Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0538

 

2026 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0538

Улаанбаатар хот

 

 

 

Л.Дын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 119/ШШ2026/0036 дугаар шийдвэр

  Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Л.Д,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/397 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц,

Хэргийн индекс: 119/2025/0046/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Л.Даас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/397 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 119/ШШ2026/0036 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Дын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/397 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Шүүх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч талаас уг агуулгаар тайлбараа гаргаж, мэтгэлцсээр байхад шүүх огт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл байхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй талаар тайлбараа гаргаж мэтгэлцсээр байхад шүүх уг асуудалд хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.2 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргасан. Тодруулбал, “...гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах, цаашид авто замыг өргөтгөх зэрэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болох нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг үндэслэлд хамаарах нотлох баримт цуглуулах ажиллагаа огт хийгээгүй, нотлох баримтгүй дүгнэлт хийсэн.

3.3 Мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн буюу маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон. Мөн автозамын зураг төслийг хэрэгт нотлох баримтаар бүрдүүлээгүй атлаа өргөтгөл хийх ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.4 Нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэх үед маргаан бүхий актын үндэслэлд заасан нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож, шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх боломжтой байсан. Уг ажиллагааг хийгээгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэжээ.

   4. Хариуцагч тал нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,

3.1. Нэхэмжлэгч Л.Д нь иргэн Д.Маас 2024 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ Хабитат-1, *** тоот, 640 м.кв газрыг,

иргэн Ц.Мөнхбаяраас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний  үндсэн дээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, 25-р баг, чингэл дэнж, Эрдэнэт-Булган А1001, А1002 гудамж, *** тоот 351 м.кв газар эзэмших эрхийг тус тус шилжүүлэн авч, Баян-Өндөр сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/240 дүгээр газар эзэмшүүлэх тухай захирамжаар дээрх газруудыг 10 хугацаатай эзэмших эрхтэй болсон.

3.2. Баян-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэнд газар эзэмшүүлсэн тухай шийдвэр хүчингүй болгох тухай” А/397 дугаар захирамжаар “...сумын Засаг даргын 2024 оны А/240 дугаар захирамжийн хавсралтын 4, 6 дугаар мөрийн Л-гийн Дд Чингэл баг, Эрдэнэт-Булган А1001, А1002 дугаар гудамжинд 991 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэр нь Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг зөрчиж байх тул тухайн захирамжийн холбогдох мөрийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.

4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д ”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:” гээд 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;”, 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;”, 48.2.3-д “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;”, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;”, 48.2.5-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” хэмээн,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” хэмээн,

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал сумын Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. Гэхдээ ийнхүү шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасан журмын дагуу бодит нөхцөл байдлыг судлан тогтоож, зорилгодоо хүрэх аргыг зөв сонгох буюу өөрийн өмнө эрх олгосон шийдвэрийн үндсэн дээр эрхээ хэрэгжүүлж буй газар эзэмшигчид хамгийн бага дарамт учруулах боломжит хувилбарыг судалсны үндсэн дээр эрхийг хамгийн бага хэмжээнд хөндөх шийдвэрийг гаргах үүрэгтэй.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Зам, тээврийн яамны 2026 оны 05/2034 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

5.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий сумын Засаг даргын 2019 оны А/123 дугаар захирамж бүхий улсын бүртгэлийн болон нэгж талбарын Э-210***, 610***, Э-210***, 610*** дугаар бүхий газрыг нэр бүхий иргэдээс “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авч, Баян-Өндөр сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/240 дүгээр газар эзэмшүүлэх тухай захирамжаар тухайн газрыг 10 хугацаатай эзэмших эрхтэй болсон.

5.2. Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Улсын чанартай авто замын хамгаалалтын зурвас тогтоох, газар эзэмшүүлэх тухай” А/860 дугаар захирамжаар улсын чанартай А1001, А1002 хатуу хучилттай авто замын хамгаалалтын зурвасын 3 нэгж талбарт хамаарах 1974681 м.кв газрыг Зам, тээврийн хөгжлийн яаманд авто замын зурвас газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй маргаан бүхий газар нь Эрдэнэт-Булган чиглэлийн авто замын тэнхлэгээс 16.7 метрийн зайд байгаа.

5.4. Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Улсын чанартай авто замын чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/49 дүгээр тушаалын 10 дугаар хавсралтаар “Дархан-Эрдэнэт-Булганы авто замын чиглэл”-ийн А1001, А1002 дугаартай замын чиглэлийг шинэчлэн баталсан.

Ингэхдээ тухайн зурвас газрыг гэрчилгээжүүлэх явцад авто замын зурвас газарт өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх олгогдсон газрыг хасаж шийдвэрлэсэн.

5.5. Эрдэнэт-Булганы чиглэлийн авто зам 2024 онд шинээр баригдсан зам биш. Тухайн зам баригдаад хэдэн арван жил болсон.

5.6. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон Автозамын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2017 онд батлагдаж, 2018 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад хариуцагч сумын Засаг дарга 2019 оны А/123 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэр бүхий иргэдэд анх эзэмшүүлж, улмаар сумын Засаг даргын 2024 оны А/240 дүгээр захирамжаар тухайн газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгчид 10 жилийн хугацаатай олгосон атлаа захирамж гарснаас хойш  14 сарын дараа Авто замын тухай хуулиар хориглосон газар газар эзэмших эрх олгосон гэх үндэслэлээр өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх буруу үнэлэн, “...Л.Дын эзэмшлийн газар нь авто замын тэнхлэгээс 16.7 метрийн зайд байгаа нь тухайн авто замыг улсын чанартай авто замын тэнхлэгээс 50 метр, орон нутгийн чанартай авто замын тэнхлэгээс 30 метрийн зайд байх хуулийн шаардлагатай нийцээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын чанартай авто зам болохоос нь өмнө иргэн Л.Д тухайн маргаан бүхий газрыг эзэмшиж эхэлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй...” хэмээн дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 42 дугаар зүйлийн 42.2, 48 дугаар зүйлийн 48.2 болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар захиргааны байгууллага нь улсын чанартай авто замын зурвас тогтоох зэрэг нийтийн эрх ашгийн үүднээс өөрийн урьд гаргасан шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох тохиолдолд дан ганц шийдвэр гаргаад орхих бус мөн тухайн шийдвэрээс үүдэн гарах үр дагаврыг хамтад нь шийдвэрлэх үүрэгтэй.

Тухайн тохиолдолд, Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл бодитоор оршиж байхад хариуцагчаас маргаан бүхий газрыг анх нэр бүхий иргэдэд эзэмшүүлж улмаар нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлсэн үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Мөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтаар маргаан бүхий сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө Орхон аймгийн Засаг даргын 2024 оны А/860 дугаар захирамжаар улсын чанартай А1001, А1002 хатуу хучилттай авто замын хамгаалалтын зурвасын 3 нэгж талбарт хамаарах 1974681 м.кв газрыг Зам, тээврийн хөгжлийн яаманд авто замын зурвас газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2025 оны  А/49 дүгээр тушаалын 10 дугаар хавсралтаар “Дархан-Эрдэнэт-Булганы авто замын чиглэл”-ийн А1001, А1002 дугаартай замын чиглэлийг шинэчлэн баталсантай холбоотойгоор тухайн зурвас газрыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны хүрээнд авто замын зурвас газарт өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх олгогдсон газрыг хасаж шийдвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах үйлчлэх ёстой гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

7. Иймд, хариуцагчаас маргаан бүхий газар Орхон аймгийн Засаг даргын 2024 оны А/860 дугаар захирамжаар Зам, тээврийн хөгжлийн яаманд эзэмшүүлсэн газартай давхацсан байгаа эсэх, “зурвас газрыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны хүрээнд авто замын зурвас газарт өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх олгогдсон газрыг хасаж шийдвэрлэсэн” гэх үйл баримт маргаан бүхий газарт хамаарах эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр газрыг нэхэмжлэгчид үргэлжлүүлэн эзэмшүүлэх эсэх, хэрэв боломжгүй бол газрын байршил, зориулалтыг өөрчлөх зэрэг хуульд заасан бусад боломжит хувилбарыг судлан үзэж, зорилгодоо хүрэх аргыг зөв сонгон хэрэгжүүлэх замаар тухайн зөрчлийг шийдвэрлэх үүрэгтэй.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ажиллагаа нь  шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий Баян-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/397 дугаар захирамжийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захирамж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 119/ШШ2026/0036 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/397 дугаар захирамжийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчилж, мөн “ТОГТООХ” хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол А/397 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   

     ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

  

     ШҮҮГЧ                                                    Ц.ОДМАА

 

   

     ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА