Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-, Д.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхтулга, Д.Батсүх,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 842 дугаар шүүгчийн захирамжтай Л.Б-, Д.Т- нарт холбогдох 1834008740153 дугаартай 2 хавтас, 337 хуудас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 05 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 30 дугаар байр, 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сумч овгийн Лувсанжамцын Б-, РД: ЧР _____________.

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, халдвар судлагч эмч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7 б байр, 19 тоотод оршин суух, Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр баг, Ар уртын бригад гэх газарт түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Дагданбалын Т-, РД: ЧЗ __________.

Шүүгдэгч Л.Б-, Д.Т- нар  бүлэглэн 2018 оны 10 сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутагт Д.Энхбаттай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн яллагдагч Д.Т- нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа гартаа барьж явсан цагаан өнгийн төмрөөр Д.Энхбатын эзэмшлийн 00 12 УНК улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, хаалганы бороо усны хаалт зэргийг цохиж хагалан, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1 714 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 842 дугаартай шүүгчийн захирамжаар:

  Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-, Д.Т- нарт холбогдох эрүүгийн 1834008740153 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

  Хэргийг прокурорт очтол Л.Б-, Д.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг цагаан өнгийн төмөрнүүд болон яллагдагч Д.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн төмөртэй ижил төмрийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834008710153 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэртээ тухайн хэрэгт ямар ажиллагаа хийлгүүлэх талаар тодорхой тусгаагүй ба шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүй эргэлзээтэй байх тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь хохирогч Энхбатын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасны дагуу ажиллагаа явуулж хуулийн дагуу шинжээч томилж дүгнэлт гардуулсан байна.

Шүүгчийн захирамжид заасан бичиг техникийн алдаатай нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэх, шүүгдэгчид ял оногдуулахад сөргөөр нөлөөлөхүйц, зөрүүтэй хууль зөрчсөн, мөн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хангаагүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дах хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн байхад хэргийг прокурорт буцаасан байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 842 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батсүх, А.Мөнхтулга нар гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт гэж үзэх боломжгүй, машины өмчлөгчийг буруу тогтоосон тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан гаргасан саналдаа: Хэргийг анхан шатны шүүхэд буцааж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Л.Б-, Д.Т- нар бүлэглэн 2018 оны 10 сарын 20-ны өдөр Д.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Д.Т- нь Д.Энхбатын эзэмшлийн 00-12 УНК улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн салхины урд шил, хаалганы хаалт зэргийг цохиж хагалан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас 1 714 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг   ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн №842 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.Энхбатын 2018 оны 11 сарын 02-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдлыг М-3266 дугаартай гомдол мэдээлэлд бүртгэн авч Д.Т-, Л.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн 1834008740153 дугаартай хэргийг  анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 02 сарын 21-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Энхбат 2018 оны 10 сарын 20-ны өдөр Д.Т-, Л.Б- нарыг зодож, Д.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн /2 хавтас 31-35/ байх ба уг хэргийн гомдол мэдээллийг М-3026 дугаарт бүртгэсэн, эрүүгийн хэрэг 1834008430472 дугаартай  байна.

            Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн 1834008430472 дугаартай  хэргээс Л.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтас 11-12/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтас-21/, шинжээчийн дүгнэлт /1 хавтас-22/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1 хавтас-18/ зэрэг нотлох баримтуудыг хуулбарлан Д.Т-, Л.Б- нарт холбогдох 1834008740153 дугаартай хэрэгт хавсаргасан нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх ба нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар цуглуулж, хэрэгт цугларсан баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлэхээр хуульд тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах”-аар зохицуулсан байхад 1834008740153 дугаартай хэрэгт зарим нотлох баримтыг өөр эрүүгийн хэргээс хуулбарлан авсан тухай  мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт байхгүй байна. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3-д заасан журмыг  зөрчиж  эрүүгийн  1834008430472 дугаартай хэргээс Д.Энхбатын биеэс авсан цусанд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, уг тогтоолыг үндэслэж гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн №11250 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хуулбарлаж 1834008740153 дугаартай  хэрэгт хавсаргасан нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ. 

Түүнчлэн гэмт хэргийн улмаас устаж, гэмтсэн гэх эд хөрөнгө болох 00-12 УНК улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Э.Мишээлт болох нь тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ /1 хавтас 132/-ээр тогтоогдсон байхад гэмт хэргийн улмаас Д.Энхбатын эд хөрөнгө устгаж, гэмтэн 1 714 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд байх ба  хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул эд хөрөнгийн өмчлөгчийг зөв тогтоох шаардлагатай.

Иймд Д.Т-, Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 842 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн 43 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хэргийг прокурорт очтол Д.Т-, Л.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                     Г.БОЛОРМАА