| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00207/И |
| Дугаар | 207 |
| Огноо | 2020-08-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 207
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:**
Хариуцагч: **
Хариуцагч: **нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 57,998,881.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч ** итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч **-ийн төлөөлөгч **, түүний өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга**нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ** ,** нар нь тус банктай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1100018698 дугаартай зээлийн гэрээ, 1100018698-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 11000196982-01, 11000186982-02 дугаартай батлан даалтын гэрээг тус тус байгуулан 80,000,000/наян сая/ төгрөгийн зээлийг 19 сарын хугацаатай, 365 хоногт 32.4 хувийн хүүтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгийн буюу холимог зориулалтаар авсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дээрх зээлийн гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунган, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж зээлийн дансны дугаарыг 1100021663 болгож өөрчилсөн. Энэхүү гэрээнд **нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр **, ** нар нь батлан даагчаар оролцсон. Хариуцагч нар нь зээлийн барьцаанд *** тус тус барьцаалуулсан. Хариуцагч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 53,056,430.33 төгрөг, хүүнд 24,652,939 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 172,717.17 төгрөг төлсөн. Хариуцагч нар нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байгаа бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан 1100018698 дугаартай зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, Зээлийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн үндсэн зээл 26,943,180.67 төгрөг, хүү 26,664,023.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,391,678 төгрөг нийт 57,998,881.98 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 2.Хариуцагч нар нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Татварын хэлтсийн дансанд нэхэмжлэлийн үнийн дүн болох 57,998,881.98 төгрөгөөс тооцож 447,944.41 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 70,200 төгрөг нийт 518,144.41 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Хариуцагч *** итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ***-ийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх зуны 3 сардаа жуулчид хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулдаг. 2019 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хуулсан. Тэгэхээр жуулчид баруун тал руугаа явчихдаг. Үүнээс болж манай орлого 60-70 хувь багассан. Энэ жил өвчин гарсан. Манай орлого нам зогссон. Тэрнээс бол тодорхой хэмжээгээр төлөлт хийгээд явж байгаа. Зээлийн 80,000,000 төгрөгөөс 53,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Хүү 24,652,939 төгрөгийг төлсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн хүүгээс чөлөөлж өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ...2018 онд 5,000,000 төгрөг төлсөн. ...2019 онд 3,200,000 төгрөг төлсөн. Өөрийн бололцоогоор төлж байсан. ... Үндсэн зээлийн 26,943,180 төгрөгийг төлнө. ...2016 онд би хүүгээ төлж байгаад, 2018 онд 5,000,000 төгрөг, 2019 онд 3,200,000 төгрөгийг төлсөн. ... Манай компанийн үйл ажиллагаа доголдсон. Манай тийшээ сүүлийн 4 жил дараалаад ган болж байна. Тэрнээс болж дотоодын аялагч нар маш бага ирж байгаа. Урьд нь манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад төлөөд явж байсан. Амрагч нар ирвэл манайх мөнгө олдог. Амрагч нар ирэхгүй бол мөнгө олж чаддаггүй. ...Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Жуулчны баазынхаа газрын гэрчилгээ, байшингуудтай барьцаалсан байгаа. ...Миний үл хөдлөх эд хөрөнгө зах зээлийн ханшаар 1 тэрбум 500 сая төгрөгийн үнэтэй. Тиймээс би 57,998,881.98 төгрөгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,998,881.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан тул түүнийг эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч *** итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ***-ийн төлөөлөгч ***нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 26,943,180.67 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, зээлийн хүү хэт өндөр, цаг үеийн нөхцөл байдлаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, *** нарт 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 80.000.000 төгрөгийг жилийн 32.4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатайгаар үндсэн болон эргэлтийн хөрөнгийн буюу холимог зээлийн зориулалтаар зээлүүлсэн байх ба шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дээрх зээлийн гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунган эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн дансны дугаарыг 1100021663 болгож өөрчилсөн байна.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1100018698-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, зээлдэгч талын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Зээлдэгч зээлийн болон батлан даалтын гэрээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн тооцоололд маргаагүй бөгөөд үндсэн зээлд 53,056,430.33 төгрөг хүүнд 24,652,939 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 172,717.17 төгрөг төлсөн, зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хийгээгүй хугацаа хэтрүүлсэн зэрэг хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүйг дурдах нь зүйтэй.
Зээлдэгч 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлөлтөө хийхгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлдүүлэгч талаас шаардах хуудас, мэдэгдэх хуудас /хх-ийн 21-23/ зэргийг хүргүүлж байсан байх ба зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан байна.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх зуны 3 сардаа жуулчид хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулдаг. 2019 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хуулсан. Тэгэхээр жуулчид баруун тал руугаа явчихдаг. Үүнээс болж манай орлого 60-70 хувь багассан. Энэ жил өвчин гарсан. Манай орлого муудсан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн хүүгээс чөлөөлж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж тус тус заасан.
Хариуцагч хугацаа хэтрүүлсэн нь өөрийн гэм буруугаас болоогүй гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгч нь үүргийг ялимгүй зөрчсөн гэх тайлбарыг гаргаж маргаж байгаа боловч зээлдэгч 2016 оны 08 дугаар сараас хойш зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3-т зээлдүүлэгч нь зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нар зээлийн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож зээл авсан нь тогтоогдож байх тул хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргаж буй тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч ***, *** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,998,881.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох *** хангуулж шийдвэрлэлээ.
Хариуцагчийн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум 500 сая орчим тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлана.
Хариуцагч зээл авахдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар барьцаалсан бөгөөд барьцааны зүйл нь зээлийн үүргийг бүхэлд нь хангах үүргийн гүйцэтгэлийн баталгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үлдэх 447,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 447,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч ***, *** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,998,881.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *** хөрөнгөөр хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үлдэх 447,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 447,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэж, шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА