Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 366

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Д ХХК-ний  нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох үндсэн зээл 660,000 төгрөг, зээлийн хүү 1,058,100 төгрөг, алданги 330,00 төгрөг  нийт  2,048,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 10 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д” ХХК-наас 2019 оны 05 сарын 31 өдөр Б.Б нь 660,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч энэ хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг одоог хүртэл огт төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, өөрийнх нь хүссэн хугацааг өгч удаа дараа албан болон утсаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд зээлийг төлж барагдуулаагүй. Иймд зээлийн хүү болох 1,058,100 төгрөг, гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 330,000 төгрөг, үндсэн мөнгө 660,000 төгрөг нийт 2,048,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.О би Б.Б-н хариу тайлбар болох 2021 оны 03 сарын 30-ны дотор сард 350,000  төгрөг төлж,  сүүлийн сард 298,100 төгрөг  төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул  хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт түр суух Т овогт Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д ХХК нэхэмжилсэн 2,048,100 төгрөгийг 2021 оны 03 сарын 30-ны дотор төлж барагдуулна. Энэ төлбөрийг төлөхдөө 5 сарын турш 350,000  төгрөг төлж барагдуулна. 6 дахь сард нь 298,100 төгрөгийг хийж төлж дуусгана гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан үндсэн зээл 660,000 төгрөг, зээлийн хүү 1,058,100 төгрөг, алданги 330,00 төгрөг нийт  2,048,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д ХХК-тай 2019 оны 05 сарын 31 өдөр  зээлийн гэрээ байгуулан 660,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 660,000 төгрөг, зээлийн хүү 1,058,100 төгрөг, алданги 330,00 төгрөг  нийт  2,048,100 төгрөгийг сар бүр 350,000 төгрөгөөр 5 сар төлж, 6 дахь  сард 298,100 төгрөгийг төлж 2021 оны 03 сарын 30-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж  барагдуулахыг  хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д ХХК-ний  нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох үндсэн зээл 660,000 төгрөг, зээлийн хүү 1,058,100 төгрөг, алданги 330,00 төгрөг,  нийт  2,048,100  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,048,100 төгрөгийг сар бүр 350,000 төгрөгөөр 5 сар төлж, 6 дахь  сард 298,100 төгрөгийг төлж 2021 оны 03 сарын 30-ны  дотор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47,719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 23,860 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 23,860 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 А.Ц