Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 353

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороонд байрлах, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, Б овогт Ж.Э-т холбогдох,

“Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 245,154 төгрөг, нотариатын төлбөр 4,000 төгрөг, нийт 229,154 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.Э нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 09 сарын 04-ний өдөр дараа төлбөрт  MONGOLDOO 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ... дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ж.Э нь гэрээний  үүргээ үл биелүүлж ... дугаарын 2018 оны 11 сарын байдлаарх төлбөр 245,154 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ж.Э-с төлбөрийн үлдэгдэл болох 245,154 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дэх хэсэгт заасны дагуу барьцаа 20,000 төгрөгийг хасаад 225,154 төгрөг нотариатын зардалд 4,000 төгрөг, нийт 229,154 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч Ж.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК-ний нэхэмжилсэн ... дугаарын хэрэглээний төлбөр болох 225,154 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөгийг миний бие нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэх сар болгоны 05-нд 20,000 төгрөгөөр төлж 2021 оны 09 дүгээр сарын 05-нд 29,154 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: “... дугаартай хэрэглэгч Э-н хариу тайлбартай танилцлаа. Энэ хэрэглэгч хүнд хагалгаанд орсон тул, 2020 оны 11 дүгээр сарын 05-наас эхлэн сар бүр тогтмол 20,000 төгрөгийн төлбөр төлөхийг зөвшөөрөв. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр барагдуулсан байхыг зөвшөөрөв...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Ж.Э-гт холбогдуулан 229,154 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ж.Э нь 229,154 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 7,525 төгрөг төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 3,762.5 төгрөгийг, төрийн сангаас 3,762.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 229,154 төгрөгийг хариуцагч Ж.Э нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 3,762.5 төгрөг, хариуцагч Ж.Э-с 3,762.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                     Б.Н