| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/1268/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1324 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1324
2023 11 09 2023/ШЦТ/1324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
өсвөр насны шүүгдэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Нямцэцэг,
өсвөр насны шүүгдэгч Г.Ш, түүний хууль ёсны төлөөлөгч О.Энхбаатар, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Жгийн О, Б овогт Гийн Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 230800683**** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 20** оны 12 сарын 21-ний өдөр ****** аймгийн *****-***** суманд төрсөн, 1* нас, 10 сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт **** аймаг ***** сум, 15 дугаар баг, **** 33 дугаар гудамж, 17 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж албадлагын арга хэмжээ авсан, Б овогт Гийн Ш /РД:******************/
2. Монгол улсын иргэн, 20** оны 12 дугаар сарын 14-ны өдөр ****** аймгийн ******* суманд төрсөн, 1* нас, 10 сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *********** хотод авто угаалгад ажилладаг, ам бүл 4, хойд эцэг, эх, дүү нарын хамт ********** аймаг, **************** сум, 21 дүгээр баг, *************, ************* ****** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, албадлагын арга хэмжээ авсан, Х овогт Жгийн О /РД:**************/
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ш.О, Г.Ш нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 8 дугаар орцонд байрлах “Дүяа” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газраас өөрсдийн 170.000 төгрөгийн барьцаанд тавьсан “Самсунг А-32” загварын гар утсыг авах зорилгоор “гар утсандаа симээ хийж байгаад тооцоогоо мобайл банкаар шилжүүлчихье” хэмээн худал хэлэн авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Ш.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Гар утсыг нь авъя гэдгийг би санаачлаагүй, Ш санаачилсан. Яриа нийлж байгаад цуг авсан. Ш утасгүй очвол ээж уурлана, миний утсыг аваад гаръя гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Өсвөр насны шүүгдэгч Г.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр миний утсыг авч зугтъя гэдгийг би санаачилсан. Тэгээд Огоор авуулсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадрал “...өсвөр насны шүүгдэгч нар нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Өсвөр насны шүүгдэгч Ш.О, Г.Ш нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 8 дугаар орцонд байрлах “Дүяа” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газраас өөрсдийн 170.000 төгрөгийн барьцаанд тавьсан “Самсунг А-32” загварын гар утсыг “гар утсандаа симээ хийж байгаад тооцоогоо мобайл банкаар шилжүүлчихье” хэмээн худал хэлэн авч гарч явсан үйл баримт нь:
1. Хохирогч Б.Нгийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах Дүяа гэх ломбардад ажил дээрээ байхад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай ломбардад өөрийн Самсунг А32 маркийн гар утсаа барьцаанд тавьж 170.000 төгрөг авч байсан иргэн Ж овогтой Н /фд04322734/ нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гар утсаа авах байсан боловч маргааш нь хугацаа хэтэрч ирээд барьцаанд байгаа утсаа авна гэсэн. Тухайн үед Н нь надад хэлэхдээ төлбөр тооцоогоо барьцаанд байгаа гар утсандаа симээ хийгээд мобайл банкаар шилжүүлье гэж аваад төлбөр тооцоогоо хийлгүй зугтаасан. Тухайн цаг үеийн камерын бичлэг нь байгаа ба Нарантулгын хамт дахиад нэг хүн байсан. Надад нийт 187.000 төгрөг тушаах байсан. Тухайн хүнийг дахиж харвал танина. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
2. Гэрч Ж.Нарантулгын: “...2023 оны 01 дүгээр сарын үед манай төрсөн дүү О, түүний найз Ш нарын хамт Ш гэх хүүхдийн Самсунг а32 маркийн гар утсыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байх ломбардад 160.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Бид гурав уг 160.000 төгрөгийн хамт үрэлцэн 2 хоногийн дараа би О, Ш хоёрт гар утас ломбардаас авах мөнгө болох 56.000 төгрөг өгсөн боловч манай 2 дүү цахим Покер тоглоод алдсан.Тухайн гар утсыг ломбардаас аваад зугтаахад нь би байгаагүй, сүүлд О, Ш хоёр гар утсаа авч зугтаасан талаар өөрсдөө надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
3. Тэнцвэр эстимейт ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ц-143 дугаартай хөрөнгийн үнэлгээ: “...Үнэлгээний дүн 450.000 төгрөг...” (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
4. Өсвөр насны шүүгдэгч Г.Шийн: “...2023 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн найз О болон түүний ах Н нарын хамт өөрийн эзэмшлийн А-32 маркийн гар утсыг надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байр урд талын нэг ломбардад 160.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд мөнгөө авчхаад Н, О бид 3 өөрсдийн гэр болох Эрдэнэт хот руу явсан. Тэгээд хэд хоногийн дараа О бид 2 Эрдэнэтээс миний утсыг авах гээд Улаанбаатар хотод ирэхэд бид 2-т 80.000 төгрөг байсан, мөнгө хүрэхгүй байхаар нь бид ярилцаж байгаад утсаа тухайн ломбардаас аваад зугтахаар тохирсон. Эрдэнэтээс ирсэн өдрийн 17 цагийн орчим тухайн ломбард руу явж ороод тухайн ломбардын эгчид “Утсандаа сим картаа хийгээд шилжүүлчихье, миний утсыг хальт өгч байгаач” гэж хэлээд утсаа авсан. Тэгээд би тухайн ломбардаас гараад явсан бөгөөд Ог араас утас аваад гараад ирээрэй гээд тохирсон байсан. Удалгүй О араас миний утсыг авчхаад гарч ирсэн тул бид 2 шууд вокзал руу яваад Эрдэнэтийн галт тэргэнд суусан. Тэр үед бид 2 мөнгөгүй байсан болохоор ийм үйлдэл гаргасан. О бид 2 тухайн ломбардын эгчид барьцааны мөнгөө төлцгөөсөн, тухайн эгч бид 2-т гомдолгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
5. Өсвөр насны шүүгдэгч Ж.Оы: “...2023 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн төрсөн ах Н болон найз Ш нарын хамт явж байгаад бид 3 Шийн эзэмшлийн А-32 маркийн ар утсыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байр урд талын нэг ломбардад 160.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд тухайн өдөр мөнгийг нь авчхаад бид 3 шууд Эрдэнэт рүү явцгаасан. Тэгээд хэд хоногийн дараа Ш бид 2 Эрдэнэтээс хүрч ирээд Шийн утсыг тухайн ломбардаас авах гэтэл мөнгө хүрэхгүй байхаар нь бид 2 ярилцаж байгаад Шинээгийн утсыг аваад зугтахаар тохирсон. Тэгээд тэр өдөр 17 цагийн орчимд тухайн ломбард руу явж ороод ломбардын эгчид “Утсандаа сим картаа хийгээд шилжүүлчихье, миний утсыг хальт өгч байгаач” гэж Ш хэлчхээд гараад явчихсан бөгөөд би тухайн гар утсыг нь нөгөө эгчээс авангуутаа шууд гараад гүйчихсэн, тэгээд бид 2 шууд вокзалаас унаанд суугаад Эрдэнэт рүү буцацгаасан. Ш бид 2 тухайн ломбардын эгчид барьцааны мөнгөө төлцгөөсөн, тухайн эгч бид 2-т гомдолгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өсвөр насны шүүгдэгч нар нь мөнгөний хэрэгцээ гарсан гэх шалтгаанаар шүүгдэгч Г.Шийн эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг “ДУЭЯ” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт 187.000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг өөрсдөө хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан байна.
Улмаар барьцаалагч “ДУЭЯ” ХХК-ийн ломбардаас шүүгдэгч нар нь өөрсдийн эд зүйлийг авахдаа барьцааны төлбөрөө төлсний үндсэн дээр авах ёстой атал хоорондоо төлбөр төлөхгүйгээр, худал хэлж эд зүйлээ авах талаар ярилцаж тохиролцон улмаар үйлдлээ хууль бусаар хэрэгжүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь анхнаасаа хохирогчид худал хэлж эд зүйлийг хуурч авах гэсэн санаа зорилготой байсан төдийгүй барьцааны мөнгийг төлөх, буцаан өгөх бодолгүй байсан байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж... эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн болно.
Иймээс өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас “ДУЭЯ” ХХК барьцаалуулан зээлдэх газарт 187.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Ж.О нь 200.000 төгрөгийг тухайн компанид төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:
-шүүгдэгч Г.Шд 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулах ялыг 2 дахин багасгаж 3 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хорих ял оногдуулах,
- шүүгдэгч Ж.Од 8 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 4 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоох” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадрал нь “...шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж журамлаж ирүүлсэн атлаа өөр өөр хэмжээгээр ял оногдуулж байгаагүй оновчгүй байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгч нар гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан. Тэдгээрийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа. Иймээс Ж.О, Г.Ш нарт тус бүрд хорих ял оногдуулахгүйгээр, харин 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 120 цагаар тогтоож өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолын хувьд бол 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх байх. Өөр тайлбар саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч,... эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ хуульчилж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “... өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасан.
Шүүгдэгч Г.Ш нь 2005 оны 12 сарын 21-ний өдөр төрсөн, одоо 17 нас 10 сартай, /РД:фд05322136/, шүүгдэгч Ж.О нь 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, одоо 17 нас 10 сартай, /РД:фд05321431/ болох нь тэдгээрийн нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 39, 43, 74-75 дахь тал)
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тухайн гэмт хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөж ярьж тохиролцож үйлдсэн байдал, үйлдлийн оролцоо ижил зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн насны байдал, бусад хувийн байдал /өмнө ял шийтгэгдэж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, улмаар уг ялыг багасгаж 250 цагаар тус тус тогтоож шийдвэрлэв. Үндэслэл нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна” гэж, 2 дахь хэсэгт “шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заасан байна.
Баянгол дүүргийн 2022 оны 04 дүгээр сарын 274 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байх атал шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн нь энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах үндэслэл болсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш тус бүрд энэ тогтоолоор оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 31 хоног буюу нэг сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Жгийн О, Б овогт Гийн Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч шүүгдэгч Ж.О, Г.Ш тус бүрд 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Г.Ш тус бүрд энэ тогтоолоор оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож 31 хоног буюу нэг сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарын цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ