Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

                

  2020             3              31                                          2020/ДШМ/381

 

 

Б.Б, Э.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Дуламсүрэн,                            

шүүгдэгч, хохирогч Э.Г,

шүүгдэгч, хохирогч Б.Бий өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Б.Б, Э.Г нарт холбогдох 1906046351787 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.А овгийн Б-н Б, 1999 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, .... хотхон, .... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..../;

 

2. Б овгийн Э-ийн Г, 1996 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... их сургуулийн ... дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүрэг, ..дугаар хороо, ... дугаар гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Харуул Алтай” хотхоны 102 дугаар байрны гадаа байрлах сааданд иргэн Э.Гтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн далд ясны хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, үүдэн зүүн доод 2 дугаар шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Харуул Алтай” хотхоны 102 дугаар байрны гадаа байрлах сааданд иргэн Б.Бтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аранжин овгийн Баярсайханы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овгийн Энхцэцэгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярсайханы Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Энхцэцэгийн Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, Э.Г нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Б, Э.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Дуламсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй, улмаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Боржигон овгийн Энхцэцэгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь тодорхой харагдаж байна. Гагцхүү тогтоох хэсгийн 2 дахь заалтын 3 дахь мөрний “ялаар” гэсний дараа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж оруулах байсныг орхигдуулсан нь буруу байна.

Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү алдааг засах боломжтой, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж өнгө үү” гэв.

Шүүгдэгч, хохирогч Э.Г “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б, Э.Г нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Харуул Алтай” хотхоны 102 дугаар байрны гадаа байрлах сааданд иргэн Э.Гтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн далд ясны хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, үүдэн зүүн доод 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Харуул Алтай” хотхоны 102 дугаар байрны гадаа байрлах сааданд иргэн Б.Бтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Гын “Би 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 102 дугаар байрны гадаа сааданд найз Энхболд болон зүс мэдэх хоёр дүүгийн хамт байж байхад хоёр залуу сааданд ямар нэгэн юм яриад ороод ирсэн. ...нөгөө хоёр залуу буцаж ирээд жижиг халимаг үстэй цайвардуу царайтай, дунд зэргийн нуруутай, цайвар өнгийн хувцастай 20 орчим насны залуу нь “би чамайг саналаа, чи талийгаачийн ах нь байна ш дээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуутай маргалдсан. Би маргалдаж байхдаа “дуудах хүнийхээ нэрийг зөв дуудаарай” гээд тэр залуугийн хацар хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэр залуу “намайг ямар овоо юм бэ, чамайг алнаа” гээд байсан. Тэр залуутай маргалдаж байхад миний эрүүний зүүн хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Би манараад доошоо явган суугаад шүлсээ хаяхад цус гарч байсан. ...” /хх 21-22/,

хохирогч Б.Бий “Би 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 21 цагийн үед найз Гүндалайгийн хамт байрныхаа орчим явж байгаад 102 дугаар байрны сааданд очсон. Тэр сааданд зүс харсан нэг залуу гурван залуугийн хамт пиво уугаад байж байсан. ...би нөгөө зүс харсан залууг “чи талийгаачийн ах байна ш дээ” гэж хэлэхэд “би ч гэсэн чамайг таньж байна” гэж хэлээд миний нүүр рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Над руу ойртоод ирэхээр нь би дахиж цохих гэж байна гэж бодоод тэр залуугийн шанаа хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. ...” /хх 24/,

гэрч Г.Энхболдын “Би 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр найз Гтой уулзаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 102 дугаар байрны гадаа сааданд сууж байхад 22 цагийн үед үл таних хоёр залуу сааданд юм яриад ороод ирсэн. ...саарал цамцтай, саарал өмдтэй, цайвар туранхай дунд зэргийн нуруутай 20 орчим насны залуу нь Год “чи талийгаачийн ах байна ш дээ” гэсэн чинь Г “чи дууддаг хүнийхээ нэрийг дуудаарай” гээд тэр залуугийн хацар руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон чинь нөгөө залуу “чи ганц цохиод унагааж чадахгүй, чамайг алнаа” гээд байсан. Тэгтэл Г “яах гээд байгаа юм” гэхэд нөгөө залуу Гыг нэг удаа гараа атгаж байгаад цохичихсон. Г доошоо суугаад эрүүгээ бариад суучихсан. ...” /хх 25/,

гэрч Б.Гүндалайгийн “Би тэр өдөр 22 цагийн үед найз Бтэй хамт байрны дүү Тээктэй уулзахаар явж байгаад 102 дугаар байрны сааданд ирсэн. ...Б сааданд байсан нэг залууд “чи манай найзын ах байна ш дээ” гэж хэлсэн. Тэр залуу хар өнгийн канттай бэлтгэлийн цамцтай, саравчтай малгайгаа буруу харуулж өмссөн байсан бөгөөд “чи тэгээд яах гээд байгаа юм” гэж хэлээд Бийг хоёр удаа гараараа цохиод хувцсаа тайлаад, цээжээ нүцгэлээд Б рүү дайрсан. Би болон тэнд байсан хүмүүс нөгөө залууг салгах гээд дундуур нь орох үед Б тэр залууг нэг удаа нүүр рүү нь цохисон. ...” /хх 26/ гэх мэдүүдгүүд,

“Э.Гын биед эрүү ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн хугарал, зүүн хацар ясны хугарал, үүдэн зүүн доод 2 дугаар шүдний сулрал бүхий хүндэвтэр гэмтэл” учирсныг тогтоосон хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1394 дугаартай /хх 98-100/,

 “Б.Бий биед 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл” учирсныг тогтоосон хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 46 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 120-121/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүх, шүүгдэгч Б.Бий хохирогч Э.Гын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Гын хохирогч Б.Бий нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б, Э.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзаж үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тэдний гэм бурууд тохирсон байна.

Прокурор Н.Дуламсүрэн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.  

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгтээ шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна. Харин ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Баярсайханы Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Энхцэцэгийн Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан байдлаар бичиж техникийн шинжтэй алдаа гаргажээ. Энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Б, Э.Г нарт тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулахдаа уг ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарвал зохино. 

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана заажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн тэдний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул прокурорын эсэргүүцэлд дурдсанаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхцэцэгийн Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчлөлт,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Год оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярсайханы Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Э-ийн Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-ны Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхцэцэгийн Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Год оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос 90 хоногийн дотор биелүүлэхээр тус тус тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ