| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0343/И |
| Дугаар | 351 |
| Огноо | 2020-10-20 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Б суманд ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух, Б овогт П.Х-н хүсэлтээр
Эрх олгосон баримт, бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэр бүлийн хамт Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1990 оноос эхлээд 2000 он хүртэл мал малласан юм. Анх нийгэмчлэл явагдахад 100-гаад мал авч маллаж байсан ба гэр бүлийн хамт 2000 он гаргаад Дархан Уул аймаг шилжсэн. Манай нутаг усныхан намайг Б гэж дууддаг бөгөөд тэр үеийн бичиг баримт дээр П.Б гэж тэмдэглэгдсэн байна. Би малчнаар ажиллаж байснаар тэтгэвэр тогтоолгох гээд бичиг баримтаа бүрдүүлэхээр архиваас лавлагаа авахад 1992-1996 оны мал тооллогын А дансны хуулгад П.Б гэж бичсэн байна. Манай нутаг усанд П.Б гэж хүн байгаагүй, намайг Б гэж дууддаг байсныг нутгийн хүмүүс бүгд мэднэ. Ийм учраас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1992, 1993, 1994, 1995, 1996 оны мал тооллогын А дансны баримт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 832 тоот архивын лавлагаа зэрэг нь минийх мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч П.Х нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1992, 1993, 1994, 1995, 1996 оны мал тооллогын А дансны баримт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 832 дугаартай архивын лавлагаа эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 832 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1992, 1993, 1994, 1995, 1996 оны мал тооллогын А дансны баримт зэрэгт П.Б гэж тэмдэглэгдсэн байгаа нь нэхэмжлэгч П.Х-н иргэний үнэмлэх дээрх нэртэй тохирохгүй байна.
Гэвч П.Х-г Баянхонгор аймгийн Баянбулаг суманд ажиллаж амьдарч байхад нь нутаг, усны хүмүүс нь Б гэж дууддаг байсан, тухайн үед Б гэж Х-с өөр хүн мал маллаж амьдарч байгаагүй, эхнэр нь М гэх хүн байдаг талаар мэдүүлсэн гэрч Д.Г-н шүүхэд өгсөн “Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж өсөж, ажиллаж амьдарч байсан хүн байгаа. П.Х-г хүүхэд байхаас нь эхэлж мэднэ. Аав нь П гэж малчин хүн байсан. Х нь 1990 оноос Баянбулаг сумын 3 дугаар багт эхнэр М, хүүхдийн хамт мал малладаг байсан. Би тус сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн бэлтгэгч хийдэг байх үед Х нь надад арьс шир, ноос, ноолуур авчирч тушаадаг байсан. Х-г манай сумынхан Б л гэж дууддаг байсан. Баянбулаг сумын 3 дугаар багт П.Б, П.Б гэсэн хүн байдаггүй, харин П.Х гэж ганц л хүн байдаг байсан. Тухайн үед манай сумын хүмүүс Х-г Б гэж дууддаг байсан болохоор мал тооллогоор малын А дансыг нь Б гэж бичсэн байх” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Д шүүхэд өгсөн “Би энэ хүний ээж, аавыг нь танина нэг дор айл аймаг явж, хамт маллаж байсан хүн байгаа юм. Х-н аав П, ээж нь Д гэж хүмүүс байсан бөгөөд Х нь айлын ганц хүү юм. Х нь хүүхэд байхаас л эхэлж ээж аавын хамт Баянбулаг сумын 3 дугаар багт малладаг байсан. Х-г манай сумынхан Б гэж дууддаг байсан. Б /Х/ нь 8 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч малчин болсон. Тэгээд 1982 онд цэрэгт яваад 1985 онд цэргээс халагдаж ирээд М гэх хүнтэй гэр бүл болсон. Тэгээд 1990 онд Б /Х/, М хоёр Баянхонгор аймагт амьдарч байгаад Баянбулаг сумын 3 дугаар багт ирж Х-н аав, ээж дээр ирж малчин болж байсан. Х М хоёр хүүхэдтэй байсан. Би 2007 он хүртэл Баянбулаг суманд мал малласан юм. Манай суманд О.Б гэж хүн байсан, харин П.Б, П.Б гэсэн хүмүүс байгаагүй. Х, М хоёр нь Баянбулаг сумын 3 дугаар багт 1990 оноос 2000 он хүртэл мал маллаж байгаад Дархан-Уул аймаг руу шилжиж байсан” гэсэн мэдүүлэг,
нэхэмжлэгч П.Х нь шүүхэд нотлох баримтаар П.Х, Б.М нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь нотлогдож байна.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1992 оны мал тооллогын баримтын 22-т П.Б, 28 толгой мал тоолуулсан гэсэн мал тооллогын баримтын хуулбар,
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1993 оны мал тооллогын баримтын 2-т П.Б, 78 толгой мал тоолуулсан гэж тэмдэглэсэн мал тооллогын баримтын хуулбар
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1994 оны мал тооллогын баримтын 9-т П.Б, 115 толгой мал тоолуулсан гэж тэмдэглэсэн мал тооллогын баримтын хуулбар
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1995 оны мал тооллогын баримтын 20-т П.Б, 155 толгой мал тоолуулсан гэж тэмдэглэсэн мал тооллогын баримтын хуулбар
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1996 оны мал тооллогын баримтын 30-т П.Б, 206 толгой мал тоолуулсан гэж тэмдэглэсэн мал тооллогын баримтын хуулбар, Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 сарын 19-ны өдрийн “ П.Б, 1992 онд 28, 1993 онд 78, 1994 онд 115, 1995 онд 155, 1996 онд 206 мал тоолуулсан” энэ нь төрийн архивын тасгийн сан хөмрөгийн 226/03 дугаар хөмрөгийн бүртгэлийн 03-07 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж байгаа болно” гэсэн 832 тоот лавлагаа зэрэгт П.Б гэсэн нэрээр архивын лавлагаа гарсан байгааг гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь дүгнэхэд нэг нь нөгөөгөө нотолсон, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч П.Х-г Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 сарын 19-ны өдрийн 832 тоот архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1992, 1993, 1994, 1995, 1996 оны мал тооллогын А дансны баримт зэргийн эзэмшигчээр тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 сарын 19-ны өдрийн 832 тоот архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн 1992, 1993, 1994, 1995, 1996 оны мал тооллогын А дансны баримт зэргийн эзэмшигч нь Б овогт П.Х мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц