Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/963

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Ч.гай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.гайд холбогдох эрүүгийн 2305029271676 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 13-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, мужаан мэргэжилтэй, *******ын ******* ******* *******ьд сантехникч ажилтай, ам бүл 3, хоёр дүүгийн хамт *******ын ******* ******* *******ийн оюутны дотуур байрны ******* тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын гай (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Ч.гай нь 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамжны 83а тоотод байрлах нийтийн байрны 55 тоотод оршин суух иргэн Б.маагийн гэрээс “iPhone 11 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч түүнд 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.гай мэдүүлэхдээ: “...Тухайн айлд хаалга нь онгорхой байсан болохоор манай найзын гэр гэж бодоод орсон. Тухайн айлаас хохирогчийн гар утсыг миний гар утас байна гэж бодоод андуураад авсан, гэхдээ iPhone 11 байсан гэж санахгүй байна. Тэр гар утсыг миний өөрийн гар утас байсан гэж бодсон. Би айлд ороод гэрэл тусгах гэсэн чинь утас байхгүй байсан. Тэгээд ширээн дээр байсан утсыг миний утас байна гээд аваад нөгөө хүмүүсийг манай найз биш байна гээд буцаад гарсан. Тухайн байранд Нарангэрэл гэдэг манай найзынх байсан. Авсан утсаа яасныг санахгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-83а тоотод байр түрээслээд 2 сар болж байгаа. Би өмнө нь нэг давхарт байж байгаад тухайн хэрэг гардаг өдөр хоёр давхрын 55 тоотод нүүж орсон юм. 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнийн 01 цагийн үед сэрэхэд миний ширээн дээр үлдээсэн гар утас байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Улмаар би нийтийн байрныхаа хяналтын камерыг шалгахад үл таних эрэгтэй манай өрөө рүү орж байгаа болох нь бичигдсэн байсан. Тус хяналтын камерт бичигдсэн гэх этгээд нь өмнө нь манай байранд амьдарч байсан гэсэн, манай байрны хүмүүс хэлсэн, мөн байрны эзэн нь таньж байсан. Би 3 жилийн өмнө Теди төвөөс 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан 128 gb багтаамжтай, цагаан өнгийн iPhone 11 pro маркийн гар утас байсан. Тухайн үед улаан өнгийн ар талдаа карт ордог кейстэй байсан. Тухайн үед миний найз манай гэрт хонож байгаад жирэмсэн учир хаалга бага зэрэг онгойлгоод унтсан байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, арын камер хэсэг нь улаан хамгаалалттай байсан. Гар утасны ард талд Хаан банкны карт байсан. ...Би гар утас хулгайлсан гэх этгээдийг өмнө нь харж байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-83а тоотод нийтийн байр түрээслэн амьдраад 5 жил болж байна. Ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найз маа нь манай нийтийн байрны нэг давхарт амьдардаг байж байгаад хоёр давхарт 55 тоотод шилжин ороод би тус орой гэрт нь хамт хоносон юм. Шөнө 01 цагийн үед маа сэрээд гар утас нь байхгүй байна гээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид нар тухайн өдрөө хяналтын камер шалгахад хулгай хийсэн гэх залуу нь манай нийтийн байранд 2022 оны зун гурван давхрын 4 тоотод амьдардаг байсан гай гэх залуу байсан. Уг эрэгтэй нь тухайн үедээ гэртээ ганцаараа амьдардаг байсан, надад хэлэхдээ өөрийгөө Иргэний нисэхэд ажилладаг гэж хэлж байсан. Тус эрэгтэй жижигхэн биетэй, махлагдуу, нүд нь бага зэрэг давхраатай, 150-155 см орчим өндөртэй. Би хяналтын камерт бичигдсэн этгээд нь гай болохыг хараад шууд таньж байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-723/7668 дугаартай: “...iPhone 11 pro, хэрэглэж байсан 1 ширхэг гар утас 1,250,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Сэжигтэй этгээд нийтийн байр руу орж ирж байгааг харуулав. Тус этгээд нь хохирогчийн гэрийн хаалгыг онгойлгож байгааг харуулав. Тус этгээд хохирогчийн гэрт орж байгааг харуулав. Тус этгээд нь хохирогчийн гэрээс гар утас аваад гарч ирж байгааг харуулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...гэрч Т.ын тус 2 дугаараар дугаарласан хүний нэрийг гай гэдэг, өмнө нь манай нийтийн байранд байр түрээслэн амьдардаг байсан эрэгтэй бөгөөд биеийн хэлэмж, царай зүсээр нь хараад таньж байна” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ч.гайн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хэдэн найзуудтайгаа караоке орж архи болон пиво уусан. Тэгээд шөнө дунд найзындаа очиж хонохоор Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 5-83а хашааны нийтийн байр руу очсон. Тэгээд тухайн нийтийн байрны 2 давхарт гараад нэг хаалга татахад онгорхой байсан. Тэгээд ороход хэдэн хүмүүс унтаж байсан, харанхуй байсан болохоор би утсаараа гэрэл тусгах гээд тэмтэрч байгаад ширээн дээр нэг утас байхаар нь авч зөв айлд орсон эсэхээ үзэхээр гэрлийг нь тусгаж  харахад өөр хүмүүс байсан. Тэгээд гарч явахад бороо орж байсан, би согтуу байсан болохоор ухаан санаа дэн дун байсан. Тэгж явсаар нэг байрны орцонд орж унтсан. Би тэр утсыг ямар загварын утас байсныг санахгүй байна. Намайг өглөө тэр байрны орцонд сэрэхэд надад утас байгаагүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ямар ч байсан хүний утсыг андуурч авч, алга болгосон юм чинь хохирлыг нь барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ч.гайн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 441013590 дугаартай дансны хуулга,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ч.гайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Ч.гайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Ч.гай нь 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамжны 83а тоотод байрлах нийтийн байрны 55 тоот өрөөнд оршин суух Б.маагийн гэрээс “iPhone 11 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Б.маа, гэрч Т. нарын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгч Ч.гайн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Хэрэв “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн бол хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуульд хуульчилсан бөгөөд орон байранд нэвтрэх гэдэгт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь сэм орох зэрэг аргаар нэвтрэн орсныг хэлдэг.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.гай нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамжны 83а тоот хаягт байрлах нийтийн байрны 55 тоотод гэрийн эзэн Б.мааг унтаж байхад нь сэм орж, түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүдэгч Ч.гайн дээрх үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Аливаа гэмт хэрэг нь хүний ухамсарлагдсан, бие махбодын идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг бөгөөд гэмт үйлдэл нь хүний бие эрхтний хөдөлгөөн төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг болно.

Хэдийгээр шүүгдэгч Ч.гай нь “би нийтийн байранд найзындаа хонохоор очсон, тэгээд ороход хэдэн хүмүүс унтаж байсан, харанхуй байсан болохоор би утсаараа гэрэл тусгах гээд тэмтэрч байгаад ширээн дээр нэг утас байхаар нь авч зөв айлд орсон эсэхээ үзэхээр гэрлийг нь тусгаж харахад өөр хүмүүс байсан” гэж мэдүүлдэг боловч хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч Ч.гай нь нийтийн байрны тухайн өрөөнд орохоосоо өмнө гар утасны гэрлээ асааж, хэсэг хугацаанд доторх зүйлийг ажигласны дараа уг өрөөнд нэвтэрсэн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Ч.гайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.гай нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгосон шүүгдэгч Ч.гайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.маад 1,250,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.гай нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Б.маа нь “гомдол, саналгүй” талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч Ч.гайг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ч.гай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул уг зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ч.гайд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ч.гайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар маргаагүй боловч хэргийн зүйлчлэл буюу хууль хэрэглээний асуудлаар санал, тайлбар гаргаж оролцсоныг гэм буруугийн талаар маргасан гэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан зохицуулалтыг хэрэглэх нөхцөл хангагдсан гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.гайг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.гайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.гай баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.гайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******.6, *******.7, *******.8, *******.10, *******.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын гайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.гайг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.гайд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Ч.гайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.гай нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.гайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА