Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 367

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: “С Корпораци” ХХК –ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 5-р багт оршин суух О овогт Б.П-т холбогдох үйлчилгээний төлбөр 265,934 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 269,934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С Корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.П нь 2018 оны 10 сарын 14-ны өдөр 81220 тоот С үйлчилгээний гэрээг С Корпораци ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг С гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Б.П нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 4 дугаар зүйлийн 4.1.8, 4.1.8.1, 5 дугаар зүйлийн 5.5.1, 6 дугаар зүйлийн 6.1,6.2,6.7-д заасны дагуу 2019 оны 01 сарын 22-ний өдөр тасалбар болгон С Корпораци ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2018 оны 12 сар болон 01 сарын үйлчилгээний төлбөр болох 109,934 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 156,000 төгрөг нийт 265,934 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Б.П-с үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 265,934 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 269,934 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж 8748 төгрөгийг төлсөн болно” гэжээ.

Хариуцагч Б.П нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.П миний бие С Корпорациас нэхэмжилсэн 269,934 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “С Корпораци” ХХК нь хариуцагч Б.П-д холбогдуулан  үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 265,934 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 269,934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.П нь нэхэмжлэлийн шаардлага болох үйлчилгээний төлбөр 269,934 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “С Корпораци” ХХК-ны нэхэмжлэлтэй, үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 265,934 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 269,934 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.П нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8748  төгрөгийн 50 хувь болох 4374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4374 төгрөгийг, хариуцагч Б.П-с 4374 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С Корпораци ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Б.П нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц