| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2022/0010/З |
| Дугаар | 109/ШШ2022/0019 |
| Огноо | 2022-05-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 109/ШШ2022/0019
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын
зарим хэсгээс татгалзаж, хариуцагчтай эвлэрсэн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.П
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагч: Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Т, Д.Г, Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай” 10 дугаартай актын Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Д.Т, хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Т, Д.Г, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Б.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би Б.Н-гийн тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь хариуцагч тал өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг зөвшөөрсөн болно гэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А, Д.Г нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “ ... Нэхэмжлэгч Б.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Б.А, Д.Г бид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлэн хэлэлцэв. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс буюу 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгох, Архангай аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай актын Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгох үүрэг хүлээж, нэхэмжлэгч тал Б.Н-гийн 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоосон Өндөр-Улаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр байгаа хэдий ч нийгмийн даатгалын байгууллагаас нотлох баримт хангалтгүй үзэж байгаа тул дээрх хугацааны мал маллаж байсан байдлыг иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх үүргийг хүлээж эвлэрлэн хэлэлцэж энэхүү гэрээг байгуулав. Талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүхэд иргэн Б.Н нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2. Иргэн Б.Н нь 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр иргэн С.П-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ. /х.х-н 4/
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “ ... Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай актын хавсралтын Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ...” гэх ихэсгэсэн байна. /х.х-н 121-122/
4. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, иргэн Б.Н нь 1971 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 51 нас 3 сартай эмэгтэй байх бөгөөд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №01 дүгээр тогтоолоор тус сумын Бэлхи багийн малчин Б.Н-г 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 жил мал маллаж байсан байдлыг тогтоожээ. /х.х-н 4, 41-51/
5. Улмаар 2021 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан байна. /х.х-н 26-29/
6. Гэтэл Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр бүхий иргэдийн тэтгэвэр олголт зогсоох тухай” 10 дугаартай актаар баримт материал дутуу бүрдүүлж малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 16 иргэний тэтгэвэр олголтыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоосны хавсралт 1 дүгээрт иргэн Б.Н бичигджээ. /х.х-н 72-75/
7. Нэхэмжлэгч Б.Н өндөр насны тэтгэврийг зогсоож байгаа талаар Өндөр-Улаан сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Д мэдэгдэж, тэтгэвэр тогтоох үндэслэл болсон газрын гэрчилгээнд заасан сумын Засаг даргын захирамж архиваас гараагүй, 1995-2000 онд мал маллаж байсан болох нь нотлогдохгүй байгаа гэх үндэслэлийг хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурджээ. /х.х-н 17-18/
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн бусад шаардлагын хүрээнд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрч, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тодруулбал, “ ... Нэхэмжлэгч Б.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би Б.Н-гийн тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь хариуцагч тал өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг зөвшөөрсөн болно ...”, “ ... хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс буюу 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгох, Архангай аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай актын Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үүрэг хүлээж, нэхэмжлэгч тал Б.Нгийн 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх үүргийг хүлээж эвлэрлэн хэлэлцэж энэхүү гэрээг байгуулав ...” гэжээ.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... нэхэмжлэлээсээ ... , эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...”, 66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.
10. Уг хэргийн тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн бусад шаардлагын хүрээнд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
11. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., 25 дугаар зүйлийн 1. 6/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1., 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нь шүүхэд гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Б.А, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т, Б.А нартай эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
12. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 68 дугаар зүйлийн 68.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1. 6/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т, Б.А нар нь “ ... Б.Н-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс буюу 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгох, Архангай аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай актын Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үүрэг хүлээж, нэхэмжлэгч тал Б.Нгийн 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх ...” нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, иргэн Б.Н-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Т, Д.Г, Б.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА