Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1369

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         11           20                                        2023/ШЦТ/1369

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч П.Итгэл,

            шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Бүргэд овогт Цэрэнсүрэнгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303005620457 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****************************************************************************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй шүүгдэгч Ц.Х нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хөтлийн уулзвар дээр 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 10 минутын орчимд Toyota Prius-30 маркийн 68-16 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож чиг өөрчлөн эргэх хөдөлгөөн хийхдээ зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Эыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн, энэ асуудлаас хойш сарын дараа жолооны үнэмлэхээ авсан. Жолооны курст суралцаад төгссөн, үнэмлэхээ авч амжаагүй байсан юм” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй шүүгдэгч Ц.Х нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хөтлийн уулзвар дээр 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 10 минутын орчимд Toyota Prius-30 маркийн 68-16 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон туслах замаас төв зам руу нийлэхээр ертөнцийн зүгээр хойноос баруун гар тийш чиг өөрчлөн эргэх хөдөлгөөн хийхдээ зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Эыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

 

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

4. Хохирогч Д.Эын: “...Тухайн үед буюу 2023 оны 8 дугаар сарын 15-ны өглөөний 10 цагийн орчимд гэрээсээ гараад ажил руугаа 4 дүгээр дэлгүүр лүү явж байхад Баянхошууны Хөтөл сүпер маркетын урдуур зам хөндлөн ертөнцийн хойноос  урагш чиглэлтэй зам хөндлөн гарч байхад миний баруун талаас нэг машин ирж, мөргөсөн, тэгээд би юу ч санахгүй байгаа, нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Тэр ослоос болж миний тархи, гавал ясанд цус хурсан гэж гарсан. Би зам хөндлөн гарахдаа замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан. Зам ачаалалгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан. Би өмнөх өдөр нь архи уусан байсан ба тэр осол болох өдөр архи уугаагүй байсан. Би ямар нэгэн гэмтэл бэртэл авч байгаагүй, эрүүл саруул байсан. Миний эмчилгээний зардалд нийт 1.345.000 төгрөгийн зардал гарсан байна. Мөргөсөн жолоочоос эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн байна. Өөр мөнгө өгөөгүй, гаргаж өгөх баримт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, учир нь мөргөсөн жолооч өдөр надад байнга тусалж ойр зуур эргэж тойроод явж байгаа, энэ эмчилгээнд гарсан зардлыг өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 21-ний 10286 дугаартай шинжээчийн “...Д.Эын биед гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт, зүүн хөмсөгт язарсан, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хөмсөгт язарсан, зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

 

6. “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 999935 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 64-67 дахь тал),

 

7. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн цагдаагийн ахлагч Э.Батжаргалын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1026 дугаартай мөрдөгчийн:

“...A. Toyota prius-30 маркийн 68-16 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Б. Явган зорчигч Д. Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 71 дэх тал)

 

8. Иргэний хариуцагч Б.Ш: “...Би 2023 оны 8 дугаар сарын 15-ны өглөөний 8 цагийн орчимд 5 буудал гэрээсээ гараад Toyota prius маркийн 68-16 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай найз залуу Х жолоодоод бид 2 Баянхошуунд Хын найзад юм хүргэж өгөөд буцаад 5 буудал руу гэр лүүгээ буцах гээд явж байгаад Хөтлийн туслах замаас төв зам руу ертөнцийн зүгээр хойд талаас баруун гар тийш эргэх үед миний нүдэнд хүн харагдсан. Би Хд хүн гэж хэлээд Х тоормосоо гишгээд машинаа шууд зогсоосон. Тэгээд тэр хүнийг баруун урд хэсгээрээ мөргөсөн. Тэгээд Х буугаад 103-т дуудлага өгөөрэй гэхээр нь би 103 залгасан боловч миний утас болохгүй байсан. Тэгээд би хажуугаар явж байсан хүнээс утсыг нь гуйгаад 103-т дуудлага тэр хүнээр өгүүлсэн. Би зөвшөөрөл өгсөн, би өөрөө цуг явж байсан, би саяхан авсан болохоор машин барьж чадахгүй байгаа, тэгээд Хд унуулсан. Би Хыг жолооч биш гэдгийг мэдэж байсан. Бодит баримтаа гаргаж өгвөл төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

 

9. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн улмаас Дүгэрийн Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.395.000 төгрөг гарсныг яллагдагч Ц.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

 

10.Шүүгдэгч Ц.Хын “...2023 оны 8 дугаар сарын 15-ны  өдөр 09  цагийн үед найз Шүрэнцэцэгийн  эзэмшлийн Тоёота приус маркийн 68-6 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодоод  дүү нарынхаа хичээлийн хэрэгслийг хүнд өгч хөдөө явуулах гээд найз Шүрэнцэцэгийн хамт  Баянхошууны хөтлийн уулзвар дээр  ирээд туслах замаас  төв зам руу  нийлэх гээд ертөнцийн зүгээр хойноос  баруун гар тийш  эргэх үед  баруунаас зүүн чиглэлтэй  зам хөндлөн  гарч байсан 36 орчим насны эрэгтэй хүнийг машиныхаа жолооч талын урд хэсгээр мөргөсөн. Тухайн хүн газарт унасан.  Би машинаасаа буугаад очоод тухайн хүнээс биеийн байдлыг асуухад дуугарахгүй байсан. Тэгээд би түргэн, цагдаад дуудлага өгсөн.Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй,  би жолооч биш. Явган зорчигч гарцгүй хэсгээр гарч явсан. Хохирогчид эмчилгээний зардлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замын ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг”, 3.1.11 дэх заалтад “явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг”, 3.1.4 дэх заалтад “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлэх ба зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “...Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгоно” гэж заасан байна.

Шүүгдэгч Ц.Х нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хууль журмын дагуу суралдаж аваагүй, тээврийн хэрэгсэл жолоодох шалгуур шаардлагыг хангаагүй байж Б.Шүрэнцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Баянхошууны хөтлийн уулзвар дээрх  туслах замаас  төв зам руу  нийлэхээр ертөнцийн зүгээр хойноос  баруун гар тийш  эргэх хөдөлгөөн хийхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах арга хэмжээ аваагүй нь осол гарах эрсдэл, нийгмийн аюулын шинжийг нэмэгдүүлж, осол гаргахад хүргэсэн шинжтэй байна.

Нөгөөтээгүүр хохирогч Д.Э нь тухайн үед 3.30 хувь бүхэл согтолттойгоор явган хүний гарцгүй газраар гарч явсан нь явган зорчигчийн үүргээ зөрчсөн, түүний  хайхрамжгүй байдал нь  энэхүү осол гарахад тодорхой хэмжээгээр  нөлөөлсөн байна.

Энэ байдлаас дүгнэвэл, хохирогч, шүүгдэгч нар нь хэн хэний үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн шинжтэй хэдий боловч эдгээр хүмүүсийн үйлдлүүдээс шүүгдэгч Ц.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүндрүүлэх шинжийг хангасан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.  

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт  тээврийн  хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг  өмчлөгч буюу  эзэмшигч  хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, тэрээр эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор баримтыг гаргаж өгөөгүй хэдий боловч 1.345.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Иргэний хариуцагч Б.Шүрэнцэцэг нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй шүүгдэгч Ц.Хд өөрөө шилжүүлэн өгч замын хөдөлгөөнд оролцуулсан, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаан бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул хохирогчид учирсан хохирол, хор уршгийг иргэний хариуцагч Б.Шүрэнцэцэг хариуцан арилгах үүрэгтэй байх боловч шүүгдэгч Ц.Х нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1.340.000 төгрөгийг хохирогчид төлсөн талаар мэдүүлсэн, хохирогчоос шүүхэд ирүүлсэн хүсэлтэд дээрх мөнгийг шүүгдэгчээс авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Х, иргэний хариуцагч Б.Шүрэнцэцэг нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан.

Хохирогч Д.Анх-Амар нь уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1.347.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх бөгөөд уг зардлыг шүүгдэгч Ц.Х нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлж барагдуулсан байх тул тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй болно.

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Хд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нь: “...Ц.Х нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нь: “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч Ц.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч Ц.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна хохирогч Д.Эт хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал (ажил хөдөлмөр эрхэлдэг, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй), дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлзсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 үгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Хд мэдэгдэж, шүүгдэгч Ц.Х нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтов.

 

Шүүгдэгч Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтож,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бүргэд овогт Цэрэнсүрэнгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Хд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Хд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн  үүргийг  биелүүлээгүй бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь  тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга  хэмжээг авсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ