Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 356

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р  багт оршин суух Х овогт Ц.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Д.Б-т холбогдох,

“300,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Д.Б нь 2018 оны 05 дугаар сард би хотод мөнгө төгрөггүй болчихлоо мөнгө шилжүүлээрэй би 5 хоногийн дотор буцаагаад шилжүүлнэ. 300,000 төгрөг хэрэгтэй байна гэхлээр нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Б-н өөрийнх нь хэлсний дагуу ... тоот дансанд Х банкны дансанд шилжүүлсэн юм. Тэр цагаас хойш хааяа нэг сануулдаг байсан өгчих нь шилжүүлчихнэ нь гээд өдийг хүрлээ. Миний хувьд өгсөн мөнгөндөө хүү тооцож гэрээ хийсэн зүйл байхгүй. Нэгэнт надаас шилжсэн 300,000 төгрөг ирэх найдлагагүй болсон тул хариуцагч Д.Б-с уг мөнгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Б шүүхээс нэг хүүхэн ярьж байна. Ямар дансанд мөнгийг шилжүүлэх юм бэ гээд 305,000 төгрөгийг миний данс болох  Х банк ХХК-ийн ... тоот дансанд нэхэмжилсэн мөнгийг шилжүүлсэн тул төлбөр төлөгдөж хохиролгүй болсон...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Д.Б-т холбогдуулан 300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

 Нэхэмжлэгч Ц.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 9,650 төгрөгийн 50 хувь болох 4,825 төгрөгийг хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчид төлсөн байх тул хуулийн дагуу 4,825 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Г-н нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгийг хариуцагч Д.Б нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 4,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-д олгосугай.

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                          Б.Н