| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0344/И |
| Дугаар | 361 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сум 2-р багийн Сүмбэрт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ч овогт Л.А-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Л.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “...Миний бие Л.А Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багийн М нэгдлийн харьяа Өргөний Жоншны үйлдвэрт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр будагчин, шаварчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш 1987 оны 01 сарын 10-ныг дуустал ажиллаж ирсэн юм. Тухайн үед миний аав, ээж ажлын шаардлагаар Даланжаргалан сум руу шилжин ажиллах болж гэр бүлээ даган тус сумын ерөнхий боловсролын сургуульд 1987 оны 01 сарын 19-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үед ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, архивт хадгалагдаж буй Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн архивын баримтаас 1987, 1988 онд ажиллаж байсан тухай даргын тушаал, шийдвэр байхгүй зэргээс миний бие тухайн үед ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Л.А миний 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 10-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын М нэгдлийн харьяа Өргөний жоншны үйлдвэрт будагчин, шаварчнаар, 1987 оны 01 сарын 19-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.А нь 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 10-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын М нэгдлийн харьяа Өргөний жоншны үйлдвэрт будагчин, шаварчнаар, 1987 оны 01 сарын 19-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Л.А нь 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 10-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын М нэгдлийн харьяа Өргөний жоншны үйлдвэрт будагчин, шаварчнаар ажиллаж байсан болох нь Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн Өргөн хэсгийн даргын цалингийн тодорхойлолт, 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №255 дугаартай ээлжийн амралт эдлүүлэх тухай тушаал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №085597 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №160 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1987 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн №168 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1984 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №24 дугаартай ажилд авах тухай тушаал, гэрч Д.Г “...Би 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 2006 оны 06 сар хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын М нэгдлийн харьяа Жоншны үйлдвэрийн барилгын цехэд засал чимэглэлчээр ажиллаж байсан. Надтай хамт 1984 оноос Дорноговь аймгийн Өргөн сумын Жоншны үйлдвэрийн барилгын цехэд өрлөгчин, туслах хийж байсан. 1987 оны дундуур ажлаасаа гарч өөр сум руу шилжсэн байдаг” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц “....Би 1984 оноос 1994 он хүртэл тасралтгүй Дорноговь аймгийн Өргөн сумын М нэгдлийн харьяа Жоншны үйлдвэрийн барилгын цехэд туслах, өрлөгчин хийж байсан. 1984 оноос 1987 он хүртэл тэр Дорноговь аймгийн Өргөн сумын М нэгдлийн харьяа Жоншны үйлдвэрийн барилгын цехэд туслах хийж байсан. 1987 оноосоо шилжээд явсан байдаг” гэх мэдүүлгээр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1987 оны 01 сарын 19-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №03 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн багш ажилчдын 1988 оны фото зураг, гэрч Д.Б “...Би 1987 оноос 2002 он хүртэл Дорноговь аймаг Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд тогтооч хийж байсан. 1987 оноос 1988 он хүртэл Л.А нь нь Дорноговь аймаг Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд үйлчлэгч хийж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Б “...Би 1979 оноос 1987 он хүртэл Дорноговь аймаг Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуульд сурч байсан. Л.А нь 1987 онд Дорноговь аймаг Даланжаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны үйлчлэгч байсан. Би 1987 онд төгсөөд явсан. Л.А-г хэдэн он хүртэл ажилласан гэдгийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Л.А-г 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын М нэгдлийн харьяа Өргөний жоншны үйлдвэрт будагчин, шаварчнаар, 1987 оны 01 сарын 19-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч овогт Л.А-г 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Монголросцветмент нэгдлийн харьяа Өргөний жоншны үйлдвэрт будагчин, шаварчнаар, 1987 оны 01 сарын 19-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц