Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00008

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй   тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан

Улсын яллагч Э.Энхбат

Хохирогч Д.Тэрбиш

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Ундармаа, Ж.Нарантуяа

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа

Иргэдийн төлөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.Ундрахбаяр, Б.Энхбат нарт холбогдох 201618020237 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 16 нас, 08 сар, 06 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, ээж нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Ахуй үйлчилгээний 16 айлын ¹ 02 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ Зүүнхараа политехникийн коллежийн тогоочийн 1а ангид суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олуул овогт Ундармаагийн Ундрахбаяр. /РД:МЗ00251117/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 15 нас, 09 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эмээ, ээж, ах, 2 дүү нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн ¹ 29 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбажаргалын Энхбат. /РД:МЗ01241719/

 

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Ундрахбаяр, Б.Энхбат нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын гудамжны 2 дахь хөндлөн гудамжинд иргэн Д.Тэрбишийн куртикний малгайнаас татаж унагаан толгой руу нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан довтолж халаасанд нь байсан Нокиа маркийн гар утас, хүзүүнд нь байсан монетон гинж зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч У.Ундрахбаярын өгсөн….... 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шөнийн 22 цагийн үед Мандал сумын Спорт зааланд тоглож байгаад гарч ирээд замын хойшоо гарч найз охинтойгоо уулзсан. Тэгээд нааш явж байтал бас нэг таньдаг найз тааралдаад 2 дугаар сургуулийнхан заал авах гэж байна хамт тоглох уу гэхээр нь зөвшөөрч 2 дугаар сургуулийнхантай хамт Спорт зааланд шөнийн 23 цаг хүртэл тоглосон. Тэгээд заалнаас гараад Энхбат бид хоёр манайх руу явсан. Харьчаад буцаж гарч ирэхэд Сансарын гудамж орчимд нэг ах согтуу явж байсан. Тэгэхээр нь бид хоёр араас нь Сансарын гудамж руу ороод дагаж явж байгаад Энхбат куртикнийх нь малгайнаас татаж унагаагаад өшиглөхөөр нь би ч гэсэн өшиглөсөн. Хохирогчийн хармаанаас нь Нокиа маркийн утсыг Энхбат авсан. Тэгтэл миний утас дуугараад би утсаар яриад цаашаа яваад байж байхад Энхбат араас хүрч ирээхээр нь бид хоёр хамт зугатаагаад манай гэрт очсон гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбатын өгсөн….... 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шөнийн 22 цагийн үед Мандал сумын Спорт ордонд заал авч дуусаад гараад явж байхад нэг найз таараад 2 дугаар сургуулийнхан заал авч бэлтгэл хийх гэж байна хамт тоглох уу гэхээр нь тоглосон. Тэгээд шөнийн 23 цагт заалнаас гараад Ундрахбаярын найз охинтой уулзчаад буцаж явахад Мишээл дэлгүүрээс 3 согтуу ах гараад явж байсан. Тэгэхээр нь бид хоёр Ундрахбаярын гэрт оччихоод буцаж гараад нөгөө 3 ахыг ахыг байна уу гэж харахад нөгөө хоёр ах нь хохирогч Тэрбишийг Сансарын гудамжны үзүүрт орхичихоод явсан байсан. Тэгэхээр нь бид хоёр энэ ахыг цохих уу гэж ярилцаад араас нь дагаж явж байгаад куртикнийх нь малгайнаас хойш татаж унагаахад хармаанаас нь Нокиа маркийн утас унахаар нь би аваад хармаалсан. Ундрахбаяр хохирогчийн толгой цээж хэсэг рүү гурваас дээш удаа өшиглөсөн. Би хохирогчийн дээр нь гараад сууж байхад хохирогч намайг өргөж шидээд босоод гүйхээр нь малгайнаас нь дахин татаж унагаагаад дээр нь гарсан. Энэ үед Ундрахбаяр утсаар яриад цаахна талд байсан. Хохирогч миний нэг хөлийг тас зуураад байсан. Тэгтэл Ундрахбаяр цаанаас явъя гэхээр нь би босох гэхэд хөл зуурчаад тавихгүй байхаар нь хүзүүнээс нь барьж аваад сэгсрэхэд хүзүүнийх нь гинж ил гарч ирэхээр нь тас татаж аваад хармаалаад гүйсэн. Хохирогч Тэрбиш ах бид хоёрын араас хөөсөн боловч бид хоёрыг барьж авч чадаагүй. Бид хоёр зугатаж гүйгээд Ундрахбаярын гэрийн наана очиж нилээн сууж байгаад гэрт нь орсон. Маргааш нь цагдаад баригдсан гэх мэдүүлэг

Хохирогч Д.Тэрбишийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...... 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай 10 жилийн ангийнхан уулзаад шөнийн 12 цагийн үед би баарнаас гарч Мишээл дэлгүүр орж утсандаа нэгж авчаад хоёр найзаараа гэр лүүгээ хүргүүлж байгаад Сансарын гудамжны эхний хөндлөн хүрээд та хоёр яв одоо гэрэлтэй юм чинь гайгүй гээд хоёр найзыгаа явуулсан. Сансарын гудамжны 2 дахь хөндлөн хүрч байхад миний куртикний малгайнаас нэг хүн татаж унагаахаар нь хартал хоёр хүн хоёр талд гараад өшиглөөд байсан. Би босоод зугатаасан боловч дахиж татаж унагаагаад улаан пүүзтэй нь дахиад өшиглөхөөр нь би хөлнөөс нь тэврээд та хоёр боль яв гэж хэлсэн. Миний гар утсыг эхний удаа унагаахад авсан. Дараа нь дахиж унагаагаад хүзүүний гинжийг тасдаж авсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй орхисон. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Ундрахбаярын хууль ёсны төлөөгч, иргэний хариуцагч Д.Ундармаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн….. У.Ундрахбаяр нь миний том хүү байгаа юм. Би угийн ганц хүүхэдтэй. Ундрахбаяр уул нь гадуур нэг их яваад тэнээд байдаггүй юм. Энхбаттай л найз гээд их нийлээд байдаг юм би ийм юм болно гэж бодсонгүй. Миний хараа хяналт сул байдлаас болж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ойлгож байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байж чадна гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбатын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ж.Нарантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн….. Энхбат бол миний том охин Бямбажаргалын 2 дахь хүү нь юм. Энхбат нь багаасаа над дээр өсч хүмүүжиж байгаад 5 дугаар ангид байхдаа ээж дээрээ очсон. Ээж нь өөр хүнтэй суусан юм. Тэр хүн нь ээжийг нь зодож дарамталдаг байсан. Тэр байдлаас болж Энхбат их эвдэрсэн байх гэж би боддог. Энхбат 3 дугаар сургуулийн 9 дүгээр ангийг төгссөн. Энэ хэрэгт холбогдохоос өмнө нэг хүүхэд зодсон гээд захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Одоо ийм хэрэгт холбогдсонд нь маш их харамсаж байна. Ар гэрийн байдлаас боллоо. Хараа хяналт сул байсан нь нөлөөллөө. Иймд би одоо өөрийн хяналтдаа байлгаж хэрэгт оруулахгүй байж чадна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Ж.Батхүлэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд бид нар тус баарнаас гараад Мишээл дэлгүүрийн тэнд очсон. Д.Тэрбиш дэлгүүр орсон. Тэгээд Батбаатар бид хоёр Д.Тэрбишийг гэр лүү нь дөхүүлж өгөх гээд Сансарын гудамжны эхний хөндлөнгийн тэнд хүргэж өгчихөөд Батбаатар бид хоёр зүүн тийшээ Энхтайвны гудамж руу явсан. Би замаараа гэртээ орсон Батбаатарын гэр нь Улиастайн гудамжинд байдаг болохоор цаашаа явсан. 2016 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед Тэрбишийн эхнэр нь залгаад Тэрбиш ирээгүй байна гэж байсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 09 цагийн үед Тэрбишийн эхнэр Дулмаа залгаад урд шөнө Тэрбиш дээрэмдүүлсэн байна эмнэлэг явсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Гэрч О.Отгондуламын мөрдөн байцаалтанд өгсөн.... 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн өнгөрч байхад манай нөхөр Д.Тэрбиш ангийнхан уулзана гээд гэрээс гарсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед би Тэрбиш рүү залгасан чинь баарнаас гараад харих гээд явж байна гэсэн. Тэгээд хүлээгээд ирэхгүй байхаар нь Тэрбишийн утас руу залгасан чинь холбогдохгүй байхаар нь би Батхүлэг рүү залгаж асуухад Тэрбишийг гэр лүү нь дөхүүлээд Сансарын гудамжны эхний хөндлөнгөөр салаад явж байна гэсэн. Тэгсэн гэртээ ирэхгүй байхаар нь хүлээгээд байж байтал Тэрбиш ирсэн яасан юу болов гэсэн чинь хүнд дээрэмдүүлчихлээ гээд шанааны хэсэг хавдартай байсан. Мөн монетон гинж, гар утсаа дээрэмдүүлсэн гэж байсан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Гэрч Ж.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн….. Б.Энхбат нь сурлагын дундаж буюу С түвшинд суралцдаг байсан. Хүмүүжлийн хувьд өөрөө жоохон хөдөлгөөнтэй боловч намайг ангийн багшаар ажиллах хугацаанд асуудал гаргаж байгаагүй. Гэхдээ ангийнхаа үг дуу цөөтэй хүүхдүүдийг дээрэлхэх хандлага гаргаж байсан. Намайг хэлсний дараа дутагдлаа засчихдаг байсан… Б.Энхбат улаан шугамын шалгалтанд тэнцсэн боловч өөрийнхөө сонирхлоор Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцана гэж санал өгсөн. Гэхдээ би Батлан хамгаалахын их сургуулийн хөгжмийн салаанд оруулах гэсэн боловч чадаагүй. Тэгсэн эмээ Ж.Нарантуяа нь би Энхбатыг Мэргэжил сургалтын төвд сургахгүй 1 дүгээр сургуульд сургана гээд хувийн хэрэг бичиг баримтуудыг нь аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/

Гэрч Я.Баатарчулууны мөрдөн байцаалтад өгсөн……. Би 2016 оны 11 дүгээр сараас эхэлж У.Ундрахбаярын анги даасан багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд сурлагын хувьд дундаж буюу D үнэлгээтэй суралцдаг. Хүмүүжлийн хувьд хэрүүл зодоон хийгээд байдаггүй миний зүгээс хүмүүжилтэй гэж боддог. Ангийнхан дундаа нэр хүндтэй байдаг, спортын хувьд сагсан бөмбөг сайн тоглодог спортын сонирхолтой. 3 дугаар сургуульд суралцаж байсан Б.Энхбат гэх нөхөртэй нийлээд хэдэн өдөр хичээл тасалж байсан тэгэхээр нь би Ундрахбаярын ээжтэй нь уулзаж байсан мөн эмээ нь ч бас ирж уулзаж байсан. Би тухай бүр нь хэлж байсан. 2016 оны 09 дүгээр сарын сүүлчээс 10 дугаар сарын үеэр байхаа Ундрахбаяр чөлөө авалгүй самранд явсан байсан. Энэ хугацаанд Энхбат гэх найз нь оронд нь хичээлд сууж байгаад баригдаад багшдаа загнуулаад гарч байсан байна лээ…. Ар гэрийн анхаарал халамж сайн ээ, эмээ хоёр нь Ундрахбаярын араас сайн явдаг. Миний бодлоор Б.Энхбат гэх хүүхэдтэй нийлснээс ийм зүйлд холбогдсон гэж бодож байна гэх мэдүүлэг /Хх-н 27 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 15…. Дүгнэлт:

1.Тэрбишийн биед уруул, хүзүү, цээж, зүүн бугалганд цус хуралт, нүүр, эрүүний зүүн хажуу хэсэг, уруулын дотор тал, завьжинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь 2016-12-11-12-нд шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 34 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-09 дүгээр хуудас/

Нокиа маркийн хар өнгийн гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 10 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлгэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт болох CD-г хэрэгт хавсаргасан тухай /Хх-н 12-14 дүгээр хуудас/

Хохирогч Д.Тэрбишийн дээрэмдүүлсэн гэх Нокиа маркийн гар утсыг 20000 төгрөгөөр, монетон гинжийг 325000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 32 дугаар хуудас/

Б.Энхбат, У.Ундрахбаяр нар нь урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 63, 64 дүгээр хуудас/

Б.Энхбатын төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, суралцагчийн хувийн хэрэг, өргөмжлөл /Хх-н 65-78 дугаар хуудас/

У.Ундрахбаярын төрсний гэрчилгээний хуулбар, анги удирдсан багшийн тодорхойлолт, багийн засаг даргын тодохойлолт, суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл /Хх-н 79-86 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

  Насанд хүрээгүй шүүгдэгч У.Ундрахбаяр, Б.Энхбат нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын гудамжны 2 дахь хөндлөн гудамжинд иргэн Д.Тэрбишийн куртикний малгайнаас татаж унагаан толгой руу нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан довтолж халаасанд нь байсан Нокиа маркийн гар утас, хүзүүнд нь байсан монетон гинж зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Ундрахбаяр, Б.Энхбат нар нь бүлэглэж хохирогч Д.Тэрбишийн эд зүйлийг авахаар сэтгэл санааны болон идэвхитэй үйлдэл хийн хөнгөн гэмтэл учруулж хүч хэрэглэн халдан довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч У.Ундрахбаяр, Б.Энхбат нарт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч Д.Тэрбиш нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбат, У.Ундрахбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба арван найман насанд хүрээгүй, эцэг, эхийн асрамж, хараа хяналт дутагдалтай байдлаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бий болсон, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой ба уг хугацаанд түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг У.Ундрахбаярын эх Д.Ундармаа, Б.Энхбатын эмэг эх Ж.Нарантуяа нарт хариуцуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн хэлтсийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт нь хадгалах, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, У.Ундрахбаяр, Б.Энхбат нар нь өөрийн гэсэн хөрөнгөгүй, эрхэлсэн ажилгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Насанд хүрээгүй шүүгдэгч Олуул овогт Ундармаагийн Ундрахбаяр, Боржигон овогт Бямбажаргалын Энхбат нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр У.Ундрахбаярыг 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Б.Энхбатыг 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дах хэсэгт заасныг баримтлан  У.Ундрахбаярд оногдуулсан 05 жил 10 хоногийн хорих ял, Б.Энхбатад оногдуулсан 05 жил 10 хоногийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хяналтын камерын бичлэг бүхий CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээх, У.Ундрахбаяр, Б.Энхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дах хэсэгт заасныг баримтлан У.Ундрахбаярд 05 жил 10 хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар, Б.Энхбатад 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, энэ хугацаанд тэдний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг У.Ундрахбаярын эх Д.Ундармаагийн, Б.Энхбатын эмэг эх Ж.Нарантуяагийн  хүссэнээр буюу зөвшөөрснөөр тус тус хариуцуулж даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Ундрахбаяр, Б.Энхбат нарт өмнө авсан бусдын батлан даалтанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН

 

             ШҮҮГЧИД                          Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    Ж.ЭРДЭНЭБАТ