| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/1268/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1347 |
| Огноо | 2023-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1347
2023 11 15 2023/ШЦТ/1347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Энэрэл,
хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч А.Ганзориг,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Цгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001590 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ***** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд нь :
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай захирамжаар торгох ял биелүүлэхийг өршөөн хэлтрүүлсэн, Х овгийн Цгийн Б (РД:уп94122435),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто сургуулийн автобусны буудал дээр “өөрийнх нь явах чиглэлд таксинд явахгүй гэлээ” гэх шалтгаанаар иргэн Г.Эгийн зүүн талын чихнээс нь хазаж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө найз нарын хамт наргиж цэнгэж байгаад найз нар цааш нь үргэлжлүүлнэ гэхэд нь би үргэлжлүүлэхгүй гээд зугтаж гарч ирсэн. Эхнэр ирээд эхнэрийн хамт авто сургуулийн буудал дээрээс такси барих гээд Э гэх хүнээс “явах уу” гэж асуухад “хаашаа явах вэ” гэж асуусан. Толгойт гэхэд тэр зүгт явахгүй гэж хэлээд маргаан эхэлж үүссэн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хувиараа такси үйлчилгээнд явдаг. 2023 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө таксинд зогсож байхад хагас онгорхой байсан цонхыг хажуу талаас цохиод “...таксинд явах уу...” гэхэд нь “...хаашаа явах вэ...” гэхэд “таксины жолооч байж ямар учраас явах газраа мэдэхгүй хаашаа юм бэ” гэж хэлээд цонх руу шүлсээ хаясан. Би тэгэхээр нь “...яаж байгаа юм бэ чи...” гэж хэлэхэд эхнэр нь ирээд аваад явсан. Тэр хооронд ална гээд янз бүрийн зүйл яриад байхаар нь согтуу байна гэж бодоод байж байтал эхнэрийнхээ урдуур хойгуур ороод байсан. Эхнэр нь жирэмсэн, том гэдэстэй байсан. Тэгээд би “...чи яагаад байгаа юм бэ...” гээд ахмад хүний хувьд сургаал хэлэх гэхэд шууд ирээд толгой руу гараараа цохиод, нөгөө гараараа дахиад цохисон. Тэгээд тухайн үедээ бужигнасан, ноцолдсон зүйл болсон. Эхнэр нь “та наад хүнээ дийлэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би хоёр гар, хөлөөс бариад зогсож байхад “...яасан зэвүүн өвгөн бэ...” гээд миний чихнээс хазсан. Удалгүй чихнээс цус гарсан. Тэгэхэд нь миний уур хүрээд дотоожноос нь барьж байгаад дээш нь өргөж байгаад газар тавьсан. Тэгээд би “чамаас илүү чадалтай, цохино гэвэл цохиж чадна, гэхдээ хуулийн дагуу шийдүүлнэ, чи миний чихийг хазлаа...” гэхэд “хохь чинь” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад, шүүгдэгчийг явуулахгүй гээд түргэн үйлчилгээний цэгийн буланд дарж зогсоогоод би дарж суугаад байж байхад нэг хүн ирээд “...та нар учир зүйгээ ол...” гээд намайг хориглоод байх хооронд Б зугтаагаад явсан. Цагдаа дээр очиход Гэмтлийн эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж ав гэж хэлсэн. Түүнээс хойш 7-8 хоног халуурсан, гэрээр эмчилгээ хийлгээд гайгүй болгосон” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч нь “...Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч А.Ганзориг: “... хохирогч Г.Э нь хууль эрх зүйн мэдлэггүй улмаас өмгөөлөгч сонгон аваагүй, эрх ашгаа хамгаалуулаагүй байдаг, энэ нь оролцогчийн эрхийг зөрчсөн шинжтэй байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож ирүүлээгүй байх тул түүний сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгч Ц.Б: “гэм буруу дээр маргахгүй, өөр хэлэх саналгүй” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 27-ноос 28-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, авто сургуулийн автобусны буудал дээр иргэн Г.Этай таксины үйлчилгээг авах асуудлаас үүдэн маргалдаж, улмаар зүүн талын чихнээс нь хазаж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Иргэн Г.Эгийн цагдаагийн байгууллагад гаргасан: “...согтуу хүн чих хазчихлаа...” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал),
2. Хохирогч Г.Эгийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо авто сургуулийн арын автобусны буудал дээр өөрийн 5281 УБЬ маркийн авто машинтай зогсож байх үед эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд “таксинд явах уу” гэхээр нь би “хаашаа явах юм” гэхэд эрэгтэй нь согтуугаар намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би машинаасаа буугаад “та нар яахаараа хүн доромжилдог юм” гэхэд эхнэр намайг “боль, та хэрэггүй, шал дэмий юм болно” гэж хэлэх үед нөхөр нь намайг заамдаж аваад бид 2 барьцалдаж ноцолдож байх үед тухайн үл таних эрэгтэй нь миний зүүн гар талын чихийг хазчихсан. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Цагдаа дээр очиход Гэмтлийн эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж ав гэж хэлсэн. Түүнээс хойш 7-8 хоног халуурсан, гэрээр эмчилгээ хийлгээд гайгүй болгосон. Хохирол төлбөр төлөгдөөгүй. Хуулийн дагуу сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна. Мөрдөгчид хүсэлтээ өгөхөд хөнгөн гэмтэлд авахгүй гээд аваагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Гэрч У.Уянгын: “...2023 оны 8 дугаар сарын 27-ны орой манай нөхөр Ц.Б найзуудтайгаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба намайн оройн 22 цагийн орчим дуудсан. Ингээд би Бийн байгаа газар очиж уулзахад бага зэрэг согтуу байсан. Улмаар бид 2 авто сургуулийн ур байрлах Түргэн үйлчилгээний цэг орж 1 хайрцаг тамхи аваад гарч ирсэн. Тэгтэл автобусны буудал дээр хохирогч гэх хүн 52-81 УБВ гэсэн дугаартай приүс машинтайгаа цонхоо онгойлгосон байдалтай сууж байхаар нь би “таксинд явах юм уу ахаа” гэж асуухад бид 2-г хаашаа явах юм гэж асуусан. Хариуд нь би “Толгойт орно” гэхэд таксины жолооч “ойрхон газар учир 2500 төгрөгөөр явна” гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр уурлаж “яахаараа 2500 байдаг юм, таксинд явж байж яахаараа газар асуудаг юм” гэхэд тэр ах буугаад ирсэн. Тэгээд манай нөхөр тэр 2-н дунд хэрүүл маргаан эхэлсэн. Би тэр ахыг болиулах гэтэл миний үгийг тоохгүй, нөхөртэй зодоон хийгээд байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10871 дугаартай: Хэсэг газрын үзлэгт “...зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэгт ташуу байрлалтай 4,5см урт мэс заслын олон оёдол бүхий шархтай, шархны эргэн тойрон хавдсан” гэж тэмдэглэсэн.
Дүгнэлт хэсэгт “...Г.Эгийн биед зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
5. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч Г.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас 160.000 төгрөгийн зардал гарсан болох нь мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай албан бичгээр тогтоогдсон тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг хавтас хэргийн 91-92 дахь тал),
6. Шүүгдэгч Ц.Бийн: “...Миний бие 2023 оны 8 дугаар сарын 27-ны орой ажлын газрынхантайгаа гарч Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар орой болсон учир эхнэр Уянгыг 22 цагийн үед дуудсан. Тэгээд эхнэр маань ирээд бид 2 гэр лүүгээ явахаар болсон. Авто сургуулийн хойд талын автобусны буудал дээрээс такси барихаар болсон. Түцнээс тамхи аваад гараад ирэхэд нэг приус 10 маркийн машинтай ах таксинд явах гэж байгаа бололтой байсан. Тэгээд явах уу гэж асуухад хаашаа юм гэж зөрүүлж асуусан. Тэгээд би толгойт орно гэхэд ойрхон газар 2500 төгрөгөөр явна гэхээр нь би уур хүрээд маргаан үүсгэсэн. Ингээд тэр ах машинаасаа бууж ирээд надтай барьцалдаж зууралдаж авсан. Тэр дунд эхнэр Уянга боль гэсэн боловч зуурчхаад тавихгүй хувцас ураад байсан. Ингээд зууралдаан болсны дараагаар чихнээс нь цус гарсан байсан. Улмаар цагдаад дуудлага өгсөн. Яг хазсанаа бол санахгүй байгаа. Ямар ч байсан надтай зууралдсаны улмаар тэр ахын биед гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас харахад, шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр лүүгээ харих зорилгоор таксины үйлчилгээ үзүүлэхээр буудал дээр зогсож байсан иргэн Г.Этай харилцан ярилцах үедээ үл ойлголцон маргалдсан, улмаар чихийг нь хазаж гэмтэл учруулсан болохыг хохирогч Г.Э мэдүүлснээс гадна гэрч У.Уянга нь өөрийн нөхөр Ц.Б, хохирогч Г.Э нарын хооронд такси үйлчилгээний төлбөрийн асуудлаас үүдэн маргалдаж харилцан зууралдсан талаарх мэдүүлгийг өгсөн нь агуулгын хувьд зөрүүгүй байна.
Хэдийгээр шүүгдэгч Ц.Б нь хохирогчид учирсан уг гэмтлийг хазаж учруулаагүй, ноцолдож байх явцад хувцасны цахилгааны төмөр тээглэн гэмтээсэн байх гэх байдлаар мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг нь хохирогч Г.Эгийн өөрийнх нь чихэнд үүссэн шархыг шүүгдэгч Ц.Б нь хазаж учруулсан талаар мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэнээс гадна шинжээчийн 10871 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт тэмдэглэгдсэн “...Г.Эгийн зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэгт ташуу байрлалтай 4,5см урт мэс заслын олон оёдол бүхий шархтай, шархны эргэн тойрон хавдсан” гэж дурдагдсан шархны байрлал, илэрч буй шинж тэмдгээр үгүйсгэгдсэн, улмаар шинжээчийн дүгнэлтээр уг гэмтэл нь хөнгөн хохиролд хамаарсан тул шүүгдэгчийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “хохирогч Г.Эг өмгөөлөгчөөр хангаагүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан” гэж, мөн хохирогчийн сэтгэцийн хор уршгийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч хангах үндэслэлгүй байна. Учир нь,
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан ба энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гомдол” зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр тусгажээ.
Хохирогчид сэтгэцийн хор уршиг учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оролцогч нь дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болохоор, мөн хуулийн 34.16 дугаар зүйлд хуралдааны явцад мөн нэмэлт шинжилгээ хийх үндэслэлийг зохицуулсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь хуульд заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд хамаарах тул тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Үүнтэй холбоотой сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хэлэлцээгүй орхисон болно.
2.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.1-1.6 дахь заалтад заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж үүрэг болгож зохицуулсан, харин хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй байх ба энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж заасан.
Тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөгч нь хохирогч Г.Эд хохирогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч улмаар түүнээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй оролцох эсэхийг асуултаар тодруулсан байх ба хохирогч Г.Э нь өмгөөлөгч авах шаардлагагүй, өөрийгөө өмгөөлж оролцоно хэмээн хэлж тэмдэглүүлсэн, хохирогч нь эрх, үүрэг танилцуулсан баримт болон өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хохирогчийн эрхийг нь зөрчсөн, хязгаарласан гэж дүгнэх боломжгүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна. (хавтаст хэргийн 6, 7-8 дахь тал)
Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэмт хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “ эдийн бус гэмт хорыг арилгуулахаар хохирогч шаарах эрхтэй”, 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэмт хорыг мөнгөөр нөхөн төлнө”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэмт хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус зааж зохицуулсан.
Тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч Г.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй, энэхүү зардлаа цаашид нэхэмжилнэ гэх тул хохирогч Г.Э нь уг зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээж шийдвэрлэв. Учир нь,
Дээрх хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэж заасан атал мөрдөгч нь энэхүү ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх тул хохирогч Г.Э нь сэтгэцэд хор уршиг учирсан эсэх асуудлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Харин уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 160.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Биас уг мөнгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь уг зардлыг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хэдий боловч уг хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд 160.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч Ц.Биас 160,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 3 сарын хугацаагаар Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч нь: “...эрүүгийн хариуцлага дээр прокурортой санал нэг байна” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Б нь “...хэлэх зүйл алга” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ц.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүний согтууруулах ундааны зүй бус хэрэглээтэй холбоотойгоор үүссэн, энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгч нь хохирол төлсөн зүйлгүй, мөн шүүгдэгч Ц.Бийн хувийн байдал (өмнө энэ төрлийн хэрэгт удаа дараа ял шийтгэгдэж байсан ч гэмшсэн шинжгүй) зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 3 сарын хугацаагаар Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бд мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Цгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 3 (гурав) сарын хугацаагаар Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бд мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Биас 160.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
5. Хохирогч Г.Э нь өөрт учирсан эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Биас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ