Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, Дорноговь аймаг Замын-Үүд сум 5-р багт оршин суух, ... ажилтай, Б овогт Б.Б-н нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүү Б.А, А.Ц нарын эцгээр Т.А-г тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Б.Б нар оролцов.                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.Б нь С овогтой Т.А-тэй 1999 онд анх танилцаад, 2001 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн хамтран нэг гэрт амьдарч байсан бөгөөд миний хамтран амьдрагч болох Т.А нь 2020 оны 09-р сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгссөн. Бидний хамтын амьдралын хугацаанд буюу ... оны ...-р сарын ...-ны өдөр хүү Б.А, бага хүү А.Ц нь ... оны ...-р сарын ...-ны өдөр тус тус төрсөн. Бид бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд  манай нөхөр А нь өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулж амжаагүй байсан болно. Бид анх танилцаж амьдралаа эхлүүлэхэд нөхөр маань өөрийн хүү А.П-н хамт ирж байсан. Тухайн үед дагавар хүү маань 2 нас 8 сартай байсан. Одоог хүртэл намайг ээжээ гэж өссөн. Тиймээс дунд хүүгээ өөрийнхөө нэрээр овоглож бичиг баримт авч байсан. Одоо хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхээр миний хүү эцгийнхээ нэрээр овоглож чадаагүй.  Мөн хамт амьдарч байсан багa хүү А, Ц нар нь нөхөр А бид хоёрын хамтын амьдралын хугацаанд төрсөн гэдэг нь тодорхой байх тул бидний 2001 оны 07 сарын 22-ны өдрөөс 2020 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Мөн нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие нь Б.Б би 2020 оны 10 сарын 01-ний өдөр хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Үүний дараа НДГ-с эцэг тогтоолгох шаардлагатай гэсэн учир тус шүүхэд дахин эцэг тогтоолгох нэмэгдүүлсэн нэхэмжлэх гаргаж байна” гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь С овогтой Т.А-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүү Б.А, А.Ц нарын эцгээр Т.А-г тогтоолгохыг хүсэж шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Б.Б нь С овогтой Т.А-тэй 1999 онд анх танилцсанаас хойш 2020 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдарч байх хугацаанд нь ... оны ... сарын ...-ны өдөр хүү Б.А, ... оны ... сарын ...-ны өдөр хүү А.Ц нарыг төрүүлжээ. Т.А нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн №0000234355 дугаартай гэрчилгээ, гэрч Х.Э “.... Б.Б нь манай бэр байсан. 2007 оноос хойш Т.А-тэй нэг гэрт байсан. Тэд гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай дүү өмнө нь эхнэртэй байсан.Тэр нь хаяад явчихсан юм. Тэр эмэгтэй нь Улаанбаатар хот руу хүүхдээ орхиод явчихсан. Хаана байгаа нь мэдэгдэхгүй олдохгүй байсан.Хүү А, Ц нар нь Т.А-р овоглодог. Хүүхдүүд нь мөн. Нэг гэрт хамт амьдардаг байсан. Хоёулаа аавтайгаа адилхан хүүхдүүд байдаг даа” гэх мэдүүлэг, гэрч А.П “... Би Т.А-н төрсөн хүү нь байгаа юм. Б.Б нь 2000 оноос 2012 он хүртэл намайг өсгөн хүмүүжүүлсэн хүн. Хамт амьдардаг, миний ээж байгаа юмаа. Тэдэнд гэрлэлтийн баталгаа байхгүй, өмнөх гэрлэлтийн баталгаагаа салгаагүй, тэгээд баталгаа авч чадаагүй. Ерөнхийдөө өмнөх эмэгтэйтэйгээ харилцаа муу, уулзахыг ч хүсдэггүй хүн байсан. Тэгээд л баталгаагаа салгаж чадаагүй, А, Ц нар нь Т.А-н хүүхэд мөн. А 2005 онд төрсөн. Миний доод талын дүү. Ц нь намайг оюутан байхад төрж байсан. Хамт амьдарч байсан нь үнэн. А ээжээр овоглодог. Дүү Ц нь ааваар овоглодог. А-г ааваар овоглох гэтэл баталгаа салгаагүй гээд овоглохгүй байсан” гэх мэдүүлэг, фото зураг, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б-г С овогтой Т.А-тэй 2001 оны 07 сарын 22-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг  хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүү Б.А, А.Ц нарын эцгээр Т.А-г тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт Б.Б, С овогт Т.А нарыг 2001 оны 07 сарын 22-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-т зааснаар ... оны ... сарын ...-ний өдөр төрсөн хүү Б.А, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн хүү А.Ц нарын эцгээр С овогт Т.А-г тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.Ц