| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0360/И |
| Дугаар | 369 |
| Огноо | 2020-10-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н нэхэмжлэлтэй
Б овогт П.Т-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, прокурор Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Т-с төрд учирсан хохирол нөхөн төлүүлэх буюу 38,445,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд гаргасан боловч П.Т нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн дугаар ... шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан төрд учирсан хохирол нь 38,445,000 төгрөгийг төлүүлэх боломжгүй байгаа тул хохирол учруулагч П.Т-н хаягийг тодруулах шаардлага бий болсон. Иймд Б овогт П.Т-н түр оршин суугаа хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н 2014 оны 01 сарын 02-ны өдрийн А/03 дугаартай шүүгчийн захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа MNS201512:2011 стандартын 7.4, Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тухай хуулийн 12.1.2 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж А ХХК-д давуу байдал олгосноор А ХХК нь 2001 онд үйлдвэрлэгдсэн буюу 12 жилээс дээш хугацаагаар ашигласан жижиг оврын автобус тендерээр худалдан авч хохирол учруулсан учраас авилгатай тэмцэх газраас шалгаж, эрүүгийг хэргийг нь хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч П.Т нь оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй, оршин суух хаяг нь тодорхой бус гэсэн үндэслэлээр татгалзсан. Ийм учраас Т-н түр оршин суух хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү, түүний талаар ... дугаарын утсаар асуух боломжтой гэв.
Прокурор Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. П.Т-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, ингэхдээ хохирлыг иргэний журмаар гаргуулахаар заасан байдаг. Хохирогч Ө.Н гэж прокурорын тогтоол дээр байдаг. Тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон байсан юм. Одоо Т нь хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул хаягийг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг шинжлэн судлахад П.Т-д холбогдох хэргийг прокурорын ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг заажээ.
Замын-Үүд сумын ЗД-н зүгээс дээрх гэм хорын хохирлыг нэхэмжлэхээр шүүхэд хандахад П.Т-н оршин суух хаяг нь тодорхойгүй байсны улмаас ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар шүүх хүлээн авахаас татгалзсан, тэрээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч уг хаяг дээрээ оршин суухгүй байгаа нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, шүүхэд төрийг төлөөлж оролцсон прокурор нарын тайлбараар тогтоогдож байна.
П.Т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Б овогт П.Т нь Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багт оршин суудаг байсан, түүний талаар ... дугаарын утсаар лавлах боломжтой талаар дурдах нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н хүсэлтээр Б овогт П.Т-г эрэн сурвалжилсугай.
2. П.Т-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. П.Т-н хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-т нэн даруй мэдэгдсүгэй.
4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц