Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 127/ШШ2017/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2017/0016/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргад холбогдох

            Батширээт сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/76 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М-, хариуцагч Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус сумын газрын даамал Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2011 онд Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн нутаг Улиасан давааны өвөрт орших 2 га газрыг дуудлага худалдаагаар ялалт байгуулан авч, газар эзэмших эрхтэй болсон. Уг газраа түшиглэн үхрийн аж ахуй эрхэлж, “Сүү” компанид сүү нийлүүлэх ажиллагааг тасралтгүй явуулж байсан.

            2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Батширээт сумын газрын даамал над руу утсаар ярьж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн. Газрын гэрчилгээг хүчингүй болгосон тухай сумын Засаг даргын А/76 тоот захирамжийг миний бие 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, дээд шатных нь захиргааны байгууллага болох аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч одоо хүртэл хариу ирүүлээгүй болно. Мөн шинээр томилогдсон сумын Засаг даргад өргөдөл гаргасан боловч хүсэлтийг минь хангаж өгөөгүй.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”-аар заасан байхад үүнийг хэрэгжүүлээгүй, А/76 тоот захирамжид “Норовлин багийн нутаг дэвсгэрт” гэж бичсэн, надад Норовлин багт эзэмшдэг газар байхгүй. Уг захирамжид, хаяглагдсан этгээдийн хаяг, холбоо барих мэдээллийг тусгаагүй, захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.5 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд хариуцагч Батширээт сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/76 тоот захирамж нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Б.М-ын газрын гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Уг газрыг 2011 онд авахдаа “фермерын аж ахуй эрхлэх зориулалтаар авсан” гэх боловч газар дээрээ барьж байгуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан, “Сүү” ХХК-д сүү нийлүүлэх замаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэх газар нь малчин Г.Бадарчийн зуслангийн газар болно.

            Газрын гэрчилгээг хүчингүй болгох тухай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу урьдчилан мэдэгдээгүй ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу Б.М-ад 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн.

            Иймд сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хуулийн хүрээнд гарсан захирамж гэж үзэж байна.

            Тухайн өдөр газрын гэрчилгээг хүчингүй болгох тухай нийт 4 захирамж гарсан бөгөөд бичиг хэргийн ажилтан алдаа гаргаж, А/76 дугаар захирамжид “Барх” баг гэхийг “Норовлин” баг бичсэн байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Б.М-ад Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаар захирамжаар тус сумын Барх багийн нутаг дэвсгэрт Улиасан давааны өвөрт 2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0259880 тоот гэрчилгээ олгогдсон ба тус сумын Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А/76 дугаар захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн, иргэн Б.М-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ болон тус сумын Засаг даргын 2011 оны 58 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгожээ.

             Хариуцагч Батширээт сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн энэхүү А/76 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.М- нь хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан.

            Нэхэмжлэгч нь гомдлоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хугацаанд гаргаагүй ч, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан” гэснийг буруутгах үндэслэлгүй ба хариуцагч тал гомдол гаргах хугацааны асуудлаар маргаагүй болно.

Хариуцагч Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг дарга нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/76 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.М-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, улмаар Б.М-ад газар эзэмшүүлсэн Батширээт сумын Засаг даргын 2011 оны 58 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн боловч уг захирамжид ямар ч үндэслэл, шалтгааны талаар тусгаагүй байна. Хариуцагч уг захиргааны актдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг  баримталсан байх ба зөвхөн ингэснээр тухайн шийдвэрийн үндэслэл, шалтгаан тодорхой гэж үзэхгүй.

Захиргааны байгууллага, албан тушаалтан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа, тухайн газрыг ямар зориулалтаар эзэмшүүлсэн, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хэрхэн яаж тогтоогдож байгаа, хэдээс хэдэн онд ашиглаагүй болох, газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тогтоож, тодруулсан байх шаардлагатай.  

Хариуцагчийн гаргасан А/76 тоот захирамжид энэ талаар огт тусгагдаагүй тул нэхэмжлэгч Б.М-ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж шүүх үзэж байна.

Мөн, уг захирамжийн 1 дүгээр заалтад “Барх” баг гэхийг “Норовлин” гэж буруу бичиж, алдаа гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- шүүх хуралдаанд тайлбарлахдаа, нэхэмжлэгч Б.М- нь тухайн газрыг фермерын зориулалтаар эзэмшсэн боловч юу ч барьж байгуулаагүй, уг газар нь малчин Г.Бадарчийн зуслангийн газар гэж тайлбарласан бол нэхэмжлэгч Б.М- “Улиасан давааны өвөр дэх фермерын зориулалтаар авсан газраа улирлын чанартай ашигладаг, уг газарт манай байшин байдаг, Г.Бадарч нь миний аав бөгөөд тэнд зусланд гарч, аж ахуйн нэгжид сүү нийлүүлэх ажиллагаа явагддаг” гэж тайлбарлаж байна.

            Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх ёстой. Газар эзэмшүүлэгчийг төлөөлж, Батширээт сумын газрын даамал болон газар эзэмшигч Б.М- нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.4-д зааснаар гэрээ дүгнэх үүргийг газар эзэмшүүлэгч хүлээсэн байна. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Батширээт сумын газрын даамал Д.Б- шүүх хуралдаанд мэдүүлсэн тул тухайн газрыг гэрээний дагуу эзэмшиж байгаа эсэхэд хяналт тавьсан гэж үзэх үндэслэлгүй юм.

            Иймд дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч  Батширээт сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/76 тоот захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Харин, хариуцагчийн гаргасан захирамжийг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.5 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр хууль бус гэж нэхэмжлэгч тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь хариуцагчийн А/76 дугаар захирамж  нь 2016 оны 06 дугаар  06-ны өдөр буюу Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө гарсан байна. /Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн/

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/76 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын ажлын алба- Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-ад олгосугай.  

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

             Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.БАЛЖМАА