| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/1268/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1348 |
| Огноо | 2023-11-15 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1348
2023 11 15 2023/ШЦТ/1348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
өсвөр насны шүүгдэгч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Өмөргүл, өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол овогт Гийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308020251434 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 12 дугаар гудамж, 14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол овогт Гийн Э /РД:ФД08272012/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Э нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 153 дугаар дунд сургуулийн хашаан дотор насанд хүрээгүй хохирогч Г.Хын эзэмшлийн iPhone-SE маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Э нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 153 дугаар дунд сургуулийн хашаан дотор насанд хүрээгүй хохирогч Г.Хын эзэмшлийн iPhone-SE маркийн гар утсыг авч зугтаасан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),
2. Насанд хүрээгүй хохирогч Г.Хын: “...Би 2023 оны 6 дугаар сарын 17-ны оройн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 153 дугаар сургуулийн хашаан дотор өөрийн төрсөн ах болох Тэмүүлэн болон найз Мөнхтэнгэр нарын хамт хөл бөмбөг тоглож байгаад сүүлд тоглох гээд хамт ирсэн үл таних ах намайг өөрийнхөө унадаг дугуйн дээр суулгаад явж байгаад сургуулийн шатан дээр очоод “ахдаа гар утсаа өгчих, ах нь гар утаснаас нь юм үзээд буцаагаад өгье” гэж хэлээд өөрийнхөө цүнхэнд хийгээд аваад явчихсан. Би өөрийн найз Мөнхтэнгэрийн гар утаснаас өөрийн /96565152/ дугаарын утас руу залгахад миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд би ээждээ хэлээд ээж цагдаагийн байгууллагад хандсан. 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Теди” худалдааны төвөөс 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гар утас нь улан өнгөтэй, өнгөгүй кейстэй, сэв зураас байхгүй. Тухайн гар утсыг авсан хүүхдийг Э гэдэг, содон шинж нь 150 см орчим өндөртэй, туранхай, цэнхэр өнгийн ташуулдаж үүрсэн цүнхтэй, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн цамцтай байсан. Цагаан өнгийн унадаг дугуйтай явж байсан. Би тухайн гар утас авч явсан хүүхдийг харвал шууд танина...” (хавтаст хэргийн 5-13 дахь тал),
3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...1-4 гэж дугаарласан гэрэл зургаас 4 дугаартай хүнийг зааж, тухайн өдөр миний I phone S маркийн гар утсыг дээрэмдсэн гэх хүн мөн байна” гэж заасан. (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
4. Шүүгдэгч Г.Эы төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
5. “Тэнцвэр Эстимейт” ХХК-н 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ц-624 дугаартай “...Нийт хохирол 500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
6. Өсвөр насны шүүгдэгч Г.Эы: “...2023 оны 6 дугаар сарын 17-20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 153 дугаар сургуулийн үүдэнд 4-5 хүүхэд хөл бөмбөг тоглож байхаар нь явж очоод цуг тоглоё гэж хэлсэн чинь тухайн хүүхдүүд зөвшөөрөөд бид хэд хөл бөмбөг тоглож байсан чинь тухайн хүүхдүүд гэртээ орлоо гэж хэлэхээр нь бор царайтай намхан хүүхдээс чиний утсаар хүнтэй ярих гэсэн юм, түр өгч байгаач гэж гуйж аваад унадаг дугуйгаа унаад зугтаж байгаад “Хар хорин” захын гадаа явж байсан хүнд очоод 50.000 төгрөгөөр зараад олсон мөнгөөрөө “сu” нэртэй сүлжээ дэлгүүр ороод юм авч идээд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер тоглоомын газар” очиж тоглосон. iPhone маркийн улаан өнгийн утас байсан. Хоол авч идэх болон компьютер тоглоом тоглох зорилгоор авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн ба “хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжийг агуулдаг байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаас үзэхэд, уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Г.Эд тавих ар гэрийн хараа хяналт сул, хойноос нь хөөцөлдөж явдаггүй, анхаарал тавьдаггүй зэрэг байдлаас үүдэн гадуур хоноглож PC тоглоом тоглодог, ингэж явахдаа хэрэгцээгээ хангах зорилгоор өөрөөс дүү бага насны хүүхдийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч зугтааснаар тухайн гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл, өсвөр насны шүүгдэгч Г.Э нь шунахайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогч Г.Хаас гар утсыг авсан даруйдаа зугтаан өөртөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байх ба тэрээр өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Эыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.
Өсвөр насны шүүгдэгч Г.Э нь одоо 15 настай байх тул түүний эцэг, эх нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгахаар байна.
Иймээс өсвөр насны шүүгдэгч Г.Эы үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Хт 500.000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул өсвөр насны шүүгдэгч Г.Эы хууль ёсны төлөөлөгч Х.Өмөргүлээс 500.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Г.Хын хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзулд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тогтоон эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нь: “...Миний хувьд дараах саналыг гаргаж байна, Г.Э нь одоо 15 настай, цаашид анги дэвшиж суралцана гэсэн байр суурьтай байгаа тул түүнийг сургуульд орох боломжийг олгох үүднээс нийтэд тустай ажил ялыг 60 цагаар тогтоож өгнө үү. Эсхүл яллагдагчаар татагдсан бусад хулгайн хэргүүдийг нэгтгэж нэг мөр шийдвэрлэхээр 60 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан ба энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гомдол” зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр тусгажээ.
Харин өмгөөлөгчийн саналд дурдагдсан эрүүгийн хэргийг нэгтгэх тухай асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байгаа тул шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл хорих ял оногдуулахаас заасан, харин нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар заагаагүй байх тул өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.Эы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “арван дөрвөөс арван зургаа хүртэлх насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...17.2 /дээрэмдэх/ ... гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч Г.Э нь 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, РД-фд08272012, тэрээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 10 сар 28 хоногтой байсан нь тухайн гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрсэн байна. (хавтаст хэргийн 74, 32-33 дахь тал)
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ хуульчилж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “... өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасан.
Өсвөр насны шүүгдэгч Г.Эы үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан ба тус зүйл, хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан хэдий боловч шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Эд дээрх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүйгээр харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж, түүнийг хүмүүжүүлэх боломжтой байна гэж дүгнэлээ. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Эыг гэмт хэрэг үйлдэхэд ар гэрийн хараа хяналт сул, анхаарал халамж тавьдаггүй байдал, сургуульгүй хоцорсон байдал тус тус нөлөөлсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна тэрээр гэм буруу дээр маргаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж, түүнчлэн шүүгдэгч нь 15 настай, түүнд суралцах, нийгэмших боломжийг олгох үүднээс Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Эд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, Г.Эыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Х.Өмөргүлд тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Харин өсвөр насны шүүгдэгч Г.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1, 37.12 дугаар зүйлийн 4, 5, 6 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Монгол овогт Гийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг 1 (нэг) жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Эд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Эыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Х.Өмөргүлд даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Эы хууль ёсны төлөөлөгч Х.Өмөргүлээс 500.000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Г.Хын хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзулд олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ