Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00019

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дпахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Д.Уранчимэг

Хохирогч Г.Сарангуа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа, Х.Сэргэлэнбат, Ч.Мөнгөнцэцэг

Иргэдийн төлөөлөгч Б.Хоролмаа нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н, Я.Б, С.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Цогмандах нарт холбогдох 201618020187 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос, монгол хэлний багш мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн ¹ 30 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

- 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Ариунаагийн Н.  /РД: МЗ86033018/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн ¹ 29 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар

- 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуун овогт Ядамсүрэнгийн Б .  /РД: МБ85071617/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1983 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах,  Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн ¹ 18 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баарин овогт Сайн-Ерөөлтийн С.  /РД: МЭ83041975/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хийн машинист, хүнд механизмын оператор, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах,  Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 8 дугаар байр, ¹ 203 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын Зүүнхараа дахь ачааны засварын вагон депод тоног төхөөрөмжийн засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цэцсум овогт Цагаачийн Цогмандах.  /РД: МЗ84111411/

 

Шүүгдэгч А.Н, Я.Б, С.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн ¹ 103 тоотод Г.Сарангуад хүч хэрэглэн бүлэглэж хүчиндсэн, шүүгдэгч Ц.Цогмандах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн ¹ 103 тоотод Г.Сарангуад хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 04-05 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын орон сууцны хашааны гадна өөрийн 09-94 ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл дотор Г.Сарангуад хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Нгийн өгсөн ...... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан хэрэгт холбогдсон. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны орой 20 цаг 30 минутын үед гэртээ байж байхад найз Төмөрчулуун орж ирээд караокед оръё гэхээр нь зөвшөөрөөд гарч ирэхэд гадаа Цогмандах, Б хоёр машинтай байж байсан. Тэгээд бид хэд Өсөх караокед ороод дуулж ганц шил архи, пиво ууж 2 цаг болсон. Тэгтэл караоке хаахаар нь гарч хажуу талын Дельфин дэлгүүрээс нэг шил 0.75 граммын сархад архи, нэг том сав пиво, нэг хайрцаг тамхи аваад Бын гэрт очсон. Тэгээд архиа задлаад уугаад сууж байхад Төмөрчулуун согтоод унтаад өгсөн. Тэр үед С Б луу залгаж ирээд ав гэхээр нь бид хэд 5 давхрын ард очиж Сийг аваад гал командын хажуугаар гарч төмөр замын халуун усны тэнд гудамжинд явж байхад Сарангуатай таараад хаа хүрч яваа юм бэ бид нар хүргэж өгье гэж хэлж суулгаад төмөр замын эмнэлгийн тэнд ирж зогсоод би Сарангуагаас пиво уух уу гэхэд юм дуугараагүй. Тэгээд Амака дэлгүүр орсон боловч онгойхгүй байхаар нь Бын гэрт ирээд үлдэгдэл тал шил архиа, бүтэн пивоо уусан. Тэгээд Сарангуатай танилцахад 21 настай, нэг хүүхэдтэй гэж байсан. Бид нар архиа ууж Сарангуа болохоор пивоноос уусан. С Баас идэх юм байна уу өлсөөд байна гэхэд Б байхгүй гэсэн. Тэгэхээр нь бид нар хоол хийж идье гээд Сийн аавынх нь гэрт очсон. Хөргөгчнөөс нь мах гаргаж тавиад гэсэхийг нь хүлээгээд байж байхад Цогмандах хохирогчийн өмдийг нь тайлах гэхэд нь би болоиулахад Цогмандах гарч явсан. Би Сарангуатай ярьж тохиролцоод бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Тэгээд тамбарт гараад байж байхад араас Б гарч ирэхээр нь би унтаж чадав уу гэхэд чадаагүй ойртуулахгүй байна гэсэн. Тэгээд 04 цаг өнгөрч байхад Цогмандах Сарангуаг хүргэж өгөхөөр гарч явсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Бын өгсөн…..... 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө болсон юм. Би 2016.09.06-ны өдөр 10 цагт гэртээ байж байхад Цогмандах манайд ирсэн. Тэгээд бид хоёр 5 давхрын арын Өсөх дэлгүүр орж Цогмандах нэг шил 075 граммын архи, ундаа, тамхи авсан. Тэгээд явж байгаад Стэй таараад архи уух уу гэхэд тэгье гэхээр нь бид 3 доод цахилгаан шугам сүлжээний тэнд зогсож байгаад архиа задлаад гурав гурав тойруулж байхад Сийн эхнэр нь утасдахаар нь Сийг гэрт нь хүргэж өгчихөөд явж байтал найз Төмөрчулуун таарч үлдсэн архиа уусан. Тэгээд замын урагшаа гарч Шоогий гэдэг найзындаа очиход зил-130 машинтай тоосго ирсэн байхаар нь буулгалцаж өгчихөөд Цогмандах, Төмөрчулуун бид гурав манай гэрийн гадна ирээд машин дотроо унтаад өгсөн. Сэрээд гэрт орж шөл хийж уучхаад Н дээр очиж аваад Өсөх караокед орсон. Караоое хаахаар нь гарч дэлгүүр орж нэг шил 0.75 граммын Сархад архи, нэг том сав пиво аваад манайд очоод архиа ууж байтал С над руу залгаад 5 давхрын энд ирээд намайг авчих гэхээр нь очоод аваад явж байхдаа Сарангуатай таарсан. Тэгтэл Цогмандах зогс гэхээр нь зогсоход ухар гэсэн ухраад Сарангуа дээр очоод эгчээ хүргээд өгье гэхэд Сарангуа машинд суусан. Төмөр замын эмнэлгийн баруун талд зогсоод ярилцаад Амака дэлгүүр орж архи пиво авах гэхэд онгойгоогүй. Тэгэхээр нь манайд ирж үлдсэн архи, пивоо уусан. Төмөрчулуун согтоод унтаад өгсөн. Сарангуа болохоор пивоноос уусан. Бид нар архиа уусан. Сийнд очиж хоол хийж идэхээр болоод явсан. Би Сийнд очоод хойд талын орон дээр нь хэвтээд унтаад өгсөн. Н Сарангуа хоёр газарт хэвтэж байсан. Цогмандах болохоор тэр хоёрын хөл хавьд байж байсан. Миний хөлд С сууж байсан. Нэг сэрэхэд хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь пиздакуудаа чимээгүй бай би унтмаар байна гэсэн. Би буцаад унтсан. Нэг хүн хөлнөөс татаад байхаар нь сэрээд харахад Цогмандах байсан. Чи одоо орох уу гэхээр нь очиход Сарангуа намайг ойртуулахгүй түлхсэн. Мөн Цогмандах намайг тэлээнээс татаж босгохоор нь гарч Нтай хамт тамбарт тамхи татчихаад орж ирэхэд Цогмандах Сарангуаг хүргэж өгөхөөр авч явсан. Бид нар тэгээд салсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сийн өгсөн …..  2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой ажил тараад хүнтэй уулзах гээд гэр лүү нь явах замдаа нэг шил архи авчихаад тэр айлдаа очоод нөгөө архиа гурвуулаа хувааж уусан. Тэднийхээс гараад сонгуулийн ажилд хамт явж байсан хоёр хүнтэй таараад гэрт нь орж хоёр пиво уусан. Тэгээд тэднийхээс гараад 5 давхрын тэнд явж байхад согтуу хүн таараад хоргоогоод байхаар нь Б руу утасдаж дуудсан. Б эд нар машинтай ирээд намайг суулгаад явж байхдаа зогсоод нэг хүүхэн суулгасан. Төмөр замын эмнэлгийн тэнд зогсоод Амака дэлгүүр орохоор болж очиход онгойхгүй байхаар нь Бын гэрт очсон. Тэнд очоод архи, пиво уусан. Бынд идэх юм байхгүй би өлсөөд байсан болохоор манай аавын гэрт очиж хоол хийж идэхээр болоод явцгаасан. Манай аавынд ирээд Б орон дээр гараад унтаад өгсөн. Н Сарангуа хоёр газар хэвтэж байсан. Би Бын хөлд унтсан. Нэг сэрэхэд Б орилж байсан. Сарангуа доогуураа нүцгэн харагдаж байсан. Б босоод Сарангуа дээр очиж байсан. Цогмандах нэг их удалгүй Быг татаж босгож байсан. Би наад хүүхэн чинь явах болоогүй юм уу гэхэд Цогмандах би одоо хүргээд өгчихье гээд аваад явсан. Тэгээд би унтаад өгсөн гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цогмандахын өгсөн…..... 2016 оны 09 дүгээр сарын 06-наас  07-нд шилжих шөнө хэдэн найз нарынхаа хамт явж байгаад энэ хэрэгт холбогдсон юм. Бид нар Өсөх караокед орж нэг цаг гаран дуулж архи, пиво ууж суусан. Шөнийн 12 цаг болж байхад караокеноос гарч Дельфин дэлгүүр орж нэг шил архи, нэг том сав пиво авч Бын гэрт очоод архиа задлаад ууж байхад С Б руу залгаад ирж ав гэхээр нь бид нар гарч Сийг очиж авсан. Тэгээд төмөр замын халуун усны тэнд гудамжинд явж байгаад Сарангуатай таарч Б машин жолоодож явсан болохоор зогсоогоод Сарангуатай уулзсан. Хаа хүрч яваа юм бэ хүргээд өгье гэж суулгаад төмөр замын эмнэлгийн тэнд очиж зогсоод ярилцаад Амака дэлгүүр орж архи, пиво авахаар очсон. Тэгтэл Амака дэлгүүр онгойгоогүй тул Бын гэрт буцаад очиж үлдэгдэл архи, пивоо уусан. Сарангуа архи уугаагүй пиво л уусан. Тэгээд Сийнд очиж хоол хийж идэхээр болоод тэндээс явсан. Сийн аавынх нь гэрт ирээд би хохирогчийн өмдийг тайлаагүй, хөл гарыг нь ч бариагүй. Би нарийн ширийн зүйлийг сайн санахгүй байна гэх мэдүүлэг

Хохирогч Г.Сарангуагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ……. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой би гэрээс 22 цаг өнгөрч байхад гарч найзтайгаа улзсан. Тэгтэл манай дүү залгаад хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь гэр лүүгээ харих гээд Буд хүнсний дэлгүүр өнгөрөөд төмөр замын халуун усны тэнд явж байхад нэг машин хажуугаар давхиж өнгөрснөө зогсоод буцаж хүрч ирээд эгчээ та хаа хүрч явна хүргээд өгье суучих гэхээр нь би эмэгтэй хүн байна гэж бодоод машинд нь суусан. Машин дотор явж байхад энэ хэд пиво уух юм болоод Амака дэлгүүрт очиход онгойгоогүй. Тэгээд Бын гэрт очсон. Бын гэрт очоод архи, пиво уусан. Тэднийхээс гараад С ахын гэрт нь очиж хоол хийж идэхээр болсон. Очоод Б орон дээр унтсан. Би ширээний хажууд сууж байхад Н ах хажууд юм яриад байж байсан. Надад пиво өгөхөөр нь би амсаад өгсөн. Тэгэхэд наадхаа учих хөхөнд чинь сүү орно гэж байсан. С ах газарт ор засаад унт гэсэн. Цогмандах, Н бид гурав хамт сууж байгаад Цогмандах ах намайг газарт хэвтүүлээд дарах гэхэд би түлхэхэд Н ах холдуулсан. Би Н ахтай тохироод бэлгийн ажил хийсэн. Харин Б нь намайг эсэргүүцээд байхад бэлгийн ажил хийсэн. С, Цогмандах нар надтай бэлгийн ажил хийгээгүй. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Д.Бурмаагийн мөрдөн байцаалтад өгсөн …… 2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед Г.Ганбаяр миний утас руу залгаад Г.Сарангуа эгч гэртээ ирээгүй утсаа авахгүй байна хүүхэд нь уйлаад байна ш дээ гэхээр нь би Г.Сарангуа руу залгасан чинь утас нь дуудаж байсан боловч утсаа авахгүй байсан. Би шөнөжингөө утас руу нь залгасан боловч утсаа аваагүй тэгээд сүүлдээ утас нь холбогдохоо байсан. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө Г.Ганбаяр залгаад Г.Сарангуа эгч ирчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сарангуатай утсаар ярьсан чинь би гэртээ ирчихлээ гэж байсан. Би уурлаж загнаад хаагуур явж байгаад ирсэн юм бэ гэсэн чинь юм хэлэхгүй байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Мандал сум дахь гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд Г.Сарангуа юу ч дуугарахгүй үс нь сэгсийгээд сууж байхаар нь юу болсон юм гэж асуусан чинь надад юм хэлэхгүй байсан. Тэгсэн манай нөхөр Хүрэлбаатарт хүчиндүүлсэн талаараа хэлэхээр нь би уурлаад хэн чамайг хүчиндсэн юм бэ гэсэн чинь машинтай 4 ах намайг харьж явсан чинь хүргээд өгье гэхээр нь би машинд суусан чинь гэртээ аваачаад хүчиндсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан … Г.Сарангуа татаж унадаг юм гэхдээ сэтгэцийн хувьд эрүүл үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 9 дүгээр ангийн боловсролтой, уншиж бичиж чадна гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Гэрч Л.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ….... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн үед эхнэр Бурмаа бид хоёр Дархан хот руу ажлаар яваад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Зүүнхараад гэртээ ирсэн. Тэгсэн охин Г.Сарангуа гэртээ орж ирэхгүй амбаарт хүүхдээ тэвэрчихээд уйлаад суугаад байсан. Тэгэхээр нь би Сарангуагаас юу болсон талаар асуухад юу ч дуугарахгүй байсан. Тухайн үед хажууд нь ээж Бурмаа нь байсан болохоор хэлээгүй юм болов уу гэж бодоод Бурмаа айл руу орохоор гарахад нь Сарангуагаас юу болсон талаар асуухад уйлаад машинтай 4 залуу намайг хүчиндсэн гэж хэлсэн. Би хаана байдаг юм бэ таних уу гэсэн чинь саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс гэж хэлсэн. Би хайгаад олоогүй тэгээд цагдаад хандсан гэх мэдүүлэг /Хх-н 32 дугаар хуудас/

Гэрч С.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн …… Сарангуа нь 2013 онд бие хүний зан төрхийн эмгэг өөрчлөлт гэсэн оноштойгоор группт орсон. Группт орохоосоо өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмгэг сэтгэцийн дүгнэлт гаргуулж миний хяналтанд байх болсон. Бие хүний зан төрхийн эмгэг өөрчлөлт гэдэг нь дуугаа хураах, хааяа уурлах гэх мэтээр зан аашийн хувьд өөрчлөлт ордог юм. Би Сарангуад 3 жил хяналт тавьж байна. Надад улиралд нэг удаа шаардлагатай тохиолдолд хэдэн ч удаа үзүүлж болно. Жилдээ нэг удаа хэвтэж эмчлүүлдэг, хааяа нэг унаж татдаг байсан. Сүүлийн үед гайгүй болоод байгаа, надад үзүүлж байхдаа ямар нэгэн өөрчлөлт гаргаж байгаагүй, асуусан асуултанд ойлгомжтой хэвийн хариулдаг. Хамгийн сүүлд 2016 оны 06 дугаар сард хэвтэж эмчлүүлсэн санагдаж байна гэх мэдүүлэг /Хх-н 33 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 216 ……. Дүгнэлт

1.Хохирогч Г.Сарангуа нь бэлгийн бойжилт олсон байна.

2. Хохирогч Сарангуа нь хүүхэд төрүүлсэн бөгөөд охин хальс анх хэдийд гэмтсэнг тогтоох болмжгүй. Одоогоор шинэ урагдал гэмтэл үгүй.

3. Сарангуа нь бэлгийн замын халдварт өвчин үгүй болно.

4. Сарангуагийн охин хальсны үлдэгдэл умайн хананд цайвар ягаан өнгөтэй харагдах бөгөөд охин хальсны үлдэгдэлд гэмтэл учруулахгүйгээр хурьцал үйлдэх боломжтой. Харин охин хальс бүтэн байсан тохиолдолд гэмтэл учруулахгүйгээр хурьцал үйлдэх боломжгүй.

5. Хурьцал үйлдсэний улмаас хохирогч Сарангуагийн бие махбодь, бэлэг эрхтэнд шинэ шарх гэмтэл учраагүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

6. Анх үзсэн эмчийн тодорхойлолтонд умайн хүзүү шархтай, үтрээний хана улайж үрэвссэн, идээрхэг ялгадастай гэжээ энэ үрэвслийн улмаас үүсгэгдэх боломжтой өөрчлөлт юм гэх /Хх-н 44 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ¹ 8060…….. Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Г.Сарангуагийн бэлэг эрхтнээс авсан гэх цайвар өнгийн шингэн зүйл нь шинжилгээнд тэнцэхгүй байна.

Жич: ДНХ-ийн болон биологийн харьцуулах шинжилгээнд арчдас, наалдац илрүүлэх шаардлагатай.

2. Г.Сарангуагийн бэлэг эрхтнээс авсан гэх шингэн зүйлд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.

3. Асуулт ¹ 3-д хариулах боломжгүй байна гэх /Хх-н 52 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-09 дүгээр хуудас/

Соната-5 маркийн мөнгөлөг саарал өнгийн 09-94 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 20-21 дүгээр хуудас/

А.Н нь Дунд-Өлөнтийн ¹ 30 тоотод, ам бүл 2 оршин суудаг болохыг тодорхойлов гэх Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодохойлолт /Хх-н 112 дугаар хуудас/

Я.Б нь Баруун өлөнтийн ¹ 29 тоотод, ам бүл 1 оршин суудаг болохыг тодорхойлов гэх Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 113 дугаар хуудас/

С.С нь Депогийн ¹ 18 тоотод, ам бүл 4 оршин суудаг болохыг тодорхойлов гэх Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 114 дүгээр хуудас/

Ц.Цогмандах нь Спиртийн 8 дугаар байрны ¹ 203 тоотод оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймаг мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 115 дугаар хуудас/

С.С, Ц.Цогмандах нар нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 139,  140 дүгээр хуудас/

Хохирогч Г.Сарангуагийн ээж Д.Бурмаад 2 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хх-н 141 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас  шүүгдэгч А.Н, Я.Б, С.С нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн ¹ 103 тоотод Г.Сарангуагийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэн бүлэглэж хүчиндсэн, шүүгдэгч Ц.Цогмандахыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн ¹ 103 тоотод Г.Сарангуагийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 04-05 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын орон сууцны хашааны гадна өөрийн 09-94 ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл дотор биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан Г.Сарангуад хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Сарангуагийн мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/, гэрч Д.Бурмаагийн мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/, гэрч Л.Хүрэлбаатарын мэдүүлэг /Хх-н 32 дугаар хуудас/, гэрч С.Батцэнгэлийн мэдүүлэг /Хх-н 33 дугаар хуудас/,яллагдагч Я.Бын мэдүүлэг /Хх-н 96 дугаар хуудас/, яллагдагч А.Нгийн мэдүүлэг /Хх-н 93 дугаар хуудас/, яллагдагч С.Сийн мэдүүлэг /Хх-н 99 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Цогмандахын мэдүүлэг /Хх-н 103 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 6-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүгдэгч А.Н, Я.Б, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Цогмандахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ хэргийн хохирогч Г.Сарангуагийн өгсөн …….. Би Н ахтай тохироод бэлгийн ажил хийсэн. Харин Б нь намайг эсэргүүцээд байхад бэлгийн ажил хийсэн. С, Цогмандах нар надтай бэлгийн ажил хийгээгүй. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй … гэх  мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба шүүгдэгч А.Н, С.С, Ц.Цогмандах нарын холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хүчиндэх гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал ба хохирогч өөрөө шүүгдэгч А.Нгийн үйлдлийн эсрэг тодорхой эсэргүүцэл үзүүлээгүй буюу түүнтэй хурьцал үйлдэхийг зөвшөөрсөн байх тул шүүгдэгч А.Нгийн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй болох нь тогтоогдож байна.

 

Хүчиндэх гэмт хэргийн бүрдэл нь хохирогчтой хурьцал үйлдэж эхэлснээр төгссөн гэж үздэг ба шүүгдэгч С.С нь хохирогч Г.Сарангуатай хурьцал үйлдээгүй, шүүгдэгч Ц.Цогмандах нь хүчиндэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийгээгүй буюу хохирогчид хүч хэрэглэн хүчиндэхийг завдаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба харин шүүгдэгч Я.Б нь хохирогч Г.Сарангуаг шүүгдэгч А.Нтай хурьцал үйлдэхийг зөвшөөрч бэлгийн харьцаанд орсных нь дараа өөртэйгээ хурьцал үйлдэхийг зөвшөөрөөгүй байхад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч А.Н, С.С, Ц.Цогмандах нар нь шүүгдэгч Я.Быг хохирогчийн эсэргүүцлийг дарж хүч хэрэглэн хурьцал үйлдэхэд нь тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор хохирогчийн гар хөлийг дарах зэрэг идэвхитэй үйлдэл гаргаагүй ба эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч бүлэглэж үйлдсэн гэх оролцогч тус бүрийн үйлдэл тогтоогдоогүй байна.

 

Хохирогч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гүн нойрссон, ухаан алдсан болон өөр бусад байдлаар биеэ хамгаалах ямар ч чадваргүй болсон тохиолдолд биеэ хамгаалах чадахгүй байдалтай болсон гэж үзэх ба хохирогч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болтлоо согтуу байсан эсэх нь тогтоогдоогүй байхад, мөн хохирогчийн эрүүл мэндийн байдал болон сэтгэцийн эмгэгтэй байдал нь биеэ хамгаалж чадахгүй байдалд орох бөгөөд хохирогчийн сэтгэцийн эмгэгийг тогтоогоогүй, харин 2013 оноос бие хүний зан төрхийн эмгэг өөрчлөлт гэсэн оноштойгоор эмнэлгийн хяналтанд байсан нь гэрч С.Батцэнгэлийн мэдүүлгээр тогтоогдсон байхад биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

 

Иймд шүүгдэгч А.Н, С.С, Ц.Цогмандах нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн ¹ 103 тоотод Г.Сарангуад хүч хэрэглэн хүчиндсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Я.Б нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг зөрчин хурьцал үйлдэхийг зөвшөөрөхгүй байхад хохирогч Г.Сарангуад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Бд ял оногдуулахдаа хуульд заасан хорих ял оногдуулах, эдлэх ялыг ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Я.Б нь өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж  байсан боловч хуульд зааснаар ялгүйд тооцогдох болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг  тогтоох боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Н, Я.Б, С.С, Ц.Цогмандах нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Ц.Цогмандахын эзэмшлийн 09-94 ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  246, 248 дугаар 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Н, С.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэрэг, шүүгдэгч Ц.Цогмандахад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Я.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Алаг адуун овогт Ядамсүрэнгийн Быг бусдыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Быг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Я.Бд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Н, Я.Б, С.С, Ц.Цогмандах нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Бд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт заасныг баримтлан Ц.Цогмандахын эзэмшлийн 09-94 ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Бд өмнө авсан бусдын батлан даалтанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.Н, С.С, Ц.Цогмандах нарт өмнө авсан бусдын батлан даалтанд таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН

 

            ШҮҮГЧИД                         Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                     Ж.ЭРДЭНЭБАТ.