| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0731/З |
| Дугаар | 221/МА2026/0510 |
| Огноо | 2026-07-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0510
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газар болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох /концессын гэрээний 1.15-д заасны дагуу концесс эзэмшигч “Э” компанид учирсан ханшийн зөрүүний алдагдал/ болох 3,393,945.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг баталгаажуулж, уг төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Үндэсний хөгжлийн газрын эрх залгамжлагч Эдийн засаг, хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
Концесс эзэмшигч “Э” компанид төлбөл зохих 3,393,345.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллага буюу Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 342 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, өмгөөлөгч Э.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0731/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Монгол Улсын Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдуулан “Монгол Улсын Засгийн газар болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох /концессын гэрээний 1.15-д заасны дагуу концесс эзэмшигч “Э” компанид учирсан ханшийн зөрүүний алдагдал/ болох 3,393,945.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг баталгаажуулж, уг төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Үндэсний хөгжлийн газрын эрх залгамжлагч Эдийн засаг, хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Концесс эзэмшигч “Э” компанид төлбөл зохих 3,393,345.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллага буюу Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 342 дугаар шийдвэрээр: Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.8, 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...3.1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 3 дахь заалт, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолын 4 дэх заалтад заасны дагуу талуудын хооронд байгуулсан концессын гэрээний үнийг 35 922 290.00 доллар байхаар гэрээний 1.6-д зааж, тус гэрээний 1.13-т заасан хуваарийн дагуу төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн байдаг.
Тухайн концессын гэрээний үнийг ам.доллартай тэнцэх төгрөгөөр хийж байгаа нь уг гэрээний зүйл нь удаан хугацаагаар гүйцэтгэдэг ба энэ хугацаанд аливаа байдлаар концесс эзэмшигч хуулийн этгээдэд алдагдал учруулахгүй байхын тулд заасан зохицуулалт ба уг гэрээний үнэ нь ам.доллараар илэрхийлэгдэж, төлбөр гүйцэтгэх үеийн ханшаар тооцогдох нь Концессын гэрээний төлбөрийн гол нөхцөл болно. Ийм учраас гэрээний үнийг Засгийн газраас ам.доллараар тогтоож, гэрээнд тусгасан.
Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газрын энэхүү хууль ёсны шийдвэрт үндэслэж, гэрээг байгуулан, концессын зүйлийг барьж хүлээлгэн өгсөн байгаа болно.
Хариуцагч нарын зүгээс гэрээнд заасан санхүүжилтийг олгохдоо тухайн жилийн төсвийн төсөөллийг баталсан дүнгээр өмнөх жилийн төсөвт суулгасан төлбөрийг л олгосон ба тухайн санхүүжилтийг олгох төсвийг батлагдахад тооцсон ам.долларын ханш болон төлбөр төлөгдөх өдрийн Монгол банкны ам.долларын ханш нь зөрүүтэй болох нь хэрэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлэг хийсэн өдрүүд болон тухайн өдрийн банкны албан ёсны ханшны баримтуудаар нотлогддог.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар төлбөрийг төгрөгөөр олгогдох үеийн ам.долларын ханшаар тооцох тухай зохицуулалтыг гэрээнд хөдөлшгүй буюу шууд утгаар зааж өгсөн.
Хариуцагчийн санхүүжилт олгохдоо тооцсон Сангийн яамнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханш нь эргэн төлөлтийн ам.долларын ханш биш ба зөвхөн концессын зүйлийг тухайн жилийн төсөвт урьдчилан суулгаж байх төсөөллийн буюу тооцооллын дүн болно.
Хариуцагчийн хувьд төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гэрээний 2.12-т зааснаар бүрэн тусгасан гэж тайлбарлахдаа бодит бусаар тайлбарлаж, бүгдийг төлсөн гэж үндэслэлгүйгээр маргаж байгаа ба бодит шилжүүлгийн хэмжээ үнийн талаар шүүх огт дүгнэлт хийлгүй шийдвэрийг гаргасан.
2023 оны батлагдсан төсвийн эх үүсвэрээс санхүүжилтийг дутуу олгосон нь баримтуудаар тогтоогддог. Санхүүжилтийг хасаж олгосон нь гэрээнд заасан үндэслэлд хамаарахгүй.
Гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төгрөгөөр олгосон өдрийн ам.долларын ханшаар тооцоход зөрүү гарч концесс эзэмшигчид ашиггүй буюу алдагдлыг үүсгэсэн нь бодит үнэн.
Концессын гэрээний 1.16.1-т нэмэлтээр оруулсан зохицуулалт нь гэрээний 1.6, 1.14, 1.15-ын зохицуулалтад өөрчлөлт оруулаагүй, хүчингүй болгоогүй тул үндсэн гэрээний дээрх зохицуулалтын үйлдэл нь хэвээр үлдсэн. Энэ нь нэмэлт гэрээний 2.1-т зааснаар тодорхойлогддог.
Иймд тооцоо нийлсэн акт болон гэрээний нэмэлт өөрчлөлтийг ханшийн зөрүүний алдагдлыг тооцсон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд үндсэн гэрээний 1.6, 1.14, 1.15-д заасныг хэрэгжүүлээгүй Эдийн засаг, хөгжлийн яамны татгалзал, эс үйлдэхүйгээр Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг илэрхий зөрчсөн байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх ёстой.
Концессын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор маргаж буй концессын гэрээний үнийг тогтоон баталж, Концессын гэрээний 1.6-д 35 922 290.00 ам.доллараар гэрээг байгуулсан. Концессын гэрээний төлбөрийг ам.доллараар тогтоож, түүнийг олгохдоо хэрхэн тооцоог хийх, гэрээний талуудын хэн алинд нь ашигтай байдлаар ханшийн зөрүү алдагдлыг тооцох аргачлалыг гэрээний 1.14, 1.15-д тус тус урьдчилан тодорхойлж өгсний үндсэн дээр буюу төрийн эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан шийдвэр, гэрээнд итгэж нэхэмжлэгч нь гэрээг байгуулж тухайн концессын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бүхий л ашиг алдагдлыг гэрээний дүнгээр хариуцан санхүүжилт, хөрөнгө оруулалтын зардлыг гаргаж ажлыг бүрэн гүйцэтгэсэн.
Гэтэл бодитоор төлсөн төлбөрийг концессын гэрээний 1.15-д “...хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөн тусгана” гэж заасны дагуу тооцоход гэрээний 1.6-д заасан дүнгээс бага байгаа нь ханшийн зөрүүний алдагдал бөгөөд нэхэмжлэгчид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг үүсгэж, эрх ашиг сонирхлыг шууд зөрчсөн нь баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна.
Монгол Улсын Үндсэн хууль нь Хүний эрх, эрх чөлөө, улс орны төрийн байгуулалт, шүүх засаглал, нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулал үндсэн эх хууль бөгөөд бусад хууль тогтоомжийн үндэс, эх сурвалж болдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” гэж тодорхойлсон.
Иймд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага дээрх зарчмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөхийн зэрэгцээ Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг нэгэн адил баримталж ажиллах үүрэгтэй байна. Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” нь төрөөс иргэн хуулийн этгээдийн итгэлийг хамгаалах субьектив эрхийг баталгаажуулсан эрх зүйт төрийн зарчим ба Засгийн газрын шийдвэр болон бусад эрх зүйн зохицуулалтад итгэж болохыг заасан.
Гэтэл хариуцагчаас энэхүү “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ыг зөрчиж, аливаа байдлаар өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөвхөн хоорондын тооцоо, дотоодод чиглэсэн үйл ажиллагааныхаа нөхцөлийг тайлбарлах замаар аж ахуйн нэгжид төлөх ёстой төлбөрөө хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байх нь энэхүү зарчмыг зөрчсөн явдал болох юм.
Хуульд заасан энэхүү “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” нь захиргааны байгууллага шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд үнэнч, шударга, хариуцлагатай хандахыг шаардсан зохицуулалт юм.
Иймд тус зарчим нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллагын тогтворгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас хамгаалах захиргааны эрх зүйн үндсэн зорилгыг өөртөө агуулдаг тул анхан шатны шүүх энэхүү байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан болно.
3.3. Нэхэмжлэгч нь 2023 онд улсын төсвөөс олгосон төлбөрийг хүлээн авснаас хойш ханшийн зөрүү алдагдлын асуудлаар Эдийн засаг, хөгжлийн яаманд удаа дараа асуулга, хүсэлтийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Иймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ханшийн зөрүүний алдагдлыг хариуцагч нар улсын төсөвт суулгасан гэх дүгнэлт нь цаг хугацааны хувьд зөрчилтэй, нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт юм.
Концессын гэрээнд заасан ханшийн зөрүүний алдагдлыг тооцох хугацаа нь төлбөрийг нэхэмжлэгчид олгосон өдрөөр тодорхойлохоор гэрээнд тусгайлан зохицуулсан тул 2021 онд батлагдсан 2022 оны төсөв, 2022 онд батлагдсан 2023 оны төсөвт хамаарахгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон ханшийн зөрүүний алдагдал нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 10 удаагийн гүйлгээгээр олгогдсон өдөр тус бүрээр тооцогдсон бөгөөд хамгийн сүүлийн төлбөр хийгдсэн өдрөөс хойш шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн. Нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэн үеэс буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ханшийн зөрүүний алдагдлыг тооцуулан авахаар Эдийн засаг, хөгжлийн яаманд удаа дараа очиж, уулзалт хийсэн, бичгээр асуулга, хүсэлтүүдийг гаргасан тул нэгэнт батлагдсан 2022, 2023 оны төсөвт суулгасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь цаг хугацааны болон Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан төсвийн цагалбарт нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Хариуцагч нараас 2023 оны төсвөөс өөрөөр концессын гэрээний төлбөртэй холбоотой төсвийг өргөн мэдүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Нэхэмжлэгч нь шаардлага гаргаагүй буюу бичгээр 2022, 2023 онуудад хүсэлт гаргаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.
Нэхэмжлэгч нь 2023 оноос эхлэн Эдийн засаг, хөгжлийн яаманд удаа дараа гаргасан болох нь хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан буйгаар нотлогдоно.
Эдийн засаг, хөгжлийн яам нь концессын гэрээнд болон Төсвийн тухай хуульд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас маргаж буй асуудлын талаар Сангийн яаманд аливаа мэдээлэл хүргээгүй байсан тул нэхэмжлэгчээс анх удаагаа Сангийн яаманд хандан хүсэлт гаргасан байдаг.
Нэхэмжлэгчээс Засгийн газрын тогтоол болон концессын гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааны дотор хэзээ ч шаардах эхээ хэрэгжүүлэх эрх нь нээлттэй тул концессын гэрээний нэг тал болох Үндэсний хөгжлийн газрын эрх залгамжлагч Эдийн засаг, хөгжлийн яам болон хууль болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй Сангийн яаманд хүсэлт гомдлоо гаргасан.
Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шүүгчийн тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 8144 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 0039 дугаартай тогтоол хүчин төгөлдөр болсон тул нэгэнт дүгнэлт хийгдсэн асуудлаар дахин үндэслэлгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байна.
3.4. Концессын гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээ биш бөгөөд концесс эзэмшигч төрийн өгсөн амлалтад бүрэн итгэж, өөрөө бүх үр дагавар, үр ашгийг Концессын гэрээнд заасан гэрээний үнийн хэмжээнд хариуцах үүргийг хүлээдэг харилцаа юм. Төрийн буюу Засгийн газрын шийдвэр болон Концессын гэрээнд заасан 35 922 290.00 долларыг бүрэн авна гэсэн итгэл үнэмшлээр ажлыг гүйцэтгэсэн боловч бодит байдалд 31 590 970.51 ам.долларыг хүлээн авсан нь концесс эзэмшигчид шууд хохиролтой үр дагаврыг үүсгэсэн бөгөөд энэ хохирол нь ханшийн зөрүүнээс үүссэн алдагдалд тооцогдох бодит нөхцөл байдал үүссэн.
Концесс эзэмшигчээс гаргасан асуулга, хүсэлтүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамнаас өмнө нь үндэслэл тооцоолол бүхий хариу тайлбар өгч байгаагүй тул урьд өмнө ханшийн зөрүүтэй холбоотой аливаа тохиролцоо, тооцоо нийлсэн тухай баримт байхгүй болно.
Концессын гэрээний 1.16.1-т нэмэлтээр оруулсан зохицуулалт нь гэрээний 1.6, 1.14, 1.15-ын зохицуулалт өөрчлөлт оруулаагүй, хүчингүй болгоогүй тул үйлчлэл нь хэвээр үлдсэн. Нэмэлт гэрээний 2.1-т зааснаас үзэхэд 1.16.1 дахь заалтыг нэмснээс бусад үндсэн гэрээний зохицуулалт хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ гэж зааснаар “гэрээнд өөрчлөлт оруулан тооцоог нийлсэн” гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Тооцоо нийлсэн акт болон гэрээний нэмэлт өөрчлөлтөд ханшийн зөрүүний алдагдлыг хэрхэн зохицуулсан тухай агуулга дурдагдаагүй, үнийг нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу үнэлэлгүй, тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасанд нийцэхгүй шийдвэрийг гаргасан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 342 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Монгол Улсын Засгийн газар болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох /концессын гэрээний 1.15-д заасны дагуу концесс эзэмшигч “Э” компанид учирсан ханшийн зөрүүний алдагдал/ болох 3,393,945.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг баталгаажуулж, уг төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Үндэсний хөгжлийн газрын эрх залгамжлагч Эдийн засаг, хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Концесс эзэмшигч “Э” компанид төлбөл зохих 3,393,345.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллага буюу Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нийт шилжүүлсэн үнийн дүн нь 31,590, 970.51 ам.доллартай тэнцэж байгаа, ... концессын гэрээний 1.6-д заасан үнээс 3,393,945.49 ам.доллар дутуу байгаа..., эргэн төлөх өдрийн ам.долларын ханшийн зөрүүний дагуу манай компанид 3,393,945.49 ам.долларын бодит алдагд үүсээд байна...” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Анхан шатны шүүхээс “... нийт төлөх гэрээний дүнгээс тодорхой зардлууд хасагдсан үүнийг нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн актаар болон нэмэлт гэрээнд зааснаар хүлээн зөвшөөрөөд холбогдох хасалтууд хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын Шар тээг-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Э” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Концессын гэрээ байгуулагдсан бөгөөд тус концессын гэрээний 1.6-д “Гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт 35,922,290.00 (гучин таван сая есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн) ам доллартай тэнцэх төгрөг” байхаар гэрээний үнийг тохирчээ.
Мөн тус гэрээний 1.13-д “Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээн өгч, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 3 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас … авна”, 1.14-д “Энэхүү гэрээний 1.13-т заасан эргэн төлөлтийг улсын тухайн жилийн төсөвт тусгахдаа Төсвийн тухай хуульд заасан цагалбарын дагуу тухайн үеийн өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлж тооцно”, 1.15-д “Энэхүү Гэрээний 1.13-т заасан хуваарийн дагуу хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцох бөгөөд хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана” гэж заасан байна.
2.4. Концесс эзэмшигчээс Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замыг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр барьж дуусгасан байх бөгөөд Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06/10/21 дугаар акт, дүгнэлтээр уг замыг ашиглалтад авахыг зөвшөөрчээ.
2.3. Түүнчлэн “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэцийн сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05/21 дугаар гэрээний 1.2-т зааснаар “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 28,737,832.00 ам.доллар”-ын эргэн төлөлт хийхээр өөрчлөлт оруулсан байх бөгөөд эрх бүхий этгээдээс 2022 оны 07 дугаар сарын 05, 07 дугаар сарын 08, 07 дугаар сарын 19, 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд Монголбанкны зарласан ам.долларын ханшаар тооцож нийт 22,969,600,000.00 төгрөг буюу 7,284,290 ам.долларын эргэлт төлөлт хийсэн болох нь тогтоогдож байна.
2.4. Харин үлдэх эргэн төлөлтийн хувьд, Эдийн засаг, хөгжлийн яам болон нэхэмжлэгч “Э” ХХК-иуд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлж, гэрээний үлдэгдэл төлбөрийг 83,666,917,340 төгрөг болохыг баталгаажуулж, үүний дагуу баталгаажуулсан дээрх дүнгээр эргэн төлөлтийг концессын гэрээнд заасан хугацааны дотор тус тус хийж гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд нэгэнт нэхэмжлэгч компани нь Эдийн засаг, хөгжлийн яамтай тооцоо нийлж, талуудын хэн аль нь тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан энэ тохиолдолд хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд хариуцагчийн хувьд тогтоосон хугацааны дотор эргэн төлөлтөө зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН