Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/930

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Вандандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2305000001955 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “*******” ХХК-д ахлах механик ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, *******-р хороо,*******-р байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна иргэн *******тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, дээд уруулын дотор салст цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажлын газрын хүн болох Батцэнгэлтэй уулзсан. Улмаар хамт архи уусан бөгөөд Батцэнгэл нь шат руу унаад гэмтэл авсан. Түүнийг гэмтлийн эмнэлэг хүргэж өгөхөөр явж байтал найз гэх хохирогч ******* утсаар залгаад бид 2 хоорондоо маргасан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн гадна машинаас Батцэнгэлийг буулгах гээд байж байтал хохирогч ******* нь намайг татахаар нь би гараа саваад түүнийг цохисон. Гэм буруу дээрээ маргахгүй. Хохирол төлбөр төлөх болно...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тэр өдөр Батцэнгэл рүү залгатал танихгүй хүн аваад “найз чинь уначихсан байна” гэж хэлээд утсаа тасалчихсан, дахиад залгатал “найз чинь шатаас уначихсан гэмтэл хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд найз Батцэнгэлийг яасан юм бол гэж бодоод гэмтэл дээр очтол шүүгдэгч ******* нь миний хамар руу баруун гараараа 1 удаа дахиад зүүн шанаа хэсэгт баруун гараараа ахин 1 удаа цохисон. Гомдолтой байна. Би хамартаа хагалгаа хийлгэсэн 3.148.150 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ы:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 67-68 улсын дугаартай УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо сууж байгаад найз Батцэнгэл рүү залгатал танихгүй эрэгтэй хүн аваад “найз чинь уначихсан байна” гэж хэлээд тасалчихсан, дахиад залгатал “найз чинь шатаас уначихсан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн үүдэн дээр ирээд сууж байтал түргэн тусламж 103-ын автомашин ирж зогсохоор нь хойд талын хаалгаар нь ортол манай найз Батцэнгэлтэй хамт түргэн тусламжийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн үл таних эрэгтэй хүн миний хамар руу баруун гараараа нэг удаа дахиад зүүн шанаа хэсэгт баруун гараараа ахин нэг удаа цохисон. Тухайн эрэгтэй намайг цохисны дараагаар хамраас их хэмжээгээр цус гарсан тул Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү орж эмчид үзүүлтэл “рентген зураг авхуулах шаардлагатай” гэж хэлсний дагуу рентген зураг авхуултал 2 хамар хугарсан байна гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11888 дугаартай шинжээчийн:

“...*******ы биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, дээд уруулын дотор салст цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна иргэн *******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, дээд уруулын дотор салст цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11888 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь “ЭМЖЖ” эмнэлэгт “хамрын самалдгийн таславчийн хагалгаа хийлгэсэн. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн тухай нийт 3.148.150 төгрөгийн хохирол төлбөрийг баримтаар нэхэмжилсэн тул дээрх хохирлыг шүүгдэгч *******гээс гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.    

Мөн хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001955 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 3.148.150 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ