Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00018

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн З.Золжаргалд холбогдох 201618020208 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Зүүнхараа коллежийн хажуу талын хашаанд оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зоригт Золжаргал.  /РД:МЗ97032131/

 

Шүүгдэгч З.Золжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны 2 дугаар орцны ¹ 05 тоотод оршин суух, иргэн Д.Даваасүрэнгийн орон байранд сэм нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, SKY маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч 380000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Золжаргалын өгсөн...... 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн оройн 21 цагийн үед Эрдэнэбаяр гэдэг найзындаа 2 шил архи тавуулаа хувааж уусан. Тэгээд найзынхаасаа шөнийн 12 цагт гэр лүүгээ харих гээд гарсан. Тэгсэн чинь би тэр айл руу ороод хулгай хийсэн байсан. Тухайн үедээ бол хулгай хийснээ мэдэхгүй байгаа юм. Өглөө нь би сэрээд харахад 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гар утас хулгайлсан байсан. Тэгээд 2 ширхэг мөнгөн аягаа ломбарданд тавьсан. Нэгийг нь 30000 төгрөгөөр, нөгөөг нь 100000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Нийт 130000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм. Орой нь би самранд явах гээд 40 айлын энд байж байгаад цагдаад баригдаад үнэнээ хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

           Хохирогч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн…...... Манай гэр бүлийн хүмүүс болох нөхөр Эрдэнэбат, 16 настай охин Саранзаяа, 24 настай хүү Эрдэнэсайхан, 02 настай ач охин Оюунмаа, 03 настай зээ охин Дүүрэнжаргал бид нар 2016.10.14-нөө 15-нд шилжих шөнө Мандал хотхоны 2-5 тоот гэртээ шөнө 01 цаг өнгөрч байхад унтаж амарцгаасан. өглөө манай охин хичээлдээ явах гээд унтахдаа цэнэглээд орхисон гар утас нь байхгүй болсныг мэдээд аавыгаа сэрүүлэг дуугарахаар нь цааш нь аваад тавьчихсан юм байх гэж бодоод ааваасаа асуутал аав нь мэдэхгүй гээд ингээд хулгай орсон юм болов уу гэж бодоод шүүгээнд байдаг 2 ширхэг мөнгөн аягаа хартал байхгүй байсан. Иймээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 19-20 дугаар хуудас/

Гэрч Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн……. Би Дэлгэрэх цацал ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулаад 1 жил орчим болж байна. 2016.10.16-ны өглөө 10 цаг өнгөрч байхад нэрийг нь мэдэхгүй байна өндөр шар залуу орж ирээд эгчээ мөнгөн аяга тавья гэхээр нь бичиг баримтаа үзүүл гэсэн чинь бичиг баримт байхгүй эгчээ гэхээр нь тэгвэл бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэсэн чинь би ээжтэйгээ явж байгаа ээжийнхээ үнэмлэхийг аваад ирье болох уу гэхээр нь тэгвэл тэг гэж хэлсэн чинь гарч гүйгээд 10 орчим минутын дараа Батхишигийн Гэрэлмаа гэх эмэгтэй хүний үнэмлэх барьж ирээд битүү бүрсэн мөнгөн аягыг 100000 төгрөгийн барьцаанд тавиад ээжийнхээ иргэний үнэмлэхтэй үлдээгээд явсан. Тэгтэл 2016.10.16-ны өдөр цагдаа ирээд хулгайн эд зүйл авсан байна гээд барьцаанд авсан мөнгөн аягыг хурааж авсан гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/

Гэрч Б.Оюундуламын мөрдөн байцаалтад өгсөн……. 2016.10.15-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газар дээрээ байж байтал 11 цагийн орчим Б.Гэрэлмаа гэх 40 гаран насны эмэгтэй ганцаараа орж ирээд дунд гарын мөнгөн аяга үзүүлээд хэдэд авах уу гэхээр нь 40000 төгрөгөнд авна гэсэн чинь тэгвэл 30000 төгрөгөнд тавья гэхээр нь тэгээ гээд бичиг баримтыг нь шалгаж үзээд иргэний үнэмлэхтэйгээ явж байсан тул гэрээ хийж уг мөнгөн аягыг нь 30000 төгрөгөөр барьцаанд сарын 9 хувийн хүүтэйгээр бодож авсан. Ингээд 2016.10.16-ны өдөр цагдаагийн албан хаагч нар орж ирээд Б.Гэрэлмаа гэж эмэгтэйгийн барьцаанд тавьсан мөнгөн аягыг хурааж авсан гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Саранзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн…. Би 2016.10.15-ны өглөө хичээлдээ явах ёстой 04 цагт босч даалгавраа хийнэ гээд гар утсан дээрээ сэрүүлэг тавьсан байсан боловч дуугараагүй. Өглөө 07 цаг өнгөрч байхад босоод гар утсаа авах гэсэн чинь гар утас байхгүй цэнэглэгч нь газар уначихсан байхаар нь өглөө сэрүүлэг дуугараад би сэрээгүй аав, ээж хоёрын нэг нь утас авчихсан юм байх гэж бодоод утсаа асуусан чинь аваагүй гэсэн. Тэгэхээр нь би тоглоод байгаа юм байх даа гэж бодоод байсан чинь аав гэрээс өөр юу алга болсон байна хар даа гэрийн хаалга онгорхой байна уу хар гэхээр нь очоод хартал онгорхой байсан. Шүүгээнд байсан 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан тул хулгай орсон байна гэж мэдсэн гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/

Гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн……. Би сар өдрийг нь мартчихсан байна. Нэг өглөө босоод байж байхад З.Золжаргал нь ээж энэ мөнгөн аягыг ломбарданд тавиад өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм юун аяга юм бэ гэхэд самарт явах гэж байгаа юм манай найзын аяга байгаа юм мөнгөний хэрэг байна гэхээр нь би Цагдаагийн хэлтсийн хойд талын барцаалан зээлдүүлэх газарт 30000 төгрөгөөр жижиг мөнгөн аягыг тавьсан. Уг 30000 төгрөгийг Золжаргал бүгдийг өөрөө авсан гэх мэдүүлэг /Хх-н 29 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-06 дугаар хуудас/

Ерөө Баян Хан-Уул ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газраас дунд гарын мөнгөн аягыг хураан авсан тухай тэмдэглэл /Хх-н 09 дүгээр хуудас/

Дэлгэрэх цацал ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газраас очир хээтэй дунд гарын мөнгөн аягын хураан авсан тухай тэмдэглэл /Хх-н 12 дугаар хуудас/

Хохирогч Д.Даваасүрэнд Дэлгэрэх цацал, Ерөө Баян Хан-Уул ХХК-уудын барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан 2 ширхэг мөнгөн аягыг, SKY маркийн хар өнгийн корпустай хавтгай дэлгэцтэй, дэлгэцний баруун дээд буланд цуурч хагарсан гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хх-н 15 дугаар хуудас/

 Хохирогч Д.Даваасүрэнгийн 2 ширхэг мөнгөн аягыг 330000 төгрөгөөр, 1 ширхэг гар утсыг 50000 төгрөгөөр, нийт 380000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн зах зээлийн ханшийн үнэлгээ /Хх-н 33 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 46 дугаар хуудас/

З.Золжаргал нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 53 дугаар хуудас зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Золжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Мандал хотхоны 2 дугаар орцны ¹ 05 тоотод оршин суух, иргэн Д.Даваасүрэнгийн орон байранд сэм нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, SKY маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч 380000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ. 

Шүүгдэгч З.Золжаргал нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан З.Золжаргалд ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.

Хохирогч Д.Даваадорж нь хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, иргэний нэхэмжлэгч С.Соёл-Эрдэнэ, Б.Оюундулам нар нь хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Золжаргал нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригт Золжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр З.Золжаргалыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан З.Золжаргалд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Золжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан З.Золжаргалд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр З.Золжаргалд өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Б.ХЭРЛЭН.