Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 421

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О овогт Д.Г, Сартуул овогт Э.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.С-ыг 18 насанд хүртэл эх Д.Г-ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.А-оос 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн А.С-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Э.А-оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүү А.С-ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Э.А-д. эцэг нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд саад болохгүй байхыг эх Д.Ганчимэгт тус тус даалгасугай.

7. Зохигчид хүүхдийн асрамж болон дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

8. Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Л.УГТАХБАЯР