| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1335 |
| Огноо | 2023-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1335
2023 11 13 2023/ШЦТ/1335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Шүхэртийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001612 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *** аймгийн ****** суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ******** дүүргийн *** дугаар хороо ******************** 01-01 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Шүхэртийн А (РД:***********),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2023 оны 8 дугаар сарын 04-ны өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүргийн автобусны буудлаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, нефтийн 3/27-р байранд хүргүүлсэн хохирогч Ц.Огийн хар цүнх, Samsung galaxy A14 гар утас, гоо сайхны будаг, хэрэгсэл, монетон ээмэг хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Ц.Од 1.230.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч Ц.О нь “ хохирлоо барагдуулж авмаар байна, өөр саналгүй” гэж,
шүүгдэгч Ш.А нь: “...би гэм буруу дээр маргахгүй, хохирлоо энэ 5 дахь өдөр гэхэд төлнө” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Ш.А нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, нефтийн 3/27-р байранд хүргүүлсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бие авч явсан иргэн Ц.Огийн хар цүнх, Samsung galaxy A14 гар утас, гоо сайхны будаг, хэрэгсэл, монетон ээмэг хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Ц.Од 1.230.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
1. Иргэн Ц.Огаас гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2. Хохирогч Ц.Огийн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед гэртээ амарч байхад манай найз Нямханд над руу залгаад хамт гадуур гарч архи уухаар болсон. Тэгээд намайг гэрээс ирж аваад 10 дугаар хороололд найзуудтайгаа бөөндөө уулзаж байгаад тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны ард талд байрлах караокед 3 найзын хамт 1 цагийн үед ороод 2 цагийн хугацаанд дуулж байх үедээ ямар нэртэй архи гэдгийг мэдэхгүй байна, 300 орчим граммыг ууж дуусаад 03 цагийн үед Оогий гэх найз яваад, удалгүй би араас халаад согтоод ирэхээр нь харихаар гарсан юм. Тэр үед дөнгөж караокеноос гараад автобусны буудал дээр очиход олон такси зогсож байсан бөгөөд намайг хаашаа явах уу гээд байхаар нь айгаад холдож, 20 орчим метр алхаж байгаад гараа өргөөд саарал өнгийн приус 30 маркийн 24-03 УУН тээврийн хэрэгсэлд суугаад гэр лүүгээ явсан. Тэгэхэд би замдаа Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 буудлын GS 25 дэлгүүр лүү орж гоймон дэвтээж идчихээд буцаад таксиндаа суугаад гэрийнхээ үүдэнд буусан юм. Тухайн үед таксинаас буух гэж байтал миний хар өнгийн нэг мөрөндөө үүрдэг жижиг цүнх, дотор нь хийсэн гар утас болон бусад зүйлс олдохгүй байсан бөгөөд таксины жолооч залуугаас асуухад мэдэхгүй, та цүнхтэй суугаагүй шүү дээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед машиных нь дотор болон гадна хэсгийг нэгжиж үзсэн бөгөөд нөгөө залуу ч өөрөө багажаа үзүүлээд байсан. Тэр үед би гайхаад бууж суухдаа магадгүй унагаагаад гээчихсэн байж магадгүй гэж бодоо гэр рүүгээ ороод унтаж амарсан. Тэгээд би маргааш орой 19 цагийн үед өөрийн караокед очиход эзэн нь байхгүй байсан бөгөөд камер шүүхээр орой 22 цагийн үед очиход нөгөө караоке онгойгоогүй байсан бөгөөд нөгөө таксины жолоочтой таараад цүнхийг маань авсан эсэхийг асуухад аваагүй гэж хэлсэн. Тухайн үед орой 22 цаг өнгөрөөд караокены эзэн ирээд камер шүүж үзэхэд цүнхтэйгээ гарч байгаа бичлэг байсан бөгөөд уг газар үлдээгээгүйгээ мэдээд нөгөө жолоочийн дугаар байхгүй байсан тул харьж амарсан. 2023 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 102 цагдаагийн байгууллагын утас руу 9 цагийн үед залгаад нөгөө машины дугаарыг хэлж өгөөд таксины жолооч залууг Амгаа гэх нэртэй болохыг мэдсэн. Тухайн үед нөгөө залуутайгаа уулзсан бөгөөд надад миний цүнхийг аваад барилга дээр нуучихсан орой өгнө гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр олдохгүй байна, миний тавьсан газраас алга болчихсон байна гэж хэлээд 2 өдрийн дараа миний цүнх дотор Samsung A 14 маркийн гар утасны 2 ширхэг цагаан өнгийн чихэвч, халбага, нүдний дусаагуур, гарын тос зэрэг эд зүйлсийг маань ажил дээр байхад авчирч өгөөд өөр цүнх дотор чинь байсан эд зүйлийг хулгайлсан байна гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш надад алдагдсан эд зүйлсийг чинь олж өгнө гэж хэлчхээд утас нь холбогдохгүй байж байгаад хөдөө явсан гэж эхнэр нь хэлээд би цагдаагийн байгууллагад хандсан, удахгүй цалин бууна, мөнгийг чинь өгнө гэж худлаа ярьсаар байгаад өдийг хүрлээ, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
3. “Тэнцвэр Эстимейт” ХХК-н 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Ц-699 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт хохирол 1.230.600 төгрөг..” гэх тайлан (хавтаст хэргийн 23-26 дахь тал),
4. Шүүгдэгч Ш.Аын: “...Би хохирогчид Samsung galaxy А-14 гар утасны цагаан өнгийн 2 чихэвч, гарын тос 1 ширхэг, нүдний дусаалга 1 ширхэг, жижиг төмөр халбага 1 ширхэг зэрэг эд зүйлийг буцаан өгсөн. Өөр бусад зүйлсийг буцаан өгөөгүй. Би тухайн үед авсан Samsung galaxy А14 маркийн гар утас, монетон ээмэг хос, нүдний тень нарны тос, нүүрний крем, уруулын будаг 2 ширхэг, зовхины тос зэрэг эд зүйлс байсан гэж санаж байна. Тухайн эд зүйлийг Хархорин зах дээр байх хувь хүнд нийтэд нь 350.000 төгрөгөөр худалдан борлуулчихсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл нь “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуль бусаар авсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Энэхүү гэмт хэрэг нь бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, нууц, далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн, захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч Ш.А нь хохирогчийн согтуу байдлыг далимдуулан цүнхтэй эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авснаар гэмт хэрэг төгссөн буюу хохирогч өөрийнх эд зүйлийг шүүгдэгч авсныг тухайн мөчид мэдээгүй байх бөгөөд шүүдэгчээс бусдын өмчлөх эрхэд халдсан энэхүү үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс шүүгдэгч Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Од 1.230.600 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимейт” ХХК-н Ц-699 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон тул шүүгдэгч Ш.Ааас 1.230.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Од олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ш.А нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчид 600,000 төгрөгийг төлж барагдуулсан, 630,600 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул түүнээс гаргуулж, хохирогч Ц.Од олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ат 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нь хохирлоос тодорхой хувийг төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал, гэм буруу дээр маргаагүй, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ш.А нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Шүхэртийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ааас 630.600 (зургаан зуун гучин мянга, зургаан зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Од олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ