хоорондоо зодолдож байгаа чимээ гарахаар нь иргээд хартал Батсүх, Бүрэндүүрэн ахын нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөж байгаа нь харагдсан бөгөөд уг цохилтын улмаас Бүрэндүүрэн ахын уруулны доод хэсгээс нь цус гараад доошоо харч хэвтсэн. Тэгсэн Азбаяр гүйж очоод Батсүх ахыг ааваасаа холдуулсан. Азбаяр, Батсүхийг ааваасаа холдуулах үед би Бүрэндүүрэн ах дээр очоод түүнийг цусыг арчиж өгсөн. Намайг цус арчиж байх үед Батсүх ах морио унаад Бүрэндүүрэн ахад хандан эргэж ирээд тракторны чинь дугуйг тайлж авна гээд яваад өгсөн. Батсүх ах яваад удалгүй буцаад пад пад жижиг трактортой ирсэн бөгөөд ирсэн даруйдаа Бүрэндүүрэн ахын тракторын урд дугуйг тайлж эхэлсэн бөгөөд тухайн үед түүн дээр Азбаяр очоод ярилцаад байсан бөгөөд гэхдээ яг юуны талаар ярьсан эсэх талаар мэдэхгүй байна хол зайтай байсан учир сонсоогүй. Улмаар Батсүх ах Бүрэндүүрэн ахын тракторын урд дугуйг тайлж аваад трактор дээрээ ачаад яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Оюун-Эрдэнийн 2023 оны 10 дугаар сарын 16-нд  өгсөн: "... 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед үдээс хойш би Бүрэндүүрэнгийн хамт "Манжийн Тохой" гэх газар түүний өвсийг хадах гээд очтол Батсүх, Бүрэндүүрэнгийн хадлангын газар хадланг нь хадаж байсан. Тэгсэн Бүрэндүүрэн шууд л Батсүх ахын тракторын урдуур ороод хандлангаа хадаж эхэлсэн. Тухайн үед Батсүх шууд л трактороосоо машин янзалдаг том түлхүүр барьсан бууж ирээд Бүрэндүүрэнгийн тракторын урд нь зам хаагаад зогсоод байсан бөгөөд Бүрэндүүрэн трактороо зогсоотол Батсүх түүний тракторын дугуйг тайлж авах гээд ойртох үед Бүрэндүүрэн трактороосоо буугаад Батсүх дээр очтол тэрээр Бүрэндүүрэнгийн гар хэсэг рүү түлхүүрүүрээ 1 удаа цохисон. Тэгээд Бүрэндүүрэн, Батсүх нар хоорондоо барилцаж аваад түлхэлцээд тракторын хадуур руу орох гээд байхаар нь тэр 2-ыг түлхэж ходуулсан. Тэгсэн Батсүх дахиад л Бүрэндүүрэнгийн тракторын дугуйг тайлах гээд дайраад байхаар би жоохон зайтай газар өвс хадаж байсан Бүрэндүүрэнгийн хүү Азбаярыг дуудаад Батсүх, Бүрэндүүрэн нарыг салгуулсан. Тэгээд хэрүүл маргаан үүсээд байхаар нь Бүрэндүүрэн, Азбаяр бид 3 хадлангийн талбайгаас яваад Батсүх үлдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: 1. Ю.Бүрэндүүрэнгийн биед баруун сарвуунд алганы Ѵ-р шивнүүр ясны хугарал, нэг шүд 2-р зэргийн хөдөлгөөн орсон зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 68-72 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01-02 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 47-48, 61-64 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 112-113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.Батсүх нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг "Манжийн тохой" гэх газар урьдын таарамжгүй харьцааны улмаас П Бүрэндүүрэнтэй маргалдаж баруун гар тус газар нь тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохиж, биед нь баруун сарвуунд алганы Ѵ шивнүүр ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ю.Бүрэндүүрэнгийн өгсөн ... Миний гарыг Батсүх барьж ирсэн түлхүүр төмрөөр цохиж хугалсан. Тэнд байсан бүх хүмүүс мэдэж байгаа. Гэмтлийн улмаас 991,200 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээ хийлгэсэн мөнгөө авмаар байвч Батсүх гуайн хэл амаас айж, үнэхээр залхаж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Азбаярын 2023 оны 10 дугаар сарын 13-нд  өгсөн: "...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн төрсөн аав Бүрэндүүрэн, Оюун-Эрдэнэ нарын хамт Шаамар сум Манжийн Тохой гэх газар хадлан хийхээр гарсан юм. Хадлангийн газар очоод Оюун-Эрдэнэ, аав нараас зайтай бухал хийгээд зогсож байтал 13 цагийн үед Оюун-Эрдэнэ намайг хурдан хүрээд ир гээд хашхираад дуудаад байхаар нь яваад очтол Батсүх ах аавын тракторын кабинд орсон аавын хөлийг татаад тракторын хаалганд хөшөөд зогсож байхаар нь Батсүх ахыг ааваас холдуулсан.  ... Хадлангийн талбайгаас явах үед аавын баруун гарны сарвуу хэсэг нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуутал Батсүх ах чинь 27-гын түлхүүрээр цохиод гэмтээсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Р.Амаржаргалын 2023 оны 10 дугаар сарын 16-нд  өгсөн: "....Тус өдөр 11 цагийн үед Бүрэндүүрэн, Оюун-Эрдэнэ, Азбаяр нарны хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 1 дүгээр баг 34-р точкид Бүрэндүүрэн ахын өвсний хашааг янзлаад хэсэг амраад Оюун-Эрдэнэ, Бүрэндүүрэн нарын хамт сууж байтал Батсүх ах хул морь унасан бид нар руу ирж байгаа харагдсан. Тухайн үед Оюун-Эрдэнэ бид 2 хашаагаа янзлах гээд босоод явсан. Тэгсэн Батсүх ах, Бүрэндүүрэн ах дээр явж очоод дугуй яриад хэрүүл маргаан хийгээд байсан яг юуны талаар хэрэлдэсэн талаар тодорхой мэдэхгүй байна. Тэгээд би Бүрэндүүрэн ахын сууж байсан газрын эсрэг тал руу хараад явж байтал хүмүүс хоорондоо зодолдож байгаа чимээ гарахаар нь иргээд хартал Батсүх, Бүрэндүүрэн ахын нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөж байгаа нь харагдсан бөгөөд уг цохилтын улмаас Бүрэндүүрэн ахын уруулны доод хэсгээс нь цус гараад доошоо харч хэвтсэн. Тэгсэн Азбаяр гүйж очоод Батсүх ахыг ааваасаа холдуулсан. Азбаяр, Батсүхийг ааваасаа холдуулах үед би Бүрэндүүрэн ах дээр очоод түүнийг цусыг арчиж өгсөн. Намайг цус арчиж байх үед Батсүх ах морио унаад Бүрэндүүрэн ахад хандан эргэж ирээд тракторны чинь дугуйг тайлж авна гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Оюун-Эрдэнийн 2023 оны 10 дугаар сарын 16-нд  өгсөн: "... 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед үдээс хойш би Бүрэндүүрэнгийн хамт "Манжийн Тохой" гэх газар түүний өвсийг хадах гээд очтол Батсүх, Бүрэндүүрэнгийн хадлангын газар хадланг нь хадаж байсан. Тэгсэн Бүрэндүүрэн шууд л Батсүх ахын тракторын урдуур ороод хандлангаа хадаж эхэлсэн. Тухайн үед Батсүх шууд л трактороосоо машин янзалдаг том түлхүүр барьсан бууж ирээд Бүрэндүүрэнгийн тракторын урд нь зам хаагаад зогсоод байсан бөгөөд Бүрэндүүрэн трактороо зогсоотол Батсүх түүний тракторын дугуйг тайлж авах гээд ойртох үед Бүрэндүүрэн трактороосоо буугаад Батсүх дээр очтол тэрээр Бүрэндүүрэнгийн гар хэсэг рүү түлхүүрүүрээ 1 удаа цохисон. Тэгээд Бүрэндүүрэн, Батсүх нар хоорондоо барилцаж аваад түлхэлцээд тракторын хадуур руу орох гээд байхаар нь тэр 2-ыг түлхэж ходуулсан. ....Тэгээд хэрүүл маргаан үүсээд байхаар нь Бүрэндүүрэн, Азбаяр бид 3 хадлангийн талбайгаас яваад Батсүх үлдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: 1. Ю.Бүрэндүүрэнгийн биед баруун сарвуунд алганы Ѵ-р шивнүүр ясны хугарал, нэг шүд 2-р зэргийн хөдөлгөөн орсон зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч П.Батсүхийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч П.Батсүхийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч П.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч П.Батсүх нь ...би хохирогч Ю.Бүрэндүүрэнгийн гарыг цохиж гэмтэл учруулаагүй гэж мэдүүлж байгаа боловч 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг "Манжийн тохой" гэх газар урьдын таарамжгүй харьцааны улмаас Ю.Бүрэндүүрэнтэй маргалдаж, барилцаж авч ноцолдож улмаар хохирогчийн баруун гар луу нь тээврийн хэрэгслийн түлхүүр төмрөөр цохиж, баруун сарвуунд алганы 5-р шивнүүр ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, хохирогч  Ю.Бүрэндүүрэнгийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүгдэгч П.Батсүхийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Батсүх нь ...хохирогч Ю.Бүрэндүүрэн нь өөрөө над дээр ирсэн, намайг өөрөө зодсон гэж мэдүүлж байгаа боловч дээрх мэдүүлэг нь хохирогч Ю.Бүрэндүүрэн, гэрч Б.Азбаяр, Р.Амаржаргал, А.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг, шүүгдэгч П.Батсүхийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлт зэргээр дээрх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Ю.Бүрэндүүрэн нь гэмтлийн улмаас Улаанбаатар хотод гараа эмчлүүлсэн нийт 991,200 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна. Хохирогч Ю.Бүрэндүүрэнгээс ...уг эмчилгээ хийлгэсэн мөнгөө авмаар байвч П. Батсүх гуайн хэл амаас айж, үнэхээр залхаж байна гэж мэдүүлж байгаа боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч П.Батсүх нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иймд шүүгдэгч П.Батсүхээс 991.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Ю.Бүрэндүүрэнд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч П.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч П.Батсүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон  Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч П.Батсүхэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба хохирогчид учирсан хохирол эмчилгээний зардлыг төлөөгүй зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй бөгөөд шүүгдэгч П.Батсүх нь ... өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй, 66 настай, өндөр насны тэтгэвэрт гарсан  байх тул торгох буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хуульд нийцэхгүй байна.

Иймд шүүгдэгч П.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Батсүхийн 66 настай буюу өндөр насны тэтгэвэрт байдаг тул эмнэлэгт үзүүлэх болон бусад ахуйн нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг аймгийн төв буюу Сүхбаатар, Шаамар сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар П.Батсүх  нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Батсүхийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах  нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түлхүүр төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч П.Батсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дашнаа ургийн овогт Пунцагцэрэнгийн Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Пунцагцэрэнгийн Батсүхэд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Батсүхийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  П.Батсүхийн зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд   хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      

       5. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Батсүхээс 991,200 төгрөгийг гаргуулж, хохирогч Ю.Бүрэндүүрэнд олгосугай.

 

       6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тракторын түлхүүр төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.                                                           

7. Шүүгдэгч П.Батсүхийн хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ