Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

                                                           

 

 

 

 

 

 2023           12         26                                  2024/ШЦТ/10

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч О.Багшбаяр, /томилолтоор/

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2311 00000 1186 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.Б, 1997 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, ...........тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн 14 дугаар хороо, Д төвийн................. тоот түр оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 883 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД: ................

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” төвийн ...............тодорхой шалтгаангүйгээр иргэн М.Гын нүүр хэсэгт гараараа цохиж баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, нүдний алиманд цус харвалт, духанд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хэрэг болсон өдрийн маргааш нь хохирогчийг эмчилгээ хийлгэх үү яах вэ гэсэн чинь шүүхийн тогтоол гарахаар эмчилгээ хийлгэнэ гээд сүүлдээ утас нь холбогдохгүй, байрнаасаа гарсан байсан. Би тэр хүнтэй уулзаж амжаагүй байна..гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би 32-ийн тойргийн ойролцоо 17 цагийн үед өмнө хамт ажилладаг байсан хүнтэй тааралдаад нэг шил 0.75 литрийн хараа нэртэй цагаан архи хувааж уусан юм. Тэгээд би гэртээ орой 21 цагийн үед хариад нийтийн байрны ..... тоот өрөөндөө ороод байж байсан, тухайн үед манай эхнэр хүүхдүүд байсан ба намайг хажуу талын 11 тоот өрөөний залуу тог байхгүй байна, ханьдаа жоохон юм яриад суугаач гээд бид хоёр өрөөнд нь ороод тамхи татаад сууж байсан. Тэгээд бид хоёр байж байтал 6 тоот өрөөний таягтай өвгөн, өмнө харж байгаагүй хоёр эрэгтэй хүний хамт орж ирээд, надтай учир битүүлэг зүйл яриад байсан ба би тухайн үед сайн ойлгоогүй юм. Тэгээд би тэр хоёр эрэгтэйг өрөөнөөс гаргах гэж байхад таягтай өвөө түрүүлээд гараад 6 тоот өрөөнийхөө үүдэнд /тухайн өрөөнүүд хоорондоо ойрхон юм/ зогсож байсан ба би тухайн өвөөг гэртээ орооч гээд дух руу нь түлхсэн, өрөө рүүгээ уначих шиг болсон. Тэгээд тухайн үед байсан гэх хоёр эрэгтэй нь дээшээ гурван давхар луу гараад, удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн..” гэсэн мэдүүлэг /хх-60-62/,

 

Хохирогч М.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байсан ба би орой 22 цаг 30 минутын үед нийтийн байрныхаа коридорт гараад байж байхад манай давхрын 10 тоот өрөөний Б гэх залуу над руу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “чи олон юм яриад бай” гээд сонин сонин зүйл яриад байсан. Тэгэхээр нь би янз бүрийн зүйл яриагүй гээд өрөөндөө орох гэж явж байтал миний баруун нүд рүү гараараа нэг удаа гараа атгаж байгаад цохисон, тэгээд би газарт уначихсан юм. Тухайн үед миний нүднээс цус гараад би өрөөндөө ганцаараа сууж байхад Б дахиж орж ирээд намайг зодох гэж дайраад байх үед эхнэр нь орж ирээд салгаад аваад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тухайн гэмтлүүдийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай нийтийн байрны ..... тоот өрөөний Б гэх залуу миний биед цохиж, зодож учруулсан гэмтэл байгаа юм. ..Дээрх гэмтэлтэй холбоотойгоор би Улсын нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Гомдолтой байна, хөгшин настай хүн учраас эмнэлгийн байгууллагаар ганцаараа явахад хэцүү байна..” гэсэн мэдүүлэг /хх-7/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9141 дугаартай дүгнэлтэд: “..М.Гын биед баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, нүдний алиманд цус харвалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-13-14/,

 

Иргэний нэхэмжплгч Д.Сэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө иргэн М.Г нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч .......... регистрийн дугаартай, М.Г нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс Ойрын дуудлага 48.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс амбулаторийн үзлэг 15.000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04/3390 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Бгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэсэн мэдүүлэг /хх-49/ ,шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/,  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрхи үйлдлийн улмаас М.Гын биед баруун зовхинд язарсан шарх, цус хуралт, нүдний алиманд цус харвалт, духанд зулгаралт гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч М.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед хохиролтой

 холбоотой гаргаж өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн түүнчлэн иргэний нэхэмжлэгч Д.Сэс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 78.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас гаргуулж өгнө үү гэсэн боловч энэ талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй зөвхөн жагсаалт ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж заасан бөгөөд тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Мөн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох үүргийг хүлээдэг.

 

Гэтэл эрүүл мэндийн даатгалын сангаас томилогдсон Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг өгч нэхэмжлэлийн талаарх жагсаалт гаргаж өгсөнийг нэхэмжлэлийг хангалттай нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна. Хэргийн оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг нь дангаараа хуульд заасан нотлох баримт болохгүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, гэм хорын асуудлыг хамтад нь шийдвэрлэдэг. Ингэхдээ иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалтын үндэслэдэг болгодог тул иргэний нэхэмжлэгч Д.Сэс гаргасан нэхэмжлэлийг бүлэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Сэс нэхэмжилсэн 78.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР