Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 218

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***,

 

Хариуцагч: **-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,321,968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч **, нарийн бичгийн дарга ** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...**нь тус компаниас 2019 оны 08 сарын 26-ны өдөр  зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 7,3 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүгийн эргэн төлөлтийг өдөр бүр төлж 2019 оны 09 сарын 20-ны өдөр дуусгахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Гэвч **  нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор буюу хуваарийн дагуу төлж барагдуулаагүй удаа дараа зээлээ төлж барагдуулахыг шаардсан боловч төлнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн.

      2020 оны 05 сарын 25-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 760 000 төгрөг, зээлийн хүү 2019 оны 08 сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл 23 хоногийн 154 468 /2 760 000*7,3%/30*23/ төгрөг ба үүнээс 92 500 төгрөг төлсөн байх тул хасаж 61 968 төгрөг, алданги 2019.09.20-2020.05.25-ны өдрийг хүртэл 247 хоногийн 3 705 000 /3 000 000*0,5/247/ төгрөг ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1 500 000 төгрөг, нийт 4 321 968 төгрөг байна.** зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцсон ба сайн дураараа гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 4 321 968 /дөрвөн сая гурван зуун хорин нэгэн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ** шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн буюу 4,321,968 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ковид-19 өвчин гарсан. Караоке хаагдсан. Надад ямар ч орлого, ашиг байхгүй байсан учир би зээлээ төлж чадаагүй. Би сая 05 дугаар сараас ажилд орсон. Би сард 500.000 төгрөг төлөх боломжтой. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.          

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч** нь хариуцагч **4 321 968 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч **нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу нэхэмжилж буй тооцоололд маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд 4 321 968 төгрөгийг 1 сард 500 000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой гэсэн тайлбар гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 1 сард 700 000 төгрөгөөр тус тус төлөөлүүлнэ гэх тайлбарыг гаргана.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд ** нь**-иас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, 7,3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь дээрх гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 4 321 968 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ** 4,321,968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

            Шүүх хуралдаанд хариуцагч 1 сард 500 000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой гэж тайлбарлаж байгаа болно.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно гэж заасан тул шүүх төлбөр төлөгчийн сард төлөх төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй юм.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,101 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч **улсын тэмдэгтийн хураамжид 84,101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ** зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 321 968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,101 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ** улсын тэмдэгтийн хураамж 84,101 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх  хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА