Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0509

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг дарга нь Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй 11404.56 м.кв талбай бүхий газрыг “Г” ХХК-аас өөрт эзэмшүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг газрыг “Г” ХХК-д эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах,

“Г” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй 11404.56 м.кв газрыг гуравдагч этгээд “Э” ХХК-д олгосон нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1347 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 488 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, өмгөөлөгч П.Ц, Р.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2026/0174/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг дарга нь Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй 11404.56 м.кв талбай бүхий газрыг “Г” ХХК-аас өөрт эзэмшүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг газрыг “Г” ХХК-д эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах, “Г” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй 11404.56 м.кв газрыг гуравдагч этгээд “Э” ХХК-д олгосон нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1347 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 488 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасныг баримтлан “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/1347 дугаар захирамжийн “Э” ХХК-д эзэмших эрх олгосон газраас 11404.56 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн * дугаар хороонд байрлах 11404.56 м.кв газрыг “Г” ХХК-д эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан бөгөөд эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлох шаардлагатай. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг нийслэлийн Засаг дарга хөндсөн мэтээр дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

            Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар тусгасан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 649 дүгээр тушаалаар хүчингүй болгохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар хүчингүй болгосны үр дагаврыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” тус тус заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд хариуцна гэж үзэхээр байна.

            Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу тус тус үндэслэн шийдвэрлэдэг. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь дээрх Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж газар эзэмших эрхийг баталгаажуулахыг хүссэн байсан тул шийдвэрлэх боломжгүй хариуг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хүргүүлсэн баримтаар тогтоогддог. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг даргын зүгээс эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчид тухай бүрт хариуг хүргүүлсэн.

            Газрын тухай хуулийн 21.2 дахь хэсэгт нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаарх бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Мөн хуулийн 21.2.4 дэх заалтад хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх гэж заасан байдаг. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн “Э” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1347 дугаар захирамжаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь уг хуулийн заалтад бүрэн нийцэж байна.

            Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагийг нарийвчлан тогтоож, эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг талууд мөрдөж ажиллахаар эцэслэн шийдвэрлэсэн.

            Уг шийдвэрээр 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагийг өөрчлөөгүй буюу илүү нарийвчилж тодорхой болгох, Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн олгосон зөрчлийг арилгах ажлууд хийгдсэн. Үүний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрсдийн алдаатай олгосон нэгж талбаруудыг эцэслэж хүчингүй болгосон.

            Нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон газар нь анхнаасаа 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагт хамааралгүй, нийслэлийн нутаг дэвсгэр байсан.

            Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эрх хэмжээний хүрээнд нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлд заасны дагуу “Э” ХХК-д газар эзэмших эрх хууль ёсны дагуу олгосон.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас “нийслэлийн Засаг дарга нь Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй 11404.56 м.кв талбай бүхий газрыг “Г” ХХК-иас өөрт эзэмшүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг газрыг “Г” ХХК-д эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах, “Г” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй 11404.56 м.кв газрыг гуравдагч этгээд “Э” ХХК-д олгосон нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1347 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч “Г” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/640 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн аманд 31315 м.кв талбай бүхий газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олсон байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тодотгосонтой холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар “Г” ХХК-ийн ашиглах эрх бүхий 31315 м.кв газраас 11404.56 м.кв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байна.

2.3. Улмаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас удаа дараа өмнө ашиглах эрхтэй байсан дээрх газраа үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргасан боловч маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1347 дугаар захирамжаар “Э ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй.

2.4. Учир нь Богдхан уулын хилийн цэсийг тодотгосонтой холбогдуулан газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолын 4-д “Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүйгээр анх газар эзэмших эрх авахаар хүсэлт гаргасан этгээдтэй адилтган үзэж, тухайн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд нийцэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

 

 

                        ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН