Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/909

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч М.*** түүний өмгөөлөгч Б.Бадамгарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас  ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302005880330 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүрэг *** хороо *** хороолол, *** гудамж, *** байр *** тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2022/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 1 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай,  ***.

 

Шүүгдэгч М.*** нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо *** байрны *** тоотод өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 43,3 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Нэгжлэг хийсэн “... Баянгол дүүргийн 17 дугаар хороо *** байрны 3 дугаар орцны 9 давхарт гарч баруун гар талын өөдөөс харсан хаалга *** гэсэн тэмдэглэгээтэй хар хүрэн өнгийн төмөр хаалга байв. Уг хаалгаар ороход цоож бүрэн бүтэн, дотогш орж М.***ын өрөөнд ороход М.*** нь орны матраас хэсгийг дээш сөхөж уутанд хийсэн ногоон өнгийн өвс мэт ургамлыг гаргаж өгөх ба өөрөө түүнийгээ өвс гэж нэрлэж байв. Уг өвс гэх ургамлын ууттай жин нь 64,9 граммыг зааж байв. Үзлэгийг цааш мөрдөгч ахлах дэслэгч Б.Билэгдэмбэрэл өрөөн доторхыг нэг бүрчлэн үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-11 дэх тал/

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “... ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ ... эерэг буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусган шээсийг хаяглан, битүүмжилж шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 12-16 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... зип лок ууттай 43,3 грамм өвс гэх нэршилтэй зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 22 дахь тал/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 89-94 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №3830 дугаартай:

“...1.2.3 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “М.*** УК03302331 2023.08.19” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт. /хэргийн 27-29 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №3832 дугаартай:

“...1.2 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-154 М.*** өвс мэт зүйл д/ч Б.Мөнхжин 2023.05.19” гэж хаягласан зип лок ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно.

3.4 Шинжилгээнд ирүүлсэн чийгтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 43,3 грамм байна” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 32-34 дэх тал/

 

М.***ын яллагдагчаар өгсөн “... Би гэртээ тухайн үед ганцаараа байсан учир гэртээ нөгөө өвсөө өөрийн орон доороо хийгээд жоохныг тастаж аваад гараад өөрийн байрны орцондоо тамхины дотор хийж байгаад тамхи шиг татаж хэрэглэсэн.

Тухайн үед уг өвсийг татаж хэрэглэхэд ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Би тэгээд шууд гадуур гарч цахим тоглоомын газар орж тоглож байгаад орой 20 цагийн үед байх гэр рүүгээ орж байгаад орцон дотроо энгийн хувцастай цагдаа нарт баригдсан юм. Би цагдаа нарт орой нь буюу 00 цагийн үед гэрт нэгжлэг хийж эхлэхээр нь би өөрийн сайн дураар орон доороосоо гаргаж өгсөн юм.

... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм төрийн гэмт хэрэг холбогдож хэрэглэхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 87-88 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.*** нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо *** байрны *** тоотод өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 43,3 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.*** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч М.*** гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч М.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадамгарав “... Зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж зип лок ууттай 43,3 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***ыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.***д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар М.***д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа зиплок ууттай 43,3 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ