Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 373

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би,

Нэхэмжлэгч: “С Корпораци” ХХК -ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд суманд оршин суудаг, Б овогт Г.М-д холбогдох

Үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэлт төлбөрт 182,200 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 186,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С Корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.М нь 2018 оны 08 сарын 27-ний өдөр 79716 тоот С үйлчилгээний гэрээг С Корпораци ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг С гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Г.М нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 4 дугаар зүйлийн 4.1.8, 4.1.8.1, 5 дугаар зүйлийн 5.5.1, 6 дугаар зүйлийн 6.1,6.2,6.7 д заасны дагуу 2019 оны 06 сарын 22-ны өдөр тасалбар болгон С Корпораци ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2019 оны 05 сар болон 06 сарын төлбөр болох 65,200 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 117,000 төгрөг, нийт 182,200 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Г.М-с үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 182,200 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 186,700 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 25 3032

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.М нь үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэлт төлбөрт 182,200 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 186,700 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Орлогын баримтыг хавсаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С Корпораци” ХХК нь хариуцагч Г.М-д холбогдуулан үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэлт төлбөрт 182,200 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 186,700 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 186,700 төгрөгийг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “С Корпораци” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.М-д холбогдох үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэлт төлбөрт 182,200 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 186,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлага 186,700 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6251 төгрөгийн 50 хувь болох 3125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3125 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.М-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц