| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00198/И |
| Дугаар | 198 |
| Огноо | 2020-08-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 198
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох,
Сумын засаг даргын тамгын газрын үйлчилгээний байрыг албадан чөлөөлүүлэх, байрны хөлс 1 290 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, нарийн бичгийн дарга ***нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... *** нь 2016 оны 11 дүгээр сард сумын *** ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа нь сумын байраа суллаж авахаар *** очсон боловч шаардлагыг биелүүлээгүй. Мөн 2020 оны 03 дугаар сард байр суллаж өгөх албан бичиг өгсөн боловч биелүүлээгүй, 2020 оны 05 дугаар сард сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нараар албан бичиг хүргүүлсэн боловч хүлээн аваагүй, хэл амаар доромжилж удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй одоог хүртэл тухайн байранд амьдарч байна. *** 2016 оны 11 дүгээр сараас хойш нийт өнөөдрийг хүртэл 43 сар байранд амьдарсан байрны төлбөр сарын 30.000 төгрөгөөр тооцож нийт 1.290.000 төгрөгийг гаргуулах. ***тус байранд сантехникийн болон их засвар хийгдэх болсон тул байрыг суллуулахыг холбогдох журмын дагуу шийдвэрлэгдэж өгнө үү гэв.
Хариуцагч *** нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн ***-ийн гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан. Байрны төлбөр 1.290.000 төгрөг гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Тухайн байранд суманд ирж байгаа ***нар байдаг. Өмнөх ***нарт байрны төлбөр авна гэж гэрээ хийж байсан зүйл байдаг. Гэрээ хийж байсан, байрны төлбөр авч байсан. Гэрээнийхээ дагуу эмч нь аль нэг данс руу байрны төлбөр гэж мөнгө шилжүүлж байсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Тиймээс би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 270.000 төгрөгийг ярьж байна. Би ажлаас чөлөөлөгдөөгүй. ***, *** гэдэг хүмүүсийг эрхлэгч биш болгоно гэж өгч байсан. Энэ асуудлыг шийдэж өгнө үү гэж би Засгийн газар руу удаа дараа өгч байсан. Одоо ч өгсөөр байгаа. Шаардсаар байгаа. ***Захиргааны хэргийн шүүхэд би 2 удаа өгсөн. Нэгийг нь би хэргийн материалд өгсөн. Мөн *** Иргэний хэргийн шүүхэд бас өгсөн. Засгийн газарт бас өгөөд энэ асуудлыг шийдэж өгнө үү гээд өнөөдрийг хүртэл хүлээгээд байж байгаа. Тэрнээс би ***сумынхныг ямар нэгэн байдлаар хохироочхоод ажлаасаа чөлөөлөгдсөн зүйл байхгүй. Би ***суманд үхэлгүй, хүндрэлгүй өнөөдрийг хүргэсэн. Харин эсрэгээр ***, *** нар маш их үхэлтэй, хүндрэлтэй. Би сая хүсэлт гаргаж нотлох гэсэн боловч та өөрөө хүлээн зөвшөөрсөнгүй. Хүсэлтийг хангасангүй. Сантехникийн ажил хийхэд саад бэрхшээлтэй байгаа эсэхийг би хүсэлт нь дээрээ бичсэн. Сантехникийн ажил хийхэд би байснаар хэр саад бэрхшээл болох юм бэ? миний байгаа доторх орчныг очоод үзээдэх. Танай энэ байгаа өрөө шиг. Гадна тал бол муу байгаа. Цонх хагарсан нь үнэн. Гэхдээ цонхыг би хагалаагүй. Гадны нөлөөтэй хагалсан. Маш их зохион байгуулалттай ажлыг эд нар хийсэн. Байраа авахын тулд, намайг хашраахын тулд, намайг ямар нэгэн зохих хэмжээгээр гэмтээгээд явуулахын тулд эд нар энэ үйлдлийг зохион байгуулалттай хийсэн. Тийм учраас би хүсэлт гаргаж цагдаагийн дарга, прокурорыг нь оруулж ир гэсэн. Прокурор нь чи өөрөө цонхоо хагалсан байна гэж байгаа. Өөрөө цонхоо хагалгаад байж байх ямар баримт байгаа юм бэ? Тэр цонхыг хагалахад миний компьютер бас хагарсан./компьютероо харуулав/ Би энэ компьютероо 2.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. 3 тоосго орж ирсэн. Тэрний нэг нь энд оносон гээд зааж харуулав. Би хэргийн газар дээр таныг очоод үзээдэх гэж хэлсэн. Та өөрөө үзсэнгүй. Миний хүсэлтийг хангасангүй. Миний хүсэлтүүд нь иймэрхүү байдлаа нотлох гэсэн баримтууд байгаа. Зугаа хөөсөн зүйл тэнд дотор байхгүй. 2020 оны 03, 05 сард албан бичиг өгч байсан нь үнэн. Тэр албан бичгийг өгөхөд би тухайн үед нь хэлж байсан. Засгийн газарт би хүсэлтүүдээ тавиад байгаа. Миний энэ асуудлуудыг цогцоор нь шийдэж өгнө үү гэсэн гомдол гаргаад байгаа. Энэ асуудлыг шийдэхээр нь би болно. Би энэ суманд ямар нэгэн үхэл, хүндрэл байхгүй, хохироосон зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулна. Нэр хүндээ сэргээлгэнэ. Би *** суманд хэдэн хүн алчхаад байгаа юм бэ?. Харин эсрэгээр *** хүний нүд сохоллоо, архи ууж агсан тавилаа, хүний хуруу тайрууллаа, хэчнээн ч удаа согтуу явж байгаа юм. Энэ эрүүлжүүлэхээр дүүрэн байна. Энэ хүмүүс хэнээс байраа авах юм, надаас авах юм уу? ***, *** авах юм уу?. *** гэхэд зөндөө хүндрүүлсэн. Би нэхэмжлэлийн хариу тайлбар дээрээ биччихсэн байгаа. Мөн хариу тайлбар дээрээ бичсэн зүйлээ би нотлохын тулд хүсэлт гаргасан. Харамсалтай нь та миний хүсэлтүүдийг бүгдийг нь татгалзлаа. Ийм байсан учраас би танаас татгалзаад байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийг би таныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч *** аймгийн ***сумын засаг даргын тамгын газар нь хариуцагч *** сумын засаг даргын тамгын газрын үйлчилгээний байрыг албадан чөлөөлүүлэх, байрны хөлс 1 290 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байрны хөлс 1 290 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1 020 000 төгрөгөөр багасгаж, 270 000 төгрөг нэхэмжилсэн болно.
Хариуцагч *** нь ажлаас чөлөөлөгдөөгүй тул албаны байрнаас гарах үндэслэлгүй мөн сантехникийн засвар үйлчилгээ хийхэд саад болсон зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргана.
*** аймгийн *** сумын төвд байрлалтай, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000000***дугаартай гэрчилгээтэй, 431700690 нэгж талбарын дугаар бүхий 162м2 газарт баригдсан ЗДТГ-ын үндсэн хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн байрны 1 өрөөг хариуцагч *** 2016 оны 11 дүгээр сараас буюу *** аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн эмчээр ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл эзэмшиж байгаа зэрэг хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч *** *** аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байна. /хх-7/
Хариуцагч *** дээрх тушаалыг эс зөвшөөрч байгаа гэж тайлбар гаргаж байгаа боловч шүүхэд гомдол гаргаагүй нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д 311.1.Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ гэж, мөн хуулийн 311 зүгээр зүйлийн 311.2-т .Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна гэж тус тус заасан.
Хариуцагч *** байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж, хариуцагч *** албадан нүүлгэж шийдвэрлэлээ.
Харин байрны хөлс 270 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хангах боломжгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч албаны байрны 1 өрөөг 1 сарын 30 000 төгрөгөөр бусдад хөлслүүлдэг гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1, 311 дүгээр зүйлийн 311.2, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *** аймгийн *** сумын ЗДТГ-ын эзэмшлийн *** аймгийн *** сумын төвд байрлалтай байрнаас хариуцагч *** албадан нүүлгэж, байрыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 270 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА