Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 109/ШШ2022/0018

 

 

 

 

         Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Б.А, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан иргэн Я.Дын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т, Б.А нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А, Д.Г нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “ ...Я.Д-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс буюу 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгох, мөн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай актын Я.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах, нэхэмжлэгч талаас Я.Д-ын 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоосон сумын орон тооны бус зөвлөлийн шийдвэр хүчинтэй байгаа хэдий ч Нийгмийн даатгалын байгууллага нотлох баримт дутуу гэж үзэж байгаа тул иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх санал тавьсан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг хүлээн авсан ба хариуцагч тал Я.Д-ын тэтгэврийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгох, мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот актын Я.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үүрэг хүлээж, нэхэмжлэгч тал Я.Д-ын 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх үүрэг хүлээж эвлэрлэн хэлэлцэв ...” гэжээ .

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд иргэн Я.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Я.Д-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Я.Д-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Иргэн Я.Д нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр иргэн С.П-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон байна. /х.х-н 5/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “ ... Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай актын хавсралтын Я.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ...” гэх ихэсгэсэн байна. /х.х-н 74-75/

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1/453 дугаар албан бичгээр Д.Т, Б.А нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ./х.х-н 73/

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, иргэн Я.Д нь 1965 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 56 нас 5 сартай эрэгтэй байх бөгөөд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн №01 дүгээр тогтоолоор тус сумын Хануй багийн малчин Я.Д-ыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 жил мал маллаж байсан байдлыг тогтоожээ. /х.х-н 5, 29-34/

Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан байна. /х.х-н 19-20/

Гэтэл Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр бүхий иргэдийн тэтгэвэр олголт зогсоох тухай” 10 дугаартай актаар баримт материал дутуу бүрлүүлж малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 16 иргэний тэтгэвэр олголтыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоосны хавсралт 16 дугаарт иргэн Я.Д бичигджээ. /х.х-н 40-41/

Нэхэмжлэгч Я.Д-д өндөр насны тэтгэврийг зогсоож байгаа талаар Өндөр-Улаан сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Д мэдэгдэж, тэтгэвэр тогтоох үндэслэл болсон газрын гэрчилгээнд заасан сумын Засаг даргын захирамж архиваас гараагүй, 1995-2000 онд мал маллаж байсан болох нь нотлогдохгүй байгаа гэх үндэслэлийг хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурджээ. /х.х-н 15-16/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрч, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тодруулбал, “ ... хариуцагч тал Я.Дын тэтгэврийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгох, мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот актын Я.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үүрэг хүлээж, нэхэмжлэгч тал Я.Д-ын 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх үүрэг хүлээж эвлэрлэн хэлэлцэв ...” гэх нөхцөлөөр хэргийн оролцогч нар эвлэрсэн байна. /х.х-н 94-96/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ...  хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...” 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Б.А, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т, Б.А нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нь хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Б.А, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т, Б.А нартай “ ... хариуцагч тал Я.Д-ын тэтгэврийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгох, мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот актын Я.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үүрэг хүлээж, нэхэмжлэгч тал Я.Д-ын 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх ...” нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ТҮВШИНТУЛГА