Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/03631

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Г,

Хариуцагч: Б.Ж нарт холбогдох

 89,152,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г-, өмгөөлөгч  Б.М*******, хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И*******, хариуцагч Б.Ж-, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие хариуцагч О.Г-той харилцан тохиролцож 2020  оны 5 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг удаагийн маскийг нэг ширхгийг 670 төгрөгт тооцон 100,000 ширхгийг нийт 67,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулж барааг хүлээлгэн өгсөн. Талууд гэрээнд заасны дагуу 202 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийг бүрэн төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 67,000,000 *0.5%=201 төгрөгийг 5 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 57 хоногийн хугацаа хэтэрсэн тул 11,457,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч нараас 67,000,000 төгрөг алданги 11,457,000 төгрөг нийт 78,457,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: миний бие 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 100,000 ширхэг маскийг худалдахаар О.Г-той “Худалдах, худалдан авах гэрээ”, Б.Ж-тай “Батлан даалтын гэрээ”-г тус тус  байгуулсан. Хариуцагч нар надаа 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн.Үлдсэнийг нь хэзээ өгөх вэ гэхээр эндээс мөнгө орж ирэхээр тэндээс мөнгө орж ирэхээр өгнө гээд өнөөдрийг хүрлээ.Хариуцагч нар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сар өнгөрөөд байхад  энэ хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр  төлөөгүй, надад их хэмжээний алдагдал, цаг хугацааны хохирол учраад байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасны нэхэмжлэлийн алдангийн хэмжээг 2020 оны 10 дугара сарын 05-ны өдрийн байдлаар13,695,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Анх энэхүү маскийг авахдаа БНХАУ-аас захиалж хүнээс хүүтэй мөнгө зээлж өөрийн бизнесийн эргэлтийн хөрөнгийг оруулан ширхэг бүрийг 2 юань буюу 800,000 төгрөгөөр худалдан авч, О.Г-, Б.Ж- нарт нарт ширхэг бүрийг нь 670 төгрөгт бодон худалдсан байдаг. Одоог хүртэл төлбөрөө авч чадахгүй ихээхэн хэмжээний алдагдалд хүлээж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Гэрээнд заасан алдангийн хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 13,695,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 5 дугаар 06-ны өдөр 100,000 ширхэг  маскийг худалдахаар О.Г-той “Худалдах, худалдан авах гэрээ”, 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Ж-тай “Батлан даалтын гэрээ”-г  тус тус  байгуулсан. Хариуцагч нар надаа 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн.Үлдсэнийг нь хэзээ өгөх вэ гэхээр эндээс мөнгө орж ирэхээр тэндээс мөнгө орж ирэхээр өгнө гээд өнөөдрийг хүрлээ.Хариуцагч нар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сар өнгөрөөд байхад  энэ хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, надад их хэмжээний алдагдал, цаг хугацааны хохирол учраад байна.Би энэ маскийн авахын тулд банкнаас зээл авсан , одоо зээлийн хүү төлөөд явж байна. Энэ наймаанаас болоод гэр бүлийнхэнтэйгээ муудалцах, сэтгэл санааны дарамтад ороод  үс хүртэл ингэж унасан.Түрүүчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 13,695,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.Хариуцагч нар 70,000 ширхэг маск байгаа гээд байдаг мөртлөө энэ талаар нотлохгүй байна.Би зээлийн гэрээнээс учирсан хохирол шаардаагүй. Их хэмжээний алдагдалд оруулж намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч нараас үндсэн төлбөр 64,000,000 төгрөг, алданги 25,152,000 төгрөг нийт 89,152,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ж- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид фейсбүүк чатаар холбогдож маскны наймаа хийхээр болсон. Би Б.Г-, О.Г- ах хоёрыг холбож дунд нь зуучилж өгсөн.Би 40,000,000 ширхэг маскийг зарж 670 төгрөгт тооцон худалдаж мөнгийг нь О.Г- ахад шилжүүлсэн. О.Г- ахад 70,000,000 ширхэг маск нь байгаа гэсэн. Алдангаас татгалзвал үндсэн мөнгийг 2 сарын хугацаанд төлөх болно гэв.

Хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч дээр очиж 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” буюу Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1-ийг барьж 100,000 ширхэг маскийг борлуулахаар хэлцэл хийсэн байна. Гэрээний талуудын эрх, үүрэг ойлгож нэхэмжлэгч эрхийн доголдолгүй маск нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар БНХАУ-ын маск сайн чанарынх биш, эрхийн доголдолтой маск байсан.70,000 ширхэг маскийг борлуулаагүй, складад бэлэн хадгалагдаж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль бус хэлцэл юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г- хариуцагч О.Г-, Б.Ж- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 67,000,000 төгрөгийг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгаж, алданги 25,152,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт үндсэн төлбөрт 64,000,000 төгрөг, алданги 25,152,000 төгрөг, нийт 89,152,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч О.Г- нь “эрхийн доголдолтой тул борлогдоогүй, үлдэгдэл 70,000,000 ширхэг маск байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

Хариуцагч Б.Ж- нь “би 40,000 ширхэг маскийг худалдан борлуулж мөнгийг нь О.Г- ахад өгсөн, алдангиас нь татгалзвал үлдсэн төлбөрийг 2 сарын хугацаанд төлнө” гэж тус тус маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч Б.Г- нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч О.Г-той “Худалдах, худалдан авах гэрээ”, 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.Ж-тай “Батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулж, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлэн талууд гарын үсэг зуржээ.

Уг гэрээгээр хариуцагч О.Г- нь БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг удаагийн 100,000 ширхэг маскийн нэг бүрийн үнийг 670 төгрөгт тооцон нийт 67,000,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны  өдөр бүрэн төлж барагдуулахаар, хариуцагч Б.Ж- нь  О.Г- үүргээ биелүүлж чадна гэдгийг баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө хариуцан төлөхөөр нэхэмжлэгч Б.Г-тэй харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээ нь талуудын  хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”,189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн хуулийн зүйл, заалтуудтай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Г- хариуцагч О.Г- нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний

2 дугаар зүйлийн 2.1-д  БНХАУ д үйлдвэрлэсэн 1 удаагийн, 100,000 ширхэг сайн чанарын маск,

3.1-т хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 67,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов,

3.2-т худалдан авагч 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дотор худалдагчид төлбөрийг бүрэн төлж барагдуулна,

3.3-т эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр худалдан авагч талд хүлээлгэн өгнө.,

3.4-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж,

Нэхэмжлэгч Б.Г- хариуцагч Б.Ж- нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний

1.1-т ...үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэг нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг өөрөө биелүүлж чадна гэдгийг баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө хариуцахтай холбоотой... ,

2.1-д 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.Г- О.Г- нарын хооронд байгуулагдсан 977 тоот эд хөрөнгө худалдах худалдан авах  гэрээ,

Үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээ 67,00,000 төгрөг,

3.2-т батлан даалтын гэрээний хугацаа Үндсэн гэрээний хугацаагаар,

3.3.-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь өөрийн мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана,

4.1-д Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцна. Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй,

6.10-д энэхүү гэрээ нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг болно гэж  тохиролцсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдан авагч О.Г- нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.4-т “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө”,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн, 232.4-т “...алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,

232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хариуцагч буюу худалдан авагч нь алданги төлөх үүрэгтэй гэж заасан.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, үүрэг гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.”, энэ хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Ж- нь нэхэмжлэгч Б.Г-тэй 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-г байгуулж, хариуцагч О.Г- үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагыг гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр бүрэн төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагч О.Г- гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул батлан даагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б.Ж- 40,000 ширхэг маскийг худалдан борлуулж мөнгийг нь О.Г-т өгсөн. Миний борлуулсан маск эрхийн доголдолгүй байсан, хариуцагчийн төлөөлөгч 70,000 ширхэг маск  эрхийн доголдолтой байсан тул борлогдоогүй, складад хадгалагдаж байгаа гэж тайлбарласан тайлбараас үзэхэд хариуцагч нарын тайлбарууд хоорондоо зөрүүтэй, худалдан борлуулсан эд хөрөнгийн тоо хэмжээ зөрүүтэй байна.

Хариуцагч О.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрхийн доголдолтой маск байсан тул борлогдоогүй гэж маргасан ч эрх бүхий байгууллагаар доголдолтой эсэх талаар шинжлүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй, үлдэх 70,000 ширхэг маск хадгалагдаж байгаа  талаар баримтаар нотолоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд хариуцагч О.Г-оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 64,000,000 төгрөг, алданги 25,152,000 төгрөг нийт 89,152,000 төгрөгийг гаргуулж, хэрэв О.Г- сайн дураар үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч Б.Ж-гаас үүргийн гүйцэтгэлийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч О.Г-оос 89,152,000 төгрөгийг гаргуулж, хэрэв хариуцагч сайн дураараа үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч Б.Ж-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 779,756 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15793 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Т.ГАНЧИМЭГ