Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 127/ШШ2017/0018

 

 

Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2017/0017/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа би: иргэн М.Сийн нэхэмжлэлтэй, Ж сумын Засаг даргад холбогдох, тус сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/10 тоот захирамжийн дагуу 6 сарын тэтгэмж гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.С тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Ж сумын Баян-Эрдэнэ багийн Засаг дарга М.С би 2005-2008 онд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, 2009 оноос 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус багийн Засаг даргын үүрэгт ажлыг ард түмнийхээ итгэлийг хүлээн нэр төртэй 12 жил ажилласаар ирсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, 2017 оны 1 дүгээр сарын 18-нд багийн Засаг даргад нэр дэвшин багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхийн санал авч сонгогдон ажиллаж байсан. 2017 оны 6 дугаар сарын 4-нд Орон нутгийн хөгжил сангийн санал эрэмбэлэх хурлыг зарлан хуралдуулсан. Тус хуралд багийн Засаг даргын зохион байгуулалтын асуудлыг оруулж санал хураалт явуулж М.С намайг ялагдалд хүргэсэн юм. Тийм учраас багийн иргэдэд зар хүргээгүй, надад урьдчилан мэдэгдээгүй, хууль зөрчсөн хурал болсон гэж үзэж байна.

            Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Ц-ын  2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн  Б/10 тоот захирамжийн дагуу бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу 6 сарын тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

            М.Сарантуяа би 2017 оны 7 дугаар сарын 25-нд дээд шатны албан тушаалтан болох Хэнтий аймгийн Засаг даргад хандсан, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 4/1791 тоот албан бичгийг 10 дугаар сарын 11-нд хүлээн авсан” гэжээ.

            Хариуцагч Ж сумын Засаг дарга Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар  иргэн М.Сийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тэтгэмж авах эрхийг хязгаарлаагүй болно.

            Иймд М.С нь хууль, журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн заавал шүүхэд хандахгүйгээр асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.С нь Ж сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргаар ажиллаж байгаад сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу 6 сарын тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Шүүх уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч М.С болон хариуцагч Ж сумын Засаг дарга Б.Ц нар нь эвлэрлийн гэрээ байгуулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замыг тодорхойлж, маргаанаа дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээгээр, хариуцагч Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Цогт-Орших нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу, нэхэмжлэгч М.Сийн урьд нь авч байсан албан тушаалын 6  сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох тухай захиргааны акт гаргах, нөгөө талаас, нэхэмжлэгч М.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар тохиролцжээ. Үүнээс үзэхэд, хариуцагч нь үндсэндээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг шаардлагыг биелүүлэх арга замыг Эвлэрлийн гэрээндээ тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47,48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.6-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж тус тус заасныг баримтлан, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Сарантуяад олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж сумын Засаг дарга Б.Ц нь нэхэмжлэгч М.Сийн багийн Засаг даргаар ажиллаж байхдаа авч байсан албан тушаалын 6  сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох тухай захиргааны акт гаргах, үүний үндсэнд нэхэмжлэгч М.С нь энэ талаар шүүхэд гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзахаар тохиролцож, эвлэрийн гэрээ байгуулсан тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч М.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж сумын Засаг даргын ажлын алба-Тамгын газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сарантуяад олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.БАЛЖМАА