Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/05

 

С.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч С.М,

Нарийн бичгийн дарга Б.Гандирмаа нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ю.Энхмаа /и/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолтой С.Мт холбогдох 1934000000295 дугаартай 1 хавтас, 225 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, охины хамтаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өндөр настаны гудамж Модны зах талаасаа 4 дэх хашаанд оршин суух,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овгийн Сарантуяагийн М, РД: ...................,

Шүүгдэгч С.М нь согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн адаг гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам аав Ж.Баяртцэнгэлийн гэрт агсан тавьж, улмаар “охин чинь хаана байна, охин чинь архидаад янхандаад яваад байна” гэж хэлж уурлан, улмаар Ж.Баяртцэнгэлийн толгойн тус газар сүхээр цохиж, бие махбодийн шаналал зовиур үүсгэж хүнд хохирол, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Н.Алтанцэцэгийн цээжин тус газарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин А.Тэргэлийн хөл рүү сүхээр тус тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн  2019/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Мт холбогдох эрүүгийн 1934000000295 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Бэсүд овгийн Сарантуяагийн Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 10  сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 60 хоногын хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 6  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, С.Мын цагдан хоригдсон 110 хоногийг  эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч С.М нь хохирогч Ж.Баяртцэнгэлд 594.600 төгрөгийг төлсөнийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хохирогч Ж.Баяртцэнгэл нь эмчилгээ хийлгэсэн зардлаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 ширхэгийг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.Мт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.11.18-ний өдөр хуралдаад шүүгдэгч С.Мт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож түүнд 6 жилийн хорих ялыг оногдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон 594 600 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой дараах нөхцөл байдал байна. Үүнд:

1. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн.

2. Шүүгдэгч бага насны охинтой бөгөөд охин нь шүүгдэгчийн өөрийнх нь асрамжид  байдаг. Шүүгдэгч С.Мын охинд асран хамгаалалт тогтоогоогүй зэрэг нөхцөл байдлууд байна.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдолдоо: “2019 оны 07 сарын 26-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад 3 найзын хамт 2 том пиво дугуй засвар дээр уусан, 2 найзын хамт караоке орж 1 шил архи 3 жижиг пиво авсан. Бид 3 нэг нэг хундага архи уусан. Би үйлдвэр орон Азжаргал байхгүй утас руу нь залган хүлээж байгаад дахин залгатал Азжаргал нь согтуу ярьсан. Би уурлан гэртээ ирж өөрийн банкны карт байхгүй болохыг мэдээд утсаар дансаа шалгахад мөнгө нь байхгүй болсон. Азжаргалыг хайсан боловч олоогүй. Унтах гээд гэрт ирэхэд доторх юм нь байхгүй хөндий гэр угтсан. Гэр болон эд зүйл нь бүгд минийх юм аа. Тэгээд Тэрэлж орсон. Гол үертэй байсан би мопедтой явган хүний гүүрээр гарч хадам болох Баяртын гэрт ирсэн. Бүгд унтаж байсан. ...Хадам аав орондоо хагас өндийгөөд намайг загнаж юу эвдчихэв гээд байсан. Би хадам ээжээс гал авсан тамхи асаан хаалганы түгжээ хадаасаараа сугарсан байсан болохоор хадах гээд гараад мопедонд байгаа сүхээ санан авч үүдэнд зогсож байтал хадам аав босон хувцсаа өмсөж надад уурлаад байсан би тэсэлгүй хаалганы түгжээ хадалгүй шууд гэрт орон танай янхан архичин охин гэж агсамнаж баруун орны урд зогсож толгойг татан унагаж гэрийн баганыг цохин унагаасан баруун талын багана нь голоороо хуваагдсан. Хадам ээж ирж намайг тэврэх гэхээр нь цээж рүү нь сүхээр түлхээд цохичихсон тэр охин руугаа ярь гэсэн. Хадам ээж утсаар ярих болоод утсаа харахгүй байна гэхээр нь би эргэж харан 2 охиныг бос гээд орны хөлөөр цохисон 2 охин босож утас асааж чи ярь гээд хадам надад өгсөн. Хадам аав өөрийн орны урд хугархай багана барин үглэж байсан. Би Азжаргал руу залгасан юм эвдсэнээ хэлсэн ээжтэй ярь гээд хадам ээжид утас өгсөн. Би утас аван дахин залгаж байтал гэнэт хадам аав хугархай баганаар далайн цохиход нь би утас барьж байгаа гараараа модыг хааж зүүн гараараа сүхээр зүүнээс баруун тийш саван гар руу нь цохисон тэгээд сүхээ алдаж хадам аав намайг дарж би араараа газар унаж хадам аав миний дээр өвдөглөн даран унасан. Баруун орны урд унасан би хагас зүүн тийш эргэж сүх аваад хойш ухрахдаа хадам аавын толгой руу чигтээ сүх авсан баруун гараараа цохин боссон. Хадам аав орны хөндөл мөргөн унасан. Би зогсож хартал аавын зүүн чихний ар дагзнаас цус шүүрч байсан би сандарч, хадам ээжээс боолт хийх юм гуйхад хадам ээж зүүн орны толгой хэсэгт хоёр хүүхэдтэй зогсож боох юм байхгүй гэсэн. Би охинд хэлж Тэргэл хутга аван орны даавуу цуулж авсан толгойд нь боолт хийж өгөхөд зүүн нүд нь доороо цэврүү үүсч байсан.

Миний буруутай үйлдлээс болж хүн гэмтсэнд нь би үнэхээр харамсаж байна. Өөрийн боломж бололцоогоороо эмчлүүлэх хүсэлтэй байна. Би хадам аав Баяртцэнгэлийг цохисон нь үнэн хадам аав над руу гэнэдүүлэн дайрсан. Цочоод цохисон энэ нь унаад босоход болсон асуудал их хурдан болсон. Би зүгээр зогсож байсан хүнийг очиж зодоод цохиогүй гэрчилж байгаа хүмүүс арай хэтрүүлж хэлж байна. Миний бие М би 11.1.2 зүйлийн хэсгийн ялыг бага ч болов багасгаж өгнө үү. Би хадам аавыг хуучин шиг нь эрүүл болгож чадахгүй ч гэсэн өөрийн бололцоогоор эмчлүүлэх болно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.М гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Мыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн адаг гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам аав Ж.Баяртцэнгэлийн гэрт агсан тавьж, түүний толгойн тус газар сүхээр цохиж, бие махбодийн шаналал зовиур үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Н.Алтанцэцэгийн цээжин тус газарт, дагавар охин А.Тэргэлийн хөл рүү сүхээр тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Мыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь:

С.Мт холбогдох хэргийг анхан шатны шүүх  2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан байх ба шүүгч Ю.Энхмаа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” 767 дугаартай шүүгчийн захирамж /хх-144/, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товлох тухай” 789 дугаартай шүүгчийн захирамж /хх-153/ тус тус гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 496 дугаартай “шүүх бүрэлдхүүн өөрчлөн томилсныг албажуулах тухай” захирамжаар, шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Б.Баттулга, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдхүүнтэй шийдвэрлэхээр /хх-167/ томилж албажуулсан, уг бүрэлдхүүнээр хэргийг шийдвэрлэсэн  байна.

Гэтэл шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товлох хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  шүүгч Ю.Энхмаа явуулсан байх ба эрүүгийн 1934000000295 дугаартай хэрэгт түүнийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж байхгүй, хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар “Анхан шатны шүүхин ерөнхий шүүгч нь хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн “урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товлох тухай” 789 дугаартай  шүүгчийн захирамж тамгагүй, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 496 дугаартай “шүүх бүрэлдхүүн өөрчлөн томилсныг албажуулах тухай” ерөнхий шүүгчийн захирамжинд “...шүүгч Ю.Энхмаа нар ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх бүрэлдхүүнд оролцож болохгүй үндэслэл тогтоогдож байх тул бүрэлдхүүнийг өөрчлөн томилох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн атлаа шүүх бүрэлдхүүнд шүүгч Ю.Энхмааг томилсон агуулгын зөрчилтэй захирамж гаргасан байгааг магадлалд дурьдах нь зүйтэй байна.

Хэргийг шүүхэд буцаасантай холбогдуулан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг  хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч С.Мт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч С.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

 

 

                                                                     Г.БОЛОРМАА