| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/1268/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1368 |
| Огноо | 2023-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1368
2023 11 20 2023/ШЦТ/1368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч А.Намдаг,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Чы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308027761649 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******************************************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо 50б байрны 2-45 тоотод иргэн Шг рүү “эхнэрийг уруу татаж архи уулгасан” гэх шалтгаанаар архины шил шидэж, зүүн шилбэнд нь зүсэгдсэн шарх, зүүн гуянд нь цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...яллах дүгнэлтэд бичигдсэн үйл явдал болсон, маргах зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо 50б байрны 2-45 тоотод иргэн Ш рүү “эхнэрийг уруу татаж архи уулгалаа” хэмээн уурлан архины шил шидэж, зүүн шилбэнд зүсэгдсэн шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Б.Шгийн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 50б байрны 45 тоотод Чинбаа гэх айлд хуурай эгч Ариунтуяагийн хамт очиж тухайн айлд бөөндөө 0.75 литрийн 2 шил Хараа архийг би Чинбаа ах, Ариунтуяа эгчийн найз Батзул ах бид 4 нийлж хувааж уугаад байж байхад гаднаас Ариунтуяа эгчийн нөхөр Б орж ирээд эхнэр лүү уурлаад байсан. Хүмүүс рүү дайраад орилоод “та муу архичид” гэж уурлаж байснаа над руу газар байсан архины шилийг аваад дараалуулж шидэхэд миний зүүн гуяны дотор талд нэг шил оносон. Тэгээд дахиад нэг шил зүүн талын хөлийн шилбэний яс дээр оноход миний шилбэ хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлж, боолт хийлгүүлсэн. Тэрнээс хойш хөл өвдөөд гишгэж болдоггүй, идээ татаад шагай хэсгээр хавдаад байсан болохоор нь өнөөдөр гэмтэлд очиж үзүүлсэн чинь цагдаад дуудлага өгсөн байна. Би гэрийн эзэн, Чинбаа ах, хуурай эгч Ариунтуяа, Батзул бид 0.75 литрийн 2 шил хараа архи авч хувааж уусан. Би Ариунтуяа руу дайраад уурлаад, орилоод байхаар нь би Б луу “та айлд орж ирчхээд жаахан тайван аажуухан ярьчих” гэтэл чи муу балай авгай, гичий, нохойгоор дуудаад, уурандаа над руу архины шил аваад шидэх үед оногдсон. Би нийтдээ 300,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 10 дахь тал),
2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11669 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Б.Шгийн биед зүүн шилбэнд зүсэгдэн шарх /2ш/, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
3.Гэрч Ч.Чын: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 50б байрны 2-45 тоотод оршин суудаг ба 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр миний зүс таних Туяа нь манай гэрт Штэй хамт ирсэн. Тэгээд танилцаад манай гэрт Туяа болон Ш бид 0,75 литрийн 2 шил Хараа архийг хувааж уугаад нэг хоол хийж идээд хэвтэж байсан чинь манай хаалгыг хүн нүдээд байхаар нь Ш босож нээсэн. Тэгээд гаднаас Туяагийн нөхөр гээд нэг эрэгтэй орж ирээд бид 3 руу уурлаад “эхнэр уруу татаж, архи уулгалаа” гээд ширээн дээр байсан архины шилийг аваад Ш рүү шидээд хөл рүү нь оносон. Тэгээд нөгөө залуу уурлаад эхнэртэйгээ хэрүүл хийж байгаад эхнэр Туяа нь гэрээс гараад явсан чинь араас нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)
4. Гэрч Б.Батзулын: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед би гэрээс гарч салхилангаа 50б байрны 2-45 тоот хамт ажилладаг Чинбаа ахынд орсон. Тэгэхэд гэрт нь Чинбаа бараг зэрэг архи уусан буйдан дээрээ хэвтэж байсан, хамт Б.Ш гэх эмэгтэй хойд талын ор дээр архи уусан бололтой сууж байсан. Би Чинбаатай юм яриад сууж байсан чинь Б.Ш босоод явахдаа доголоод байхаар нь нөгөө эмэгтэйгээс “чиний хөл чинь яасан юм” гэж асуухад “сая хамт архи ууж Туяа эгчийн нөхөр орж ирээд над руу архины шил хөл рүү оносон, бөөн хэрүүл хийж байгаад Туяа эгчийг аваад гарлаа” гээд надад хэлсэн...” (хавтаст хэргийн 12 дахь тал),
5. Шүүгдэгч Ч.Бын: “...Манай эхнэр М.Ариунтуяа нь хэдэн өдөр гэрээс гараад тэнээд хүмүүстэй архи уугаад гэртээ ирэхгүй байсан болохоор нь би хүмүүсээс сураглаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо 50б байрны 2-45 тоотод 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр очсон чинь манай эхнэр болон нийлж архи уудаг Ш болон өөр нэг гэрийн эзэн бололтой нэг өвгөн ах байсан. Тэгээд би гэрт нь ороод өөрийн эхнэр Ариунтуяа авч явах гээд тэгээд хүмүүс рүү “яагаад эхнэр уруу татаж архи уулгаад байгаа юм бэ” гээд бага зэрэг уурласан. Тэгэхэд Ш нь “би ямар уруу татсан юм уу, яадаг юм” гээд согтуу орилоод байхаар нь уурандаа газар байсан архины шилийг аваад Ш рүү шидчихсэн, тэгээд хөл дээр нь оносон. Тэгээд би уурлаж байгаад гараад явсан...” (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Б нь тухайн үед өөрийн эхнэрийгээ уруу татаж архи уулгалаа гэх шалтгаанаар Б.Ш рүү уурлан архины шил шидэж гэмтэл учруулсан үйлдлийг дээрх хохирогч, гэрч нар харилцан зөрүүгүй мэдүүлснээс гадна мөн шүүгдэгч нь өөрөө энэ талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан зэрэг нотлох баримттай байна.
Хэдийгээр шүүгдэгч Ч.Бын хохирогч Б.Шд тавьж буй шаардлага, шалтгааныг буруутах аргагүй боловч энэ нь хүний бие махбодод халдах үндэслэл бус юм.
Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эндээс үзвэл, шүүгдэгч Ч.Бын хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ч.Бын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Шгийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Б.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 300,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 95.150 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн (хавтас хэргийн 89-92 дахь тал), уг хохирол төлөгдөөгүй /шүүгдэгч нь уг хохирлыг төлсөн гэх боловч баримтгүй/ байх тул шүүгдэгч Ч.Баас 95.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Шд олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Ш нь сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Ч.Баас нэхэмжлэхээс татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Б нь “...прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгч Ч.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, тус үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, мөн нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримттай / зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 450 (дөрвөн зун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас 95.150 (ерэн таван мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Шд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ