Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/901

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч П.Итгэл /тээврийн прокурор/,

хохирогч *******, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шинжээч Б.Цолмон /цахимаар/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2303005050397 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр “Говь” цогцолборын хойд талын замд 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 00 минутын орчим “Toyota Prius-20” маркийн ******* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд хорооллын эцэст авто зам дээр явган хүний гарц өнгөрөөд явж байхад гэнэт хохирогч нь зам дээр согтуу гуйвж гарч ирсэн. Тэгээд би машинаас буухад “ та намайг мөргөчихлөө, нэг шил архи аваад өгчих” гээд сууж байсан. Тэгэхээр нь би “тийм зүйл байхгүй, эмнэлэг явъя” гээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан бөгөөд тухайн үед хохирогч нь мэдүүлэг өгөх чадваргүй байсан тул гэмтлийн цагдаа дуудаж өөрийн нэр, регистрийн дугаараа хэлсэн. Хохирогч нь согтуу гуйвж ирээд өөрөө миний машиныг мөргөсөн бөгөөд гэмтлийн эмнэлэг дээр компьютер томографийн зураг авхуул гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь гэмтлийн эмнэлгийн эмч нар үзээд “ослоос шалтгаалсан зүйл байхгүй, нурууны суулттай байна” гэж хэлээд гаргасан. Тэгээд авто тээврийн газар очиход шүүх эмнэлэгт дахин үзүүлнэ гэж хэлсэн. Би энэ хүнд гэмтэл учруулаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр архи уусан нь үнэн бөгөөд гэр лүүгээ явж байсан. Явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед 3-р эгнээнээс нэг машин ирээд шууд мөргөсөн. Би мөргүүлээд газарт унасан. Энэ хүнээс архи нэхсэн зүйл байхгүй. Би гэмтлийн эмнэлэг дээр очоод арай гайгүй болж байхад шүүгдэгч нь надаас уучлалт гуйж байсан. Би сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байна. Хувиараа эмчилгээ хийлгэсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Цолмон мэдүүлэхдээ: “...Хохирогчийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл юм...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Хохирогч *******ийн:

“...Би тухайн өдөр гэрээсээ өглөө 10 цагийн орчимд найз нартайгаа уулзах зорилгоор ганцаараа явган гарсан. Тэгээд хорооллын эцсийн “Петровис” ШТС-ы дэргэд найз Бааскатай уулзсан мөн Бааскагийн найз би нэрийн мэдэхгүй залуутай хамт бид гурав уулзаад гудамжинд “Хараа” нэртэй 500 гр 2 шилтэй архийг хувааж уусан. Тэгээд өдөр 14 цагийн орчимд ганцаараа гэртээ харих гэж яваад “Говь” сауны арын зам дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гарч байх үед ертөнцийн зүгээр баруун талаас зорчих хэсгийн 3-р эгнээгээр нь автомашин ирээд миний баруун хөлийн гуя хэсэгт мөргөж би газарт унасан тэгээд миний ухаан балартаад юм санахгүй байна. Тэгээд нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Осол болох үед цаг агаар бороо их орж байсан замын түгжрээ бага байсан. Би зам гарах үед тухайн машиныг 300-400 м орчим зайнд харсан. Намайг харахад тухайн автомашин 40 орчим км/цагийн хуртай явсан. Тухайн автомашин надаа тавьж өгөх байх гэж бодсон. Одоо миний биеийн баруун хөл өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 768 дугаартай шинжээчийн:

“...*******ийн биед нэмэлтээр бүсэлхийг 5, ахар сүүлний 1-р нугалмын фиброзон цагиргын урагдал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч М.Баттөмөрийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-46 дэх тал/,

Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, сэтгэл санааны хохирлын хэмжээг 15 дахин нэмэгдүүлж олгох, мөн өмгөөлөгчийн хөлсийг гаргуулж олгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байгаа бөгөөд цагаатгах байр суурьтай оролцож байна. Осол болсон цаг хугацаанд хохирогч ******* нь компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд “нуруу өвдөнө” гэсэн оноштой байсан бөгөөд мөн нүдний зовхи дээрээ гэмтэл, шархтай явсан. Тэгэхээр осол болохоос өмнө ямар нэгэн байдлаар гэмтэл авсан нь харагдаж байна. Мөн хохирогч нь машины дугаарын хэсэгт шилбээрээ мөргүүлсэн гэх бөгөөд хэрэв дугаарын хэсэгт мөргүүлсэн бол нэгдүгээрт шилбэний гэмтэл авах ёстой. Гэтэл энэ гэмтэл хохирогчийн биед тогтоогдоогүй. Хэрэв зам тээврийн осол гарсан гэж үзвэл явган хүний гарц өнгөрөөд явж байхад хохирогч нь гэнэт гарч ирсэн бөгөөд шүүгдэгч ******* тоормос гишгэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 53-т “явган хүний гарц” гэж “явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг тодорхойлно” гэж заасан. Тухайн үед миний үйлчлүүлэгч явган хүний гарц өнгөрсөн байсан бөгөөд зам тээврийн ослын гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Түүнчлэн миний үйлчлүүлэгч нь бичиг үсэг мэдэхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар “өмгөөлөгч зайлшгүй авах шаардлагатай” тул өмгөөлөгчөөр оролцож байна. Иймд өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирлыг 15 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр “Говь” цогцолборын хойд талын замд 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 00 минутын орчимд “Toyota Prius-20” маркийн ******* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн 5, ахар сүүлний 1-р нугалмын фиброзон цагиргын урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Цолмонгийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан №768 дугаартай шинжээчийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч М.Баттөмөрийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нараас “явган хүний гарц өнгөрсөн байсан бөгөөд хохирогч нь гуйвж ирээд өөрөө машин мөргөсөн” гэж хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, “хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.   

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.53-т “...“явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а, 5.19.б тэмдэг ба 1.13.а, 1.13.б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг, тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно...” гэж,

Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэж тус тус заажээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч яваа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын “явган хүний гарц өнгөрсөн байсан, хохирогч нь өөрөө ирээд машин мөргөсөн” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.   

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг юм.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал, бусад хохирол төлбөрт баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, сэтгэл санааны хохирлыг тус тус нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Монгол хэл, бичиг мэдэхгүй шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй” гэж заасан бөгөөд хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байх тул өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Дээрх хамтарсан тушаалын хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн “гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байх тул Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9-15% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна. 

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7783 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хохирогч *******ийн эрүүл мэндэд биед бүсэлхийг 5, ахар сүүлний 1-р нугалмын фиброзон цагиргын урагдал гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550.000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд 13 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс 7.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ид олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлгээс хохирогч *******ийн төрийн үйлчилгээний төлбөр болох 161.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Мөн хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Торгох ялын доод хэмжээ буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2303005050397 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 7.650.000 /долоон сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч *******ид олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас 161.000 /нэг зуун жаран нэгэн мянган/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ