Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/896

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2205000002181 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачигчийн ажил хийдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, *******,*******,*******,******* тоотод амьдарч байгаа боловч Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, урьд

- 1995 онд Эрдэнэт хотын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар,

- 1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

- 2005 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

- 2008 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 08 цагийн орчимд Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна, авто машины зогсоол дээр *******ийг “эхнэртэй нь гэр бүлээс гадуурх харилцаатай” гэж хардан улмаар зодож, хайчаар шилбэ хэсэг рүү нь хатгасны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Хохирогч нь урьд нь манай гэрийн гадаа 2-3 удаа ирж байсан. Мөн манай эхнэртэй уулздаг гэж хүү маань хэлсэн. Тухайн өдөр Пүрэвтэй таараад уурандаа машин руу нь чулуу авч шидэж мөн биед нь гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү. Миний бие Хүчит шонхор дээр ачигч хийж эхнэр, 5 хүүхдээ тэжээдэг болно...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Энэ хүний эхнэртэй уулзсан зүйл байхгүй. Худлаа ярьж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ийн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр таксинд явж байтал манай хамаатны эгч Цэндмаагийн дүү болох Мөнхтуяа над руу залгаад “гэмтлийн эмнэлгээс ирээд аваадхаач” гэхээр нь би 08 цаг боох гэж байхад гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын үүдэнд зогсож байтал гэнэт машины шил рүү хүн чулуу шидэж хагалсан тэгснээ шууд над руу ирээд машины хаалга онгойлгоод чамайг багалзуурдаж аваад “яадаг муу пизда вэ чи” гээд миний толгой руу цохиод тэгснээ миний машины хаалганд байсан хайчийг аваад миний баруун хөлийн шилбэний урд хэсэг рүү дүрээд “чамайг өнөөдөр нэг юм барьж авлаа” гээд эхнэртэйгээ хардаж яриад байсан тэгээд би Мөнхтуяагийн нөхөр гэдгийг мэдсэн тэгээд байж байтал гэмтлийн цагдаа бололтой нэг цагдаа ирээд тухайн намайг зодож байсан хүнийг ирээд бариад цааш орсон. 40 гаран насны намхан шардуу царайтай туранхайдуу залуу байсан би өмнө огт харж байгаагүй тухайн хүнээс архи үнэртэхгүй байсан тэгэхээр эрүүл байсан байх гэж би бодож байна. Мөнхтуяагийн төрсөн ах болох Батмөнхийн эхнэр Цэндмаа нь манай ээжийн талын хамаатан би яаг тэрний хүүхэд гэж хэлж мэдэхгүй байна Мөнхтуяатай болон Батмөнхтэй манайх Чингэлтэй дүүргийн зурагтад хамар хашаанд өссөн хүмүүс ер нь Мөнхтуяатай холбоотой байдаг ах болох Батмөнх нь өөд болсон Мөнхтуяатай утсаар хааяа нэг холбоо барьдаг ба хааяа нэг нүүрс түлээ дөхүүлж өгдөг Мөнхтуяа нь нөхөр 5 хүүхэдтэйгээ хамт амьдардаг гэж надад хэлж байсан. Би нөхрийн нь бол огт танихгүй өмнө харж байгаагүй. Тухайн намайг зоддог залуу нөхөр нь юм шиг байна лээ. Миний авто машины урд салхины шилийг хага цохисон түүнийгээ төлүүлмээр байна. Мөн намайг зодож миний биед гэмтэл учруулсан явдалд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12726 дугаартай:

“... *******ийн биед баруун хөмсөг, чигчий хуруу, шилбэнд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-27 дахь тал/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн ХХК”-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “нийт дүн: 250,000“ төгрөг гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-31 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 08 цагийн орчимд Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна, авто машины зогсоол дээр *******ийг “эхнэртэй нь гэр бүлээс гадуурх харилцаатай” гэж хардан улмаар зодож, хайчаар шилбэ хэсэг рүү нь хатгасны улмаас баруун хөмсөг, чигчий хуруу, шилбэнд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12726 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, түүний тээврийн хэрэгсэлд 280.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч ******* нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******аас хохирогчийн тээрийн хэрэгсэлд учирсан эвдрэлтэй холбоотой хохирол болох 280.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгээс хохирогч *******ийн төрийн үйлчилгээний төлбөр болох 176.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 21 хоногийг хасаж, биечлэн эдлэх ялыг 552 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч *******ыг оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн талаар шүүхэд даруй мэдэгдэх үүргээ зөрчиж, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, хаана нь байгаа нь мэдэгдэхгүй, албадан ирүүлэх боломжгүй, улмаар шүүхээс оргон зайлсан гэж үзсэн тул түүнийг эрэн сурвалжилж олж тогтоосон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч *******ыг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамжид заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 21 хоног цагдан хоригдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ганбатаар нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 21 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 285.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов. 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000002181 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 21 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 285.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 280.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас 176.000 /нэг зуун далан зургаан мянган/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ