| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2026/0340/З |
| Дугаар | 221/МА2026/0511 |
| Огноо | 2026-07-23 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0511
Х.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Х.А
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /Халдвар хяналтын улсын байцаагч/ Х.А надад улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгохгүй байгаа Эрүүл мэндийн яамны татгалзлыг хууль бус болохыг тогтоож, улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгохыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0340/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.А-ээс Эрүүл мэндийн яаманд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /Халдвар хяналтын улсын байцаагч/ Х.А надад улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгохгүй байгаа Эрүүл мэндийн яамны татгалзлыг хууль бус болохыг тогтоож, улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-ийн Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Х.А миний бие Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг 2015 онд “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжлээр буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар, дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөдөлбөрийн нэр/, индексийн жагсаалтад тусгагдсанаар 092302 мэргэжлийн индекстэй төгссөн.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар, дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийг шинэчлэн баталж, улмаар “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/144 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийн дүйцүүлсэн жагсаалтыг баталж Их дээд сургууль, коллежийн захирал нарт хүргүүлсэн байна.
Уг дүйцүүлсэн жагсаалтаар 092302 индекстэй Нийгмийн ажил, эрүүл мэндийн мэргэжлийг 098801 индекстэй Нийгмийн эрүүл мэнд мэргэжилтэй, мөн Боловсролын сайдын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/108 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийн дүйцүүлсэн жагсаалтаар 92312 индекстэй Нийгмийн ажил, эрүүл мэндийн мэргэжлийг 098801 индекстэй Нийгмийн эрүүл мэнд мэргэжилтэй дүйцүүлэхээр тус тус журамласан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс миний мэргэжил “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” буюу мэргэжлийн индекс “092302” байтал анхан шатны шүүхээс ... мэргэжлийн индексийн “092301” дугаар индексэд “нийгмийн ажил” хөтөлбөрийг, ... баталсан байна гэж миний мэргэжлийн индексийг илт буруу тайлбарлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
“Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай албан бичгээр надад улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгуулахаар Эрүүл мэндийн яаманд холбогдох материалыг хүргүүлсэн.
Гэвч Эрүүл мэндийн яамны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10/635 дугаартай албан бичгээр “...Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 353 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар баталсан аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт, мөн таны албан бичигт хавсарган ирүүлсэн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /халдвар судлалын асуудал хариуцсан/-ийн албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага” хэсэгт Эрүүл ахуй, халдвар судлал (102101), Нийгмийн эрүүл мэнд (098801), Нийгмийн эрүүл мэнд судлалч (721100, 720100), Нийгмийн эрүүл мэнд судлалч, эрүүл ахуйч (091801) мэргэжлийн шаардлагыг тус тус тодорхойлон заасан байдаг.
Танаас улсын байцаагчийн эрх олгуулахаар ирүүлсэн хүсэлтэд дурдсан Х.А нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2015 онд D760100 мэргэжлийн индекстэй “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжлээр төгссөн нь дээр дурдсан албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй байна. Иймд Х.А-т дээрх үндэслэлээр улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу ирүүлжээ.
Үүнээс болж миний бие улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар авч чадахгүй болж хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж эрх ашиг маань зөрчигдөж байна.
Эрүүл мэндийн яамны надад улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгохоос татгалзсан татгалзал нь үндэслэлгүй.
Х.А нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2015 онд D760100 мэргэжлийн индекстэй “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжлээр төгссөн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 235 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх ерөнхий мэргэжлийн чиглэл, индексийн дагуу “760100, нийгмийн ажил” индекс бичигдсэн.
Түүнийг АШУҮИС-д суралцаж байхад Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалын хавсралтаар мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн баталсан ба дээрх тушаалын хавсралтаар нийгмийн эрүүл мэнд хөтөлбөрийн индексийг 091801 болгож баталсан.
Тухайн тушаалд шинээр батлагдсан мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индексийг 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн мөрдөхөөр заасан ба Х.А нь тэрнээс өмнө 2011 онд тухайн сургуульд элсэн суралцаж төгссөн учир өмнө батлагдсан индексийг бичих нь зөв юм.
Дараа нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалын хавсралтаар дээд боловсролын сургуулийн байгууллагад мөрдөх чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээс эхлэн мөрдөхөөр заажээ.
Энэ тушаалаар нийгмийн эрүүл мэнд хөтөлбөрийн индекс 098801 болж шинэчлэгдсэн байна. Дээрх тушаал гарсны дараа Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/144 дугаартай албан бичгээр их, дээд сургууль, мэргэжлийн коллежийн захирал нарт 2014, 2017 онуудад батлагдан мөрдөгдөж байсан мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекстэй дүйцүүлсэн жагсаалтыг хавсралтаар хүргүүлжээ.
Тухайн албан бичигт 2014 оны А/78, 2017 оны А/370 дугаар тушаалаар батлагдсан 092302 индекстэй “Нийгмийн ажил” хөтөлбөрийг шинээр баталсан 098801 индекстэй “Нийгмийн эрүүл мэнд” хөтөлбөртэй дүйцүүлэхээр заасан байна.
Эндээс үзэхээр түүний 2015 онд төгссөн D760100 индекстэй эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжил нь 2014 оны А/78 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мэргэжлийн чиглэл, индексээр 092301 индекстэй нийгмийн ажил, 2022 оны А/160 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мэргэжлийн чиглэлээр 092301 индекстэй нийгмийн ажил болж батлагдсан нь, үүнийг хооронд нь дүйцүүлэн тооцох боломжтой болох нь харагдаж байна.
Боловсролын сайдын 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/108 дугаар тушаалаар мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекстэй дүйцүүлэн жагсаалтыг шинэчлэн баталсан.
Х.А нь 2025 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /Халдвар хяналтын улсын байцаагч/-ийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноос авч тэнцсэн.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаар тогтоолоор намайг дээрх албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, мөн өдрийн 130 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.
Үүний дараа АТГ-аас миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар намайг тухайн өдрөөс Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /Халдвар судлалын хяналтын асуудал хариуцсан/-аар томилж ажиллуулсан.
Тухайн үед Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь түүнийг Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /Халдвар судлалын асуудал хариуцсан/-ийн албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн. Ингэхдээ түүний Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2015 онд D760100 мэргэжлийн индекстэй “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжлээр төгссөнийг албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага” хэсэгт заасан Нийгмийн эрүүл мэнд (098801) индекстэй дүйцүүлэн тооцож бүртгэсэн.
Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэр, сонгон шалгаруулалтын дүн, нэр дэвшүүлсэн тогтоол бүгдээрээ хүчин төгөлдөр байгаа.
Албан тушаалын тодорхойлолт боловсруулахдаа “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага” хэсэгт тухайн чиглэлд хамаарах бүх мэргэжлийн индексийг бичих боломжгүй, тухайн үед мөрдөгдөж байгаа мэргэжлийн чиглэлийн индексийг бичнэ. Эрх бүхий байгууллагаас Сонгон шалгаруулалтад бүртгэх, оруулах, улсын байцаагчийн эрх олгох зэрэг үйл ажиллагаа явуулахдаа тухайн албан тушаалын тодорхойлолтод бичигдсэн мэргэжлийн чиглэл, индексээр хязгаарлахгүйгээр өмнө өөр индекс, мэргэжлийн чиглэлээр төгссөн хүмүүсийн дипломыг дүйцүүлэн тооцох боломжтой эсэхийг судалж дүгнэсний үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой.
Эрүүл мэндийн яамнаас нэхэмжлэгчид улсын байцаагчийн эрх олгохоос татгалзсан шийдвэр гаргахдаа зөвхөн албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага” хэсэгт бичигдсэн мэргэжлийн индексүүдийн хүрээнд дүгнэлт хийгээд түүний 2015 онд АШУҮИС-ийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан мэргэжлээр D760100 мэргэжлийн индекстэй төгссөнийг дүйцүүлэн тооцох арга хэмжээ аваагүй.
Бусад аймаг, нийслэлд эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилтэй албан хаагч нар улсын байцаагчийн орон тоонд ажиллаж буй эсэхийг давхар шүүж, харьцуулалт хийж шийдвэр гаргахыг хүсэж байна.
Тэгээд ч Боловсролын яамнаас мэргэжлийн чиглэл, индекс батлахдаа индексийг өөрчлөн баталдаг нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Х.А-ээс “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /Халдвар хяналтын улсын байцаагч/ Х.А надад улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгохгүй байгаа Эрүүл мэндийн яамны татгалзлыг хууль бус болохыг тогтоож, улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноо авч, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг Б/05 дугаар тушаалаар тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч (халдвар судлалын хяналтын асуудал хариуцсан)-аар томилогдсон байна.
2.3. Улмаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр түүнд улсын байцаагчийн эрх олгуулах талаарх хүсэлтийг Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт хүргүүлсэн байх бөгөөд маргаан бүхий Эрүүл мэндийн яамны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10/635 дугаар албан бичгээр “албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгох боломжгүй болохыг мэдэгджээ.
2.4. Нэхэмжлэгчийн хувьд 2015 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан /D760100/” мэргэжлээр суралцан төгссөн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч (халдвар судлалын хяналтын асуудал хариуцсан)-ийн албан тушаалтын тодорхойлолтоос үзэхэд уг албан тушаалд тавигдах тусгай шаардлага буюу мэргэжилд Эрүүл ахуй, тархвар судлал /102101/, Нийгмийн эрүүл мэнд /098801/, Нийгмийн эрүүл мэнд судлалч /721100, 720100/, Нийгмийн эрүүл мэнд судлалч, Эрүүл ахуйч /091801/ гэсэн мэргэжлүүд байна.
2.5. Нэхэмжлэгчээс “... миний мэргэжил Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мэргэжлийн чиглэл, индексээр 092301 индекстэй нийгмийн ажил, 2022 оны А/160 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мэргэжлийн чиглэлээр 092301 индекстэй нийгмийн ажил болж батлагдсан, үүнийг хооронд дүйцүүлэн тооцох боломжтой, Эрүүл мэндийн яамнаас хууль бус үндэслэл зааж надад улсын байцаагчийн нэр, албаны болон хувийн дугаар олгохоос татгалзаж байна...” гэж тайлбарлан маргасан байх бөгөөд анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Х.А-ийн эзэмшсэн D760100 индекстэй Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжил нь Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албаны тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах мэргэжлийн тусгай шаардлагад хамаарахгүй бөгөөд “Нийгмийн эрүүл мэнд /098801/” хөтөлбөрт дүйцүүлэн тооцох үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.6. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаал, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаал, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаар тушаалуудын хавсралтаар баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийн жагсаалтаас үзэхэд нэхэмжлэгчийн төгссөн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан D760100 индекстэй мэргэжил нь Нийгмийн ажил 092301 индекстэй болсон байх бөгөөд Боловсролын ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/628 дугаар албан бичиг[1] болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/138 дугаар албан бичгээр[2] ирүүлсэн тайлбараас үзэхэд “Нийгмийн эрүүл мэнд” 0988 кодтой хөтөлбөрийг “Нийгмийн ажил” 0923 кодтой хамааруулж ойлгохгүй болох нь тогтоогдож байна.
2.7. Түүнчлэн нэхэмжлэгчээс “миний мэргэжил Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мэргэжлийн чиглэл, индексээр 092301 индекстэй нийгмийн ажил, 2022 оны А/160 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мэргэжлийн чиглэлээр 092301 индекстэй нийгмийн ажил болж батлагдсан, үүнийг хооронд дүйцүүлэн тооцох боломжтой” гэж тайлбарлах боловч Боловсролын сайдын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекстэй дүйцүүлсэн жагсаалт батлах тухай” А/108 дугаар тушаалын хавсралтаар баталсан мэргэжлийн чиглэл, индексийг дүйцүүлсэн жагсаалтаас үзэхэд “092301 индекстэй “Нийгмийн ажил” хөтөлбөр нь “92301” индекстэй “Нийгмийн ажил” хөтөлбөртэй дүйцэж байх бөгөөд Боловсролын яамны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05/1239 дүгээр албан бичгээр мөн нэхэмжлэгчийн төгссөн “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжил нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/146 дугаар тушаал дахь “Нийгмийн ажил /092301/ бакалаврын хөтөлбөр, индекстэй дүйцэж буй болохыг тодорхойлсон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчид улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгохоос татгалзсан хариуцагчийн үйл ажиллагааг буруутгахааргүй байна.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН